Сайхан мэдээ: Монгол охин Геннисийн номонд бичигдэхээр боллоо
БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонг Конгд 27 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн Пүрэв гарагт эхэлсэн ба 21 орны 260 гаруй тамирчид 3 өдрийн турш оюуны гал гарсан өрсөлдөөнийг үзүүлж шилдгүүдээ тодрууллаа. Манай улсыг төлөөлөн 22 тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт амжилттай оролцон 60 медалиас 4 алт, 3 мөнгө, 11 хүрэл буюу нийт 18 медаль хүртэж багийн нийлбэр дүнгээр (19401 оноо) БНХАУ болон БНАСАУ-ын дараа III байрт орлоо.
Ганцаарчилсан төрөлд тэмцээний 10 төрлийн дараах дүнгээр БНХАУ-ын өсвөрийн тамирчин Wei Qinru 7947 оноогоор 2018 оны Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо. Монголын Оюун Ухааны Академи, Ажнай корпорацийн тамирчин, ОУ-ын Их Мастер, 2017 оны Өсвөрийн дэлхийн аварга Э.Лхагвадулам 10 төрлийн дараах нийлбэр оноогоор 2018 оны Өсвөрийн дэд аварга болсноос гадна тэмцээний "Хоёртын тоолол" төрөлд 30 минутад 5597 цифр цээжлэн алдаагүй санаснаар ОУ-ын Их Мастер Н.Энхшүрийн (5445 цифр) эзэмшиж байсан дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож 2018 оны Геннисийн номонд бичигдэхээр боллоо.
Мөн Ой тогтоолтын спортын Их Мастер (Grand Master)-ийн болзлыг Б.Лхагвадорж, М.Уянга, Олон Улсын Мастер (International Master)-ийн болзлыг Г.Мянганбаяр, У.Солонго, А.Одмаа, Т.Тэнүүн, Э.Мишээл, Г.Солонго, Т.Үжин нар тус тус хангаж Дэлхийн холбооны шинэхэн мастерууд болжээ.