Э.Доржрагчаа: Нойр булчирхайн өвчлөл архи болон буруу хооллолтоос болж үүсдэг

Э.Доржрагчаа: Нойр булчирхайн өвчлөл архи болон буруу хооллолтоос болж үүсдэг

 

Нойр булчирхайн үрэвслийн талаар “Монгол Хьюндай” эмнэлгийн дотрын их эмч Э.Доржрагчаатай ярилцлаа.

-Сүүлийн үед нойр булчирхайн үрэвслээр өвдөх тохиолдол нэмэгдэх болсон.  Юунаас болж нойр булчирхайн үрэвслээр өвдөөд байна вэ?

-Нойр булчирхайн үрэвслийг цочмог болон архаг гэсэн хоёр түвшинд хуваадаг. Энэ өвчнөөр өвдөж буй хүмүүсийн 80-90 хувь нь архаг өвчлөлөөр өвдөж, үлдсэн 10-20 хувь нь цочмог хэлбэрээр өвддөг. Архаг өвчлөл нь ихэвчлэн гэрийн нөхцөлд буюу өөрөөс шалтгаалан үүсдэг.  Тухайлбал, Өлөн удаан явж байгаад нэг дор хэт их хэмжээгээр идэх, байнгын гадуур хооллох буюу амтлагч ихтэй хоол хүнс хэрэглэх, архины хэт их хэрэглээ нь нойр булчирхайг үрэвсүүлэх хамгийн том шалтгаан болж байна.

-Нойр булчирхайн цочмог болон архаг үрэвсэл эдгэх боломжтой юу. Хэрэв өвдсөн бол юунд анхаарах вэ?

-Нойр булчирхайн архаг өвчлөл нь гэрийн нөхцөлд эмчлэгдэх боломжтой. Тодруулбал, архи уухгүй, хоол хүнсээ тохируулж хэрэглэснээр гэрийн нөхцөлд эмчилж болдог. Орчин үед нойр булчирхай өвдлөө л гэх юм бол пензиннорм мезинфорт, панкретин зэрэг эмүүдийг дур мэдэн хэрэглэсээр байдаг. Энэ нь маш буруу. Түүний оронд ферментийн дутагдалд орсон эсэхээ мэдэж эмчийн зөвлөгөөгөөр эм уугаарай гэж зөвлөмөөр байна. 

-Хэрэв дээр дурдсан гурван шалтгаангүй хэр нь нойр булчирхай нь өвддөг бол яах вэ? 

-Хэрвээ танд дээрх үндсэн гурван шалтгаан байхгүй байх юм бол заавал эм уух шаардлагагүй. Тогтмол цагт бага хэмжээгээр идэх нь хамгийн чухал. Мөн усны хэрэглээг маш сайн хангах ёстой.  Ус яагаад чухал вэ гэхээр кофен дээр ус хийхээр өнгө нь саармагждаг шүү дээ. Яг түүн шиг нойр булчирхайнаас их хэмжээгээр ялгарсан тэрхүү ферментийг усаар саармагжуулах боломжтой байдаг. Энэ нь энгийн боловч маш үр эмчилгээ. Ус уугаад шээгээд байна гэдэг нь эмчилгээний суурь болж өгдөг.

-Таны зөвлөгөөг дагаж гэрийн нөхцөлд эмчилгээ хийвэл хэдий хэр хугацааны дараагаас үр дүнгээ мэдрэх боломжтой вэ?

-Бүх эрхтэн систем нөхөн сэргээгдэх хугацаатай байдаг. Нойр булчирхайн хувьд шинэчлэгдэх хугацаа нь 12 долоо хоног буюу гурван сарын дотор бүх эд эс нь шинэчлэгдэж, шинэ эс ургадаг. Тэгэхээр архаг нойр булчирхайн үрэвслийн эмчилгээний үр дүн гурван сарын дараагаас мэдэгдэнэ гэсэн үг.  Хэрэв та архаг нойр булчирхайн үрэвсэлтэй бол насан туршдаа өвчтэй явна гэсэн үг биш.  Түүнийг үүсгэж буй шалтгаан нөхцөл нь арилахад бүрэн эдгэх боломжтой байдаг.

-Нойр булчирхайн үрэвсэл зөвхөн гадны шалтгаантай байдаг гэж ойлгож болох уу?

-Нойр булчирхайн асуудал зөвхөн гадны шалтгаантай байдаггүй. Нойр булчирхай нь бидний идэж уусан зүйлийг боловсруулдаг. Ялангуяа, өөх тос, сахрыг боловсруулж байдаг. Тэгвэл сэтгэлзүйн байдал бас нойр булчирхай өвдөхөд нөлөөлдөг. Тэгэхээр бид аливаа зүйлээс эерэг талыг нь харах, асуудлыг шүүж түүний араас хөөцөлдөхөөс илүү тайван байх нь чухал. Бүх зүйлд сэтгэлээ чилээж байдаг хүний нойр булчирхай өвдөх нь илүү байдаг.  Нэгэнт л архаг нойр булчирхайн үрэвслээр өвдсөн бол өдрийн дэглэмээ сайн барих, харах өнцгөө өөрчлөх нь чухал.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen