Хөшөөтэй зарласан "дайн"

 

 Хөшөөтэй зарласан "дайн"

21 дүгээр зууны монголчууд, да ялангуяа дарга нар, тэр дундаа хотын дарга нар хөшөөтэй "дайн” зарладаг боллоо. Харсан, үзсэн хөшөөгөө хажигладаг хөгийн хийгээд хогийн явдлууд сүүлийн жилүүдэд хүчээ аваад байна. "Хурал болно, хөшөө ярина” гэдэг шоглол ч олны дунд гараад авлаа.

 

Эндээс хамгийн эмгэнэлтэй нь нам засгийн үзэл суртлаар урьд үеийн хөшөө дурсгалыг үгүй хийх, харин хамгийн хохиролтой нь тэрхүү хөшөө дурсгалыг буулгахад хэдэн арван сая төгрөгийг улсын төсвөөс зарцуулж байгаа явдал юм. Та бод л доо. Эрдэнэт хотод л гэхэд цагтаа Монгол Улсын Ерөнхий сайд явсан А.Амарын хөшөөг буулгахад зориулж 80 сая төгрөг зарцуулсан байх. Бас нэг жишээ, Хилчин баатар С.Лхагвадоржийн хөшөө Булган аймгийн төв талбайд өнгөрсөн зууны дунд үеэс хойш "чимэг” болон нэлээд оныг элээжээ. Уг талбайг С.Лхагвадоржийн талбай хэмээн албан ёсоор нэрлэж байж. Гэтэл нэг л өдөр нэг их ухаантай хүн С.Лхагвадоржийн талбайг анхдагчдын талбай болгоё, С.Лхагвадоржийн хөшөөг нүүлгэж оронд нь Цогт тайжийн хөшөө барих хэрэгтэй гэсэн "мэргэн” санааг гаргажээ.

 

Аймгийн ИТХ-ынхан ч уухайн тас дэмжиж, санал нэгтэйгээр албан ёсоор баталж өгчээ. Ингээд л бөөн хөрөнгө мөнгө зарж Цогт тайжийн хөшөө барих, анхдагчдын талбай байгуулах бүтээн байгуулалт өрнөжээ. Хачирхалтай нь, Цогт тайжийн хөшөө барих гэтэл Цогт тайж нь ямархуу царай зүстэй хүн байсан юм, өндөр, нам, өргөн, бүдүүн нь хэр хэмжээтэй байсан юм бол гэдэг асуудал аяндаа урган гарч иржээ. Гэтэл тэр талаар мэддэг хүн нэг ч байсангүй, мөнөөх хэтэрхий мэргэн жараахай ч тэр талаар өчүүхэн төдий ойлголттой байсангүй.

 

Арга ядахдаа хөшөө урлаач нь өдөржин Булганы төвөөр алхаж, Булганы залуучуудын нийтлэг царай төрхийг санаандаа тогтоож авч байгаад Цогт тайжийн хөшөөг урлан бүтээжээ. Энэ тухайгаа ч мань эр Цогт тайжийн хөшөөний нээлтэн дээр хэлсэн байдаг. Ингээд л Булганы төвд Цогт тайжийн хөшөө нэртэй Булганы залуучуудын нийтлэг царайг илтгэсэн хөшөө боссон хөгийн "инээдэмт-түүх” хуудсаа нээжээ.

Харин Цогт тайжийн хөшөө барихтай холбогдуулан С.Лхагвадорж баатрын хөшөөг яах вэ гэдэг асуудал урган гарч иржээ. Улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө тэмцэж явсан дайчин эрийн хөшөөг нэг л өдөр хогийн цэг дээр аваачаад хаяна гэдэг нэгдүгээрт зохимжгүй, хоёрдугаарт олон нийтийн зүгээс хэл ам гарах нь мадаггүй тул эрхтэн дархтанууд нь хэсэгтээ толгойгоо гашилгаж байгаад Булганы Тэшиг суманд байх хилийн цэргийнхэнд өгч санаа нь амарчээ. Хэрвээ хилийн цэргүүд хилчин баатрынхаа хөшөөг тал татаж аваагүй бол С.Лхагвадорж баатрын хөшөө хогийн цэг дээр хаягдах нь гарцаагүй байсан аж. Энэ бүхний үр дүнд юу болсон бэ хэмээвээс нэг морьтой монголын хөшөө, нөгөө морьтой монголын хөшөө болон солигдож л хоцорчээ. Ялгаа нь гэвэл хөөгдөж буулгагдсан хөшөө нь бодит эх дүртэй, шинээр баригддаг нь бодит бус санаан зоргоор зохиогдсон дүртэй хөшөө болж таарч байгаа юм. Хамгийн гол нь хөшөөг хөшөөгөөр солиод Булган аймагт хөгжил дэвшил бий болсон явдал л лав байхгүй. Цогт тайжийн хөшөөтэй болчихлоо гэж Булганчууд омогшин, хийморь цог нь бадраад байгаа зүйл л лав байхгүй. Хий дэмий л баахан хөрөнгө мөнгө үрсэн явдал болсон билээ. Энэ мэтчилэн хөшөө нүүлгэх хөгийн явдал цаашаа эрчимтэй үргэлжилсээр. Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг нүүлгэж, Лениний хөшөө байсан газар авчрах санал санаачлагыг зарим нэг нэр нөлөө бүхий хүмүүс гаргалаа. Цагтаа бараг амьд бурхан гэж хүндэтгэдэг байсан Ленин багшийнхаа хөшөөг хогийн цэг дээр хаяж, харин оронд нь их зохиолчийн хөшөөг сүндэрлүүлэх нь тэр. Мэдээж Д.Нацагдоржийнхоо баримлыг хүндэлж дээдлэлгүй л яахав. Тэглээ гээд заавал нэгийг нь буулгаж, нөгөөг нь барих хэрэг ч байсан ч юм уу, үгүй ч юм уу.

