Л.Оюун-Эрдэнэ сайд аа, “яагаад заавал ЖДҮ” гэж үү?

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны ТУЗ-ийнхөнтэй өнгөрөгч Баасан гаригт уулзаж, зээлийн төлөлт, чанаргүй зээлийн эзлэх хувь зэргийг яаралтай нэгтгэж, өнөөдөр буюу хоёрдугаар сарын 12-ны дотор танилцуулах үүрэг өгсөн тухай өчигдөр Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлжээ. “Тэгвэл ЖДҮ яах юм бэ?” гэсэн сэтгүүлчийн асуултад “Зөвхөн ЖДҮХС гэлтгүй бүх тусгай сангийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, зээлийн санхүүжилт дундаж давхаргад зориулагдах чиглэлд анхаарч ажиллаж байгаа” гэсэн байна. Тийм бол сайн л хэрэг. Гэхдээ яагаад заавал “ЖДҮ” гэж? Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ сайдад хариулья.

Гишүүдийн нэртэй нэг тэрбум

УИХ 2017 оны есдүгээр сарын 4-нд У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилжээ. Аравдугаар сарын 20-нд буюу 16 хоногийн дараа У.Хүрэлсүхийн танхим бүрдэж, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлсэн байна. Үүнээс хойш дөрөвхөн хоногийн дараа буюу 2017 оны аравдугаар сарын 24-нд УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Мэдээж энэ төслийг өмнөх Засгийн газар буюу Ж.Эрдэнэбатын Засгийн газраас өргөн барьсан байдаг.

Асуудлын гол нь уг төсөлд ХХААХҮ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтаж буй Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гийн санхүүжилтэд зориулж 72 тэрбум 550 сая төгрөгийг улс төсвөөс нэмж суулгах саналыг оруулж ирсэн юм байна. Төсөвт хугацаа дуусахаас хоёрхон сарын өмнө шүү дээ. Үүнийг сайн анзаараарай даа.

Харин УИХ-ын гишүүн Х.Баделхан, Б.Баттөмөр З.Нарантуяа, Д.Сумьяабазар, Д.Тогтохсүрэн нарын гишүүд “төсвийн урсгал зардлыг бууруулах” зорилгоор уг мөнгийг ХХААХҮ-ийн сайдын багцаас хасах санал гаргажээ, Байнгын хороон дээр.

Бүр их гайхашрулсан зүйл нь юу вэ гэвэл, тэр үед ажлаа аваад дөрөв хонож байсан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “ЖДҮ-ийг хөгжүүлэх гээд гишүүдийн нэр дээр тус бүр нэг, нэг тэрбум төгрөгийн зээл олгохоор тавьсан байна. Арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл авчихаад буцаагаад арилжааны банкуудад зээл өгөөд, түүгээрээ жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд мөнгө өгнө гэдэг өөрөө зарчмын хувьд буруу.

Хоёрдугаарт, бид төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх чиглэлээр нэг удаа 300 мянган төгрөгийн нөхөн олговор олгоход нийт 55 тэрбум төгрөгийн зайлшгүй эх үүсвэр хэрэгтэй байгаа. Тиймээс гишүүдийн нэг, нэг тэрбум төгрөг буюу ЖДҮХС-гийн санхүүжилтийг хасаад төрийн албан хаагчдынхаа цалинг нэмээд явах боломж байна” гэж ярьсан байна.

Ингээд мэдээж бөөн маргаан дэгдсэн. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Юун гишүүдийн нэг тэрбум бэ? Ямар завхарсан юм яриад байна?” хэмээн цочиж, Д.Оюунхорол гишүүн “Ч.Хүрэлбаатар гишүүн буруу мэдээлэл өгч байна. ЖДҮХС-гийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь ажлын байрыг нэмэгдүүлэх ач холбогдолтой, УИХ-ын гишүүн бүрт хамаатай асуудал. Энэ бол гишүүдийн мөнгө биш, төсвийг хасч болохгүй” хэмээн зүтгэж.

Тэгээд Н.Амарзаяа гишүүн Сангийн сайд асан Б.Чойжилсүрэнгээс асуусан байдаг юм. Өмнөх Засгийн газрын оруулж ирсэн төсөл учраас гишүүдийн мөнгө үү, ЖДҮ-ийг дэмжих мөнгө үү гэдгийг хариулна уу? гэж.

