БНХАУ-ын эдийн засгийн өсөлт буурсаар байна
БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбарын гол хэмжүүр арванхоёрдугаар сар хүртэлх 4 сарын хугацаанд дараалан буурсан үзүүлэлттэй гарчээ.
Өнгөрсөн даваа гарагт БНХАУ-ын Үндэсний статистикийн товчооны гаргасан тайлангаас харвал худалдан авалтын индекс /PMI/ буурч, 49.4 нэгжид хүрчээ. Худалдан авалтын индекс 50-иас доогуур гарсан нь өсөлт гараагүй харин буурсан гэдгийг илтгэдэг байна.
12 дугаар сарын үзүүлэлтийг 11 дүгээр сарынхтай харьцуулахад 0.6 нэгжээр буурсан үзүүлэлт ажээ. Үүний зэрэгцээ гадаадын захиалга 46.6-д хүрч буурснаар ийм төрлийн захиалга 7 сар дараалан буурсан үзүүлэлт болсон байна.
Үүний зэрэгцээ БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр нь болсон дэд бүтцийн салбар дахь хөрөнгө оруулалт зогсонги байдалд оржээ. Энэ онд шинэ автомашины борлуулалт өнгөрсөн оныхоос буурна гэж таамаглаж байна. Энэ нь сүүлийн 28 жилийн хугацаанд тохиож байгаагүй он дамнан буурсан үзүүлэлт болох юм.
АНУ-тай үүсээд буй худалдааны маргааны улмаас БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбарын эдийн засгийн төлөв хүндхэн байгааг дээрх үзүүлэлтүүд харуулж байна.