ЭНХ ЦАГТ ХОЁР ЦЭРЭГ ҮРЭГДЛЭЭ, Н.ЭНХБОЛД САЙДАА ТА ОГЦРОХ ЁСТОЙ ШҮҮ
Эр цэргийн албанд мордсон ээж аавын хөвгүүд эндэж, эрэмдэг зэрэмдэг болох харамсалтай тохиолдол гарсаар байна. Дайн дажингүй амар тайван, энх цагт эр цэргүүд нь амиа алдана гэдэг үнэхээр харамсалтай эмгэнэлтэй юм.
Өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд хоёр цэрэг амиа алдлаа. Тодруулбал, Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 336 дугаар ангид алба хааж байсан цэрэг гадны нөлөөтэй амиа алдсан байж магадгүй.
Ангийн ахлагчдадаа зодуулсны улмаас амиа алдсан байж болзошгүй энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт мөн баруун хязгаарт алба хааж байсан цэрэг хилийн харуулаасаа яваад Тува улсын нутаг дэвсгэрт амиа алдсан байдалтай олдов.
Тодруулбал, Завхан аймгийн Асгат сумаас өнгөрсөн намар цэргийн албанд татагдсан хүү В нь хилийн харуул дээрээ үүрэг гүйцэтгэж байгаад морио унаж ор сураггүй алга болсон хэрэг гарсан. Түүнийг хил давж явсан гэдгийг тогтоосон байдаг бөгөөд энэ сарын 01-ний өдөр Тувагийн нутаг дэвсгэрээс нас барсан байдалтай байхыг нь олжээ.
Энэхүү харамсалтай хэргийг Тувагийн цагдаагийн газраас шалгах юм байна.
Цэрэг яагаад оргов. Эсвэл зэвсэглэж аваад зугтаасан уу, айлын мал тууж яваад төөрсөн үү гэдгийг шалгаж, эцэслэн тогтооно.
Хүүгээ алдсан ар гэрийнхэн нь “Миний хүү хэзээ ч тийм буруу бусармаг зүйл хийх хүүхэд биш. Хүнд туслах гэж яваад төөрсөн болов уу. Эсвэл цэргийн ангид нь дарамт шахалт байгаад зугтаасан юм болов уу” хэмээн халаглаж, харуусаж байна. Аргагүй шүү дээ, хайртай хүүгээ эр цэргийн албанд мордуулсан болохоос эндүүлэх гэж явуулаагүй юм.
Ийм харамсалтай, хариуцлагагүй үйлдэлд салбарын сайд нь хариуцлага хүлээлгээд огцрох ёстой.
Хэдэн цэргээр туг тахиж байж, та албанаасаа буух ёстой юм бэ. Огцрох хангалттай нөхцөл, баримт бүрдчихсэн байна.
Салбараа сайн удирдаж, зангидаж авч яваагүй, цэргийн ангийн удирдлагууддаа сайн захирч чадахгүйгээс болж өнөөдөр эх орныхоо дуудлагаар, эр цэргийн албанд мордсон ээж аавын хөвгүүд амиа алдах ёстой гэж үү.
Энх цагт хоёр цэрэг үрэгдлээ, Н.Энхболд сайдаа та өөрийн ухамсараараа сайдын суудлаасаа бууж хариуцлага хүлээлгээрэй.
О.Гэрэлт
Оллоо.mn