 

Угаасаа Д.Нацагдоржийн хөшөө байхгүй байсан бол яая гэхэв. Гэтэл түүний хөшөө байж л байсан. Тийм байтал ийм ажил хийж байгаа нь хачирхалтай. Хамгийн гол нь үүнд 78 сая төгрөг зарцуулсан байх юм. Улсын төсвөөс үргүй зардал гаргаж байгаагийн тод жишээ энэ биш гэж үү. Нэг хүний хөшөөгөөр нөгөө хүний хөшөөг солилоо гээд нийслэлийн хөгжилд нэмэр болсон юм үзээд өгье гэсэн ч үнэхээр алга. Магадгүй зарим нэг нь ач холбогдлыг олон талаас нь тайлбарлаж мэдэх ч ард түмний амьдралд тэр нь падгүй шүү дээ. Хөөрхий хөшөөний нүүдэл суудал үүгээр дууссангүй. Сүхбаатарын талбайг Чингисийн талбай гэж нэрлэснээс хойш Д.Сүхбаатарын хөшөөг ч нүүлгэх тухай хотын удирдлагууд ярьж байв.


 Ийнхүү нийслэлийн удирдлагууд хөшөөтэй зарласан "дайн”- аа хүчтэй өрнүүлж байна. Хөшөөг нүүлгэн шилжүүлэх тухайгай боловсон нэршилд оруулж "Улаанбаатар хотыг 2020 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны чиг хандлагыг тодорхойлох баримт бичгийн дагуу” гэсэн сэтэр зүүлгэх нь бүр хөгийн . Энэ баримт бичгийн хүрээнд, Жуулчны гудамжинд байрлах Унагатай гүү, Сарлагтай хүү, зэс хөөмөл баримлуудыг Соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу Чингэлтэй дүүргийн Самбуугийн гудамжны төгсгөл Гэсэр сүмийн уулзварт байрлуулахаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлаас шийдвэрлэж байсан. Түүнчлэн Бээжингийн гудамжийг тохижуулахад Ж.Лхагвасүрэн жанжны хөшөө саад болж байгаа тул түүний хөшөөг баруун тийш нь нүүлгэн шилжүүлэх шаардлага гарчээ. Гэх мэтчилэнгээр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3, 4 дүгээр хорооллын эхлэл Л.Энэбишийн өргөн чөлөө, Ахуйн үйлчилгээний авто замын уулзварыг өргөтгөн шинэчилнэ. Тиймээс Л.Энэбиш агсаны хөшөөг хуучин сууринаас нь зүүн урагш 10 метр орчим шилжүүлэн цогцолбор байдлаар байршуулахаар болсон байна. Энэ мэтээр  өнгөрсөн жилүүдэд цөөнгүй хөшөөтэй нэлээн ширүүхэн "үзэлцэв”. 

Хөшөөтэй "дайн” зарлах хэнд ашигтай вэ

Мэдээж аливаа дайн ашиг сонирхлын дор л өрнөдөг. Түүний хуулиар энэ олон хөшөөтэй ингэж тэмцэлдэх нь хэн нэгэнд ашигтай нь лавтай. Ач холбогдлыг нь ард иргэдийн сайн сайхны төлөө гэж санаачлагчид нь тайлбарлаж байгаа ч начир дээрээ үнэхээр тийм гэж үү. Ер нь ингэхэд хөшөө нүүлгэхийн ач холбогдол юунд байдаг юм бол. Би хувьдаа таван цаас хийгээд бусад ашиг хонжоо хайгчдын бусармаг үйлдэл гэж ойлгоод, хардаад байгаа. Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг нүүлгэлээ гэхэд хөшөө байсан алга дарам газарт нь хэн нэгэн өндөр шилэн харш дүнхийлгэн босгох магадлал туйлын өндөр юм. Түүнээс биш Д.Нацагдоржийн хөшөөг байгаа газарт нь улам сайхан болгож, засч сэргээхэд болохгүй газар байхгүй шүү дээ. Нүүдэл, суудал хийхээс л бага зардал гарах байх. Хар ухаанаар бодсон ч тийм биз дээ. Иймээс л энд хэн нэгэн эрх мэдэлтний ашиг сонирхол нуугдаад байгаа юм.