Б.Чойжилсүрэн гишүүн мэдээж “2016 оны УИХ-ын сонгуульд ч, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлнэ, 21:100 хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэг заалт суусан. ЖДҮХС-гийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх үүднээс энэ мөнгийг суулгасан. Түүнээс биш гишүүдэд хуваарилсан мөнгө биш. Ч.Хүрэлбаатар гишүүн андуурч яриад байна. Андуу ташаа мэдээлэл өгөөд байна” гэж.  Тэгэхэд нь Ч.Хүрэлбаатар сайд “Би буруу, худлаа мэдээлэл өгөөгүй. УИХ-ын хариуцлагатай микрофоныг ашиглаж худлаа мэдээлэл өгч байгаагүй. Ийм зүйл болсон. ЖДҮХС-гийн зээл гэж байгаа нь, гишүүдийн нэртэй нь үнэн. Бид үүнийг засах ёстой” гэснээр маргаан дуусч, ЖДҮХС-д хуваарилсан 72,550 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хасах санал байнгын хороогоор дэмжигдсэн байдаг.

Гэсэн ч ЖДҮХС-гийн зээлийн хэмжээ 2017 онд 51 тэрбум, 2018 онд 90 тэрбум төгрөг болж өссөн (2015-2016 онд 12-16 тэрбум төгрөг байсан) гарчээ. Б.Сэргэлэн сайдын үед ЖДҮХС-гийн зээлийн журамд өөрчлөлт оруулж, өмнөх жил төсөл нь шалгараад санжүүжилтээ хүлээж байсан 300 гаруй аж ахуйн нэгжийг жагсаалтаас хасч, өөрсдийн хамаарал бүхий компанидаа өгөөд явсан байдаг. Харин Б.Батзориг нь банкаар дамжуулдаг, банкны шаардлага хангаж байж авдаг зээлийг сангаас шууд санхүүжүүлдэг болгоод, хулгайгаа улам бүр “төгсрүүлээд” явсан л даа.

Нэг тэрбум төгрөг яагаад 950 сая болсон бэ?

Ямар ч байсан УИХ-ын гишүүдэд ЖДҮХС-гаар дамжуулан нэг, нэг тэрбумын зээлийг нэн хөнгөлөлттэй нөхцлөөр өгөх шийдвэр улс төрийн түвшинд гарсан байсан гэдэг нь тодорхой боллоо. Харин гишүүдийн нэг тэрбум яагаад 950 сая болсон бэ?

Уг нь тухайн үед Сангийн яамны эрх бүхий албан тушаалтан ЖДҮХС-гийн нөхөд дээр ирээд “Сангийн санхүүжилтэд 67 тэрбум төгрөг тавьсан байгаа. 65 тэрбумыг гишүүн тус бүрт өгөх юм аа. Хоёр тэрбумыг нь та нар өөрсдөө хуваагаад зарцуулаарай” гэсэн юмсанж. Гэтэл сангийн нөхөд “Гишүүд яахаараа нэг тэрбумыг авдаг, бид яахаараа хоёрхон тэрбумыг хуваадаг юм бэ” гэж. Тэгээд гишүүн тус бүрээс 50 саяыг хасахаар нийт 3,25 тэрбум, өмнөх хоёр тэрбумтайгаа нийлээд 5,25 тэрбум төгрөг сангийнханд оногдохоор болсон байна. Энэ мөнгийг захиран зарцуулсан нөхөд одоо хорих 461-р ангид сууж байгаа хэрэг. Харин гишүүд “бүрэн эрхээ” яриад наранд явж байна л даа.

Гэвч сангийн мөнгийг хуваарилахаас өмнө МАН-ын бүлэг дотроо хоёр хуваагдсан учраас зарим нь 700 сая, зарим нь 1,2 тэрбум, зарим нь бүр хоёр удаа зээл авсан явдал ч гарсан юмсанж. ЖДҮ-гийн мөнгө Засгийн газрыг хамгаалсны төлбөр шүү гээд байдаг нь ийм учиртай.

Л.Оюун-Эрдэнэ сайдын хэлсэнчлэн, хүсч байгаачлан ЖДҮ гэлтгүй Засгийн газрын бүх тусгай санг шалгаж болно л доо. “Хошууны бузрыг ухвал далай, далай” гэгчээр тэгвэл энэ Засгийн газрын үед лав дуусахгүй. Бүгдийг нь шалгана аа л гэвэл нэгийг нь ч шалгахгүй ээ л гэсэн үг шүү. ЖДҮ-гээ эхлээд шалгуулчихаач ээ гээд байдаг нь ийм учиртай.  

Б.Сэмүүн

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen