Чуулганыг АН хаяж, МАН өөрөө гацаалаа

Чуулганыг АН хаяж, МАН өөрөө гацаалаа

 

Чуулганыг АН хаясан нь улс төрийн тактик байсан ч, эрх баригч МАН өөрсдөө ирцээ бүрдүүлж чадалгүй чуулганыг гацаасан нь илүү ноцтой асуудал болов. УИХ-д олонхи болсон, 68 суудалтай нам дангаараа хуралдаанаа явуулах бүрэн боломжтой байсан ч гишүүд нь өөрсдөө танхимдаа ирээгүй нь зүгээр нэг сахилга батгүй байдал бус, харин дотоод фракцуудын зөрчил ил гарсны илрэл гэж харагдаж байна.

Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалангийн нөлөөллийн бүлэглэл Г.Занданшатар, Н.Учрал нарт улс төрийн тодорхой “дохио” өгч, “бидгүйгээр шийдвэр гаргах боломжгүй” гэдгийг сануулсан үйлдэл бололтой. Энэ нь парламент доторх эрх мэдлийн тэнцвэр алдагдаж, нэг нам дотроо хүртэл зөрчилдөөн гүнзгийрснийг илтгэж байна.

Харин ард иргэдийн хувьд харагдаж буй дүр зураг тун энгийн. УИХ хуралдаж чадсангүй, гишүүд үүргээ биелүүлсэнгүй, эрх баригчид хоорондоо тэмцэлдэж төрийн ажил гацлаа. Ийм нөхцөлд “парламентын дархлаа”, “төрийн тогтвортой байдал”, “институцийн хүндэтгэл” гэх ойлголтууд бодит агуулгаа алдаж, зөвхөн үг төдий үлдэж байна.

Төрийн ордны дотор фракцууд оноо авч, байр сууриа бэхжүүлэхийн төлөө тэмцэж байж болох ч, Төрийн ордны гадна парламентын нэр хүнд унаж, иргэдийн итгэл улам суларч байна. Эцэст нь хэлэхэд, АН-ын бойкот бол тооцоолсон улс төрийн алхам байсан бол МАН-ын ирцгүйдэл нь нам доторх задралын тод илрэл боллоо.

 

bolod.mn

Тойм

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen