Нэхэн санахуй: Ерөнхийлөгчөөр сонгогдвол би...
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд зураач, гавьяат тамирчин, Засгийн газрын гишүүн асан, АН-аас нэр дэвшин Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга ард түмний итгэлийг хүлээсэн тэр өдөр хэлж байсан үгийг нэхэн санацгаая. Ирэх жил Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай. Хэдийгээр үүний өмнө орон нутгийн сонгууль хэмээх томоохон үйл явдал биднийг хүлээж байгаа ч нам, эвслүүд ирэх жилийн сонгуульд ч одооноос давхар бэлтгэлээ базааж эхлэх сурагтай.
Сонирхуулахад, Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуульд "Хүчирхэг Монголын төлөө" мөрийн хөтөлбөртэйгээр нэр дэвшиж байжээ. Түүний мөрийн хөтөлбөрийг мөн нэхэн сануулъя:
ЭХ ОРОН, АРД ТҮМНИЙХЭЭ ЯЗГУУР ЭРХ АШГИЙГ ЭРХЭМЛЭН ХАМГААЛНА
Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутаг, хил хязгаарын бүрэн бүтэн, халдашгүй дархан байдал, ардчилал, эрх чөлөө, хүний эрх, шударга ёсыг дээдлэн үндэсний язгуур эрх ашгийг тууштай хамгаалан ажиллана.
ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЛИЙГ ЭРХЭМЛЭН БҮТЭЭНЭ
Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд төрт ёсны оршин тогтнолыг чандлан хамгаалж, талцал, хуваагдлын эсрэг эвлэрэн нягтарсан, хүчирхэгжин мандсан, эв нэгдэлтэй Монголын төлөө манлайлан ажиллана.
ШУДАРГА ЁСЫГ ТУУШТАЙ САХИУЛЖ, ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЭЛНЭ
Монгол Улсад хүний язгуур эрхийг дээдэлж, хэнийг ч үл ялгаварлан иргэнээ хамгаалсан хуулийн засаглал бүхий, хариуцлагатай, нээлттэй, илтод, тунгалаг төрийн үйлчилгээг төлөвшүүлэх зарчмыг баримтална. Хүний эрх, эрх чөлөө, баялаг бүтээгч иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, төрийн тогтвортой бодлогоор урамшуулан дэмжихийг эрмэлзэж ажиллана.
БОЛОВСРОЛ, СОЁЛ, УРЛАГ, ШИНЖЛЭХ УХААНЫГ ДЭМЖИХ БОДЛОГО БАРИМТАЛНА.
Монгол Улсын хөгжлийн тулгуур, эдийн засгийн өсөлтийн эх сурвалж нь эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, ажилтай “Монгол хүн” байна гэдэг зарчимд үндэслэн монгол хүний мэдлэг, ур чадварыг дэлхийн түвшинд хүргэхийг төрийн бодлогоор дэмжих чиглэлийг тууштай баримталж ажиллана.
ИРГЭДИЙНХЭЭ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛЖ, СПОРТЫГ ДЭМЖИНЭ
Монгол хүний эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг Монгол төрийн бодлогын үндсэн цөмд байлгах зарчим баримтална. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн хуулиар олгогдсон эрхийг баталгаажуулж, монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалах, эрүүл чийрэг бие бялдартай болгон хөгжүүлэх бодлогод онцгой анхаарч ажиллана.
МЭРГЭШСЭН ТӨРИЙН АЛБАТАЙ, ИРГЭДИЙН ТӨЛӨӨ НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИНЭ
Монгол төрийн албан хаагчдыг Монгол Улсын төрт ёсны уламжлалыг хадгалж, иргэн төвтэй нийгмийн тасралтгүй ажиллагааг ханган, бодлого боловсруулах, шийдвэр гаргах, хуулийн засаглалыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх үйлсээ бүтээлчээр гүйцэтгэж байх эрх зүйн болон соёл, ёс зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарна.
Батлан хамгаалах болон шүүх, прокурор, цагдаа зэрэг хүчний байгууллагад шударга ёсыг сахиулан ажиллагч иргэдийг монгол төрийн тусгаар тогтнолын тулгуур гэж үзэх бөгөөд төрийн нийт албан хаагчийн эрхийг хамгаалан ажиллахыг Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны нэг чиглэл болгоно.
ИРГЭДЭД ЧИГЛЭСЭН НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН БОДЛОГЫГ ДЭМЖИНЭ
Иргэдийнхээ нийгмийн хамгааллын баталгааг хангаж, эзнээ олсон халамжийн бодлого хэрэгжүүлэх зарчмыг баримтлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд халамж шаардлагатай иргэдийнхээ эрхийг хамгаалагч нийгэм дэх тэгш оролцоог дэмжигч байна.
ГЭР БҮЛ, АХМАД НАСТАН, ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХЭД ЗАЛУУСЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИНЭ
Үндэстэн оршин тогтнох эх сурвалж болсон айл өрхийн амьдралыг дэмжин, нийгэм, эдийн засгийн нэгдсэн зохицуулалтыг бий болгож, үндэсний хэмжээнд санаачилга дэвшүүлэн ажиллах нь Ерөнхийлөгчийн бодлогын цөм байна.
МАЛЧИД, ТАРИАЛАНЧДАА ДЭМЖИНЭ
Монгол үндэстний үе улиран уламжилж ирсэн нүүдлийн мал аж ахуйн сонгодог соёлыг тээгч малчин түмэн, эх орныхоо газрын шимээр хүн амынхаа хүнсний хэрэгцээг хангагч тариаланчдынхаа нийгмийн асуудалд онцгой анхаарч, тэдний эдийн засгийн өсөлтөд чиглэсэн санал санаачилгыг төрийн бодлогод тусган ажиллана.
ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛАХ, ХОТ БАЙГУУЛАХ, ОРОН НУТГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГЫГ ДЭМЖИНЭ
Улсын хөгжлийг орон нутгаас эхлүүлж, нутгийн өөрөө удирдах ёс, иргэдийн оролцоог дэмжих нь Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны үндсэн чиглэл байна.
Агаарын бохирдлыг бууруулах бодлого нь эн тэргүүний зорилт байна. Иргэдийн эрүүл, аюулгүй ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг газар зүйн байршлаас үл хамааран адил тэгш нөхцөлөөр хүргэх боломжийг хангах хот байгуулалт, орон нутгийн хөгжлийн бодлогыг дэмжиж ажиллана.
ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭЖ, АЖ ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Эдийн засгийнхаа бүтцийг шинэчлэн олон тулгууртай болгох бодлого хэрэгжүүлж, инновацид суурилсан аж үйлдвэрийг хөгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй болгон, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд тэргүүн зэргийн ач холбогдол өгч ажиллана. 2016 оны 2 сарын 5-ний өдөр УИХ-ын №19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хөтөлбөрийг дэмжин ажиллана.
ЭКОЛОГИЙН ТЭНЦВЭРИЙГ ХАНГАЖ, ГАЗАР НУТГАА ХАМГААЛНА
Монгол орныхоо байгалийн нөөц баялгийг зөв зохистой ашиглах, байгальд учруулж буй хүний болон аж үйлдвэрийн хор хөнөөл, хүлэмжийн хийн ялгарал, уур амьсгалын өөрчлөлтийг багасгах замаар экологийн тэнцвэрт байдлыг хадгалж, унаган байгалиа хойч үедээ өвлүүлэн үлдээхэд онцгой анхаарч ажиллана.
Бүс нутаг, дэлхий нийтэд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрт нэгдэж, тэдгээрийн үр шимийг хүртэгч орон байхыг эрмэлзэнэ.
ЭКСПОРТЫН ШИНЭ ЭРИНИЙГ ЭХЛҮҮЛСЭН, ЭРХ ТЭГШ ГАДААД ХАРИЛЦААГ ХӨГЖҮҮЛНЭ
Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн, хил хязгаарын халдашгүй дархан байдлыг сахин хамгаалж, Монголын ард түмний хийсэн ардчилсан сонголтыг улам баталгаажуулах, үндэснийхээ эрх ашгийг дээдэлсэн эрх тэгш хамтын ажиллагааг эрхэмлэх нь Ерөнхийлөгчийн гадаад бодлогын тэргүүлэх зарчим байна.
Эдийн засгийн хувьд бие даасан, хараат бус, эрчимтэй хөгжих таатай орчныг бүрдүүлж, бүс нутаг, олон улсын түвшинд харилцан ашигтай, үр өгөөжтэй хамтын ажиллагааг өргөжүүлэн, Монгол Улсад үйлдвэрлэсэн мэдлэг, үнэ цэнэ шингэсэн бүтээгдэхүүнийг экспортлох зах зээлийг тасралтгүй тэлэх нь Ерөнхийлөгчийн онцгой анхаарч ажиллах чиглэл байна.
Дэлхий даяар тархан суурьшсан Монгол туургатнууддаа хандан найрсаг, идэвхтэй бодлого явуулж, Монгол үндэстнийхээ түүх, өв соёл, бахархлыг олон улсад идэвхтэй сурталчлан түгээн дэлгэрүүлэх замаар гадаад харилцаанд зөөлөн хүчний дипломат бодлого явуулах тал дээр онцгой анхаарч ажиллана.
Энэхүү мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд болон түүний хийж хэрэгжүүлж буй ажилд ард иргэд хэдийнэ үнэлэлт дүгнэлтээ өгч эхэлсэн биз ээ.