Мунхагийн дотор цэлмэг

Хөшөөний тухай дээр өгүүлснийх энэ талаарх мэдээллийг уншигчдадаа хүргэе. Эх сурвалжид хөшөөний, Монгол оронд хөшөөний хөгжил хэрхэн өрнөж байгааг ийн тэмдэглэжээ. Эрт цагийн хүмүүс улс, үндэстнийхээ түүхэн үйл явдал хийгээд баатарлаг дайчин хүмүүсийнхээ гавьяа, алдрыг мөнхөд дуурсган үлдээхийн тулд гэрэлт хөшөө босгох хийгээд булш бунханд нь яруу алдрыг нь магтан дуулж, сийлэн бичиглэн үлдээх зэрэг үйлүүдийг хийж ирсэн байдаг. Энэ нь эртний түүхт Мисир, майачуудын соёл иргэншлийн үед ихээхэн хөгжсөн хэмээн судар номын хуудаснаа тэмдэглэн үлджээ.

 

Монголчуудын түүхэнд ч хөшөө дурсгалын өв цөөнгүй бий аж. Хөх түрэгийн дайчны хөшөө, мэргэн Тоньюкукийн гэрэлт хөшөө, Билэг хааны гэрэлт хөшөө, Чингисийн чулууны бичиг, Мөнх хааны гэрэлт хөшөө гээд дурдаад байвал эртний хүмүүсийн итгэл сэтгэл шингэсэн чулуун урлалууд Монголд олон. Түүхэн талаасаа ч, урлал талаасаа ч тэр бүхэн ихээхэн үнэ цэнэтэй зүйлүүд юм. Харин 20 дугаар зуунд монголчууд нэлээд олон хөшөө урлан бүтээж, хүн олны урсгал тоссон суурин газруудын зай чөлөөнд сүндэрлэн босгожээ. Тэдгээр хөшөө дурсгалын дийлэнх нь 20 дугаар зууны Монгол орны тусгаар тогтнолын төлөө тэмцсэн, бүтээн байгуулалтад гавьяа зүтгэл гаргасан хүмүүсийн алдар сууг мандуулан дуурсгахад зориулан бүтээгджээ. Энэ бүхэн нь тухайн үедээ монголчуудын дэвшил, нүүдлийн амьдралаас суурин амьдралд шилжин буй хүмүүсийн ололт байсан хэмээн үзэхэд ер буруудахгүй аж.

 

Учир нь, хот хэмээгч бүхэл бүтэн цогц урлалын нэг өнгө, нэг чимэг бол хөшөө байдаг юм. Тиймээс хот байгуулан хөшөө сүндэрлүүлэх нь монголчуудын хувьд яав ч буруу зүйл байгаагүй. Гэхдээ соц нийгмийн үеийн хөшөөнүүдийг урлаг судлаачид хэтэрхий нийтлэг, сэтгэлгээний нэг загварчлалд орсон байдлаар бүтээгдсэн хэмээн шүүмжилдэг. Хөшөөний талаар судлаачид ингэж бичжээ. Харин өдгөө 20 дугаар зууны соц үед нэг сэтгэлгээнд баригдмал хөшөө барьж байсан гунигт түүхээс 21 дүгээр зууны хөшөө нүүлгэж байгаа бусармаг явдал бол монголчууд сэтгэлгээний хувьд өнгөрсөн зуунаасаа хавьгүй илүү доройтолд орж байгааг л харуулж байгаа гэдгийг судлаачид дуу нэгтэй хэлж байна. Уг нь орчин үед хөшөө босгоно гэдэг хүн төрөлхтний хувьд билэгдэл гэхээсээ илүүтэйгээр урлагийн гайхамшиг болон хувирчээ. Хүн гээч амьтны оюун санааны шавхагдашгүй чанар, чөлөөт сэтгэлгээ хөшөө бүтээн босгож буй үйл явдлууд дээр ч тод томруун харагдаж байна.

 

Хөшөө урлаачдын санаанд оромгүй модерн шийдлүүд урлаг, уран сайхны сэтгэлгээнд дэвшил болоод зогсохгүй хүний таашаалд ч хүртэл хөгжил авчирсаар байна. Гэтэл монголчууд бид хөшөө нүүлгээд л, түүнийгээ оюун санааны дэвшил, шинэчлэл гэж үзэн төөрөлдөөд л. Ёстой мунхгийн дотор цэлмэг гээч л болж байна даа. Одоо яахав, хөшөөгөө нүүлгээд л байхаас биш.

С.Баяр

Эх сурвалж: Breakingnews.mn


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen