ДАШБАЛБАРТ ХУРААГДСАН 150ТОНН ЖОНШИЙГ ХЭН ХУЛГАЙЛАВ ?

Авлигатай тэмцэх газар, Азийн сан хамтран “Шударга бус байдлын үнэлгээний судалгаа”-г гурав дахь жилдээ хийжээ. Судалгаанд нийслэл болон хөдөө орон нутаг дахь төрийн байгууллагууд бүгд оролцсоноос төрийн байгууллагуудын шударга байдал хөдөө орон нутагт их алдагдсан, төсвийн зарцуулалт хамгийн их хэтэрч, хууль бусаар төсвийг захиран зарцуулж байна гэсэн дүгнэлт гарсан байна.

Хөдөө орон нутаг дахь төрийн байгууллагуудад шударга байдал алдагдаж, авлига хамгийн их байгаагийн нэг жишээ нь Дорнод аймгийн Дашбалбар сум гэдгийг сумын иргэд онцолж  байна. Учир нь тус сумын Засаг дарга Б.Баттулгатай холбоотой гомдол иргэдээс цөөнгүй ирж аймгийн Засаг даргыг Тамгын газраас шалгалт хийхэд санхүүгийн багагүй зөрчил илэрсэн аж.

Тодруулбал, Дорнод аймгийн Дашбалбар сум нь уран, жонш, хар төмөр зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн ихтэй. Тус сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрээс хууль бусаар 150 тонн жонш олборлосныг сумын Засаг даргын орлогч н.Ганцогт, газрын даамал н.Ганзориг, байгаль орчны улсын байцаагч н.Билгүүн нар хураан авч, зургаар баталгаажуулжээ. Гэвч, хураагдсан энэ жонш нэг өдөр “алга болсон”, үүнийг хил давуулан экспортлоход сумын Засаг дарга Б.Баттулга оролцсон гэж сумын иргэд болон Иргэдийн хурлын зарим төлөөлөгчид хардаж байна. Энэ асуудлаар тус сумын Иргэдийн хурлын төлөөлөгч, МАН-ын гишүүн Н.Ёндонжамц, З.Зоригтбаатар нар Засаг даргаас “хураагдсан жоншийг хэн хулгайлсан”-ыг асуухад тодорхой хариулт өгөлгүй, “Би ганцаараа идээгүй” хэмээн хэдэрлэсэн байна. Тэгэхээр эндээс түүнийг хэн нэгэн дарамтлав уу, эсвэл тэр хэн нэгэнтэй хамтарч хураагдсан жоншийг зарав уу гэсэн асуулт тавигдахад хүрч байгаа юм.

Түүний хууль бусаар олборлосон гэх хураагдсан жоншийг албан тушаалаа урвуулан ашиглаж “алга болгосон” гэх асуудлыг шалгуулахаар иргэд хууль, цагдаагийнханд ханджээ. Харамсалтай нь, хууль хүчнийхэн энэ асуудлыг шалгахад хойрго хандаж байгаа нь цаанаа ямар нэгэн эрх ашгийг зөрчилтэй байж магадгүй гэсэн хардлага ч Дашбалбар сумынханд байгаа бололтой.

Дашрамд дурдахад, АТГ-ийн хийсэн судалгаанд төрийн байгууллагуудад ил тод байдал муу, авлигатай тэмцэх удирдлагын хүсэл эрмэлзэл тааруухан байгааг дотроо ажиллаж буй ажилчид нь өөрсдөө хэлж буй дурдсан байгаа. Тэгэхээр хөдөө орон нутагт төрийн байгууллага шударга ажиллахад АТГ-ын оролцоо чухал байгааг тус сумын иргэд хэлж байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen