“Шинэ сар” хүсэл биелүүлдэг үү?

Өнөөдөр Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 2-ны өдөр. Монголчууд шинийн хоёрны сарыг “Өлөн сар”, “Туранхай сар” хэмээн цээрлэж ирсэн ард түмэн гэсэн тайлбарыг зарим хүмүүс хэлдэг. Харин одоо цагт хоёрны саранд хүслээ шивнэж, хэтэвчээрээ даллавал сар томрохын хэрээр эд баялаг арвидаж, хүсэл бүхэн биелдэг хэмээн үзэх болжээ. Гэвч энэ бэлгэшээл хаанаас бий болсон нь тодорхойгүй ч ийм жаяг хэдийнэ тогтсон.

Урьд нь шинийн хоёронд айл хэсэх, замд гарахыг хүртэл цээрлэдэг байв. Учир нь шинийн хоёрны сарыг муу энергитэй хэмээдэг байжээ. Тиймээс ч Монголчууд харагдаад л өнгөрдөг, өлөн сар хэмээн цээрэлсээр ирсэн гэдэг. Үүнийг бас манжийнхны Монголчуудыг мунхруулсан мунхруулга гэж тайлбарлах нь бий.

Хавирган сар нь Түрэг угсаатны шүтдэг сар байсан гэх. Монголчуудыг Түрэг угсаатай гэж харуулах гэсэн саяхан бий болсон мунхрал хэмээн үзэж шүүмжлэх хүмүүс цөөнгүй байдаг. Үзэгдээд өнгөрдөг хавирган сарыг бүү хэл, үзэгдээд өнгөрөх одыг хүртэл “түй” хэмээн цээрлэдэг шүү гэж тэд бусдадаа сануулдаг байна.

Гэтэл нөгөө талаас бас нэгэн тайлбар байна. Хоёрны шөнө гарах сарыг алдалгүй олж харж, хүслээ шивнэхийг эрхэмлэдэг хүн олон. Монголчууд, тэр тусмаа эмээ өвөө, ахрмадууд Шинийн хоёрны сарыг олж харах нь тэр жилдээ олз омог ихтэй явна гэлцдэг байна. Тиймээс хормын дотор гараад өнгөрдөг тахир сарыг олж харвал заавал хүслээ шивнэдэг гэх юм. Гэхдээ ингэж шивнэх нь тодорхой зан үйл, хэлдэг үгтэй юм гэнэ. Жишээ нь, түрийвчээ барьж хоёрны саранд даллахдаа “Сар чи үзэсгэлэнтэй болог, харин миний хэтэвч зузаарах болтугай” гэх мэтээр шившдэг байна. Шинэ сарыг мөнгө дуудахад хэрхэн ашиглах, сарны тэмдэглэл хийх, аяга усаар шившлэг хийх, шинэ сарыг хайр сэтгэлийн туслахаа болгох гэх мэт янз бүрийн аргууд байдаг юм байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen