Арьсан дээр амилсан урлаг

Шивээсний машины жигдхэн дуу тасралтгүй сонсогдож, бэхний өвөрмөц үнэр ханхалсан нам гүм орчинд “Мажик Инк” студийн ажил өрнөнө. Хаалга нээн орвол тав тухтай, цэвэр тохилог орчин угтаж, “Сайн байцгаана уу?” гэх мэндчилгээгээр үйлчлүүлэгчдийг хүлээн авна. Цааш ажиглавал ханын дагуу байрлуулсан төрөл бүрийн загвар, зураг нь артистуудын мэдрэмж, өнгө төрхийг илтгэж, урлагийн онцгой ертөнцөд хөл тавьсныг шууд мэдрүүлнэ.

 

Энэ удаа сэтгүүлч миний бие шивээс хийлгэхээр ирэхдээ тус студийн үүсгэн байгуулагч, шивээсчин Пүрэв-Очирын ажлын орчин, уран бүтээлийг нь ойроос сонирхож, анхны шивээсээ хийлгэхээр төлөвлөж буй хүмүүст мэргэжлийн артистын зөвлөгөөг хүргэхээр зорилоо.

Тэрээр үйлчлүүлэгчийнхээ арьсан дээр шинэ бүтээл эхлүүлэхийн өмнө багаж хэрэгслээ нягтлан бэлтгэж, суух суудал, гараа тавих тавиур зэргийг сайтар ариутган, хамгаалалтын материалаар бүрэн бүрж бэлтгэнэ. Үүний дараа шивээсний загварын сонголтыг ярилцаж, зургийн байршил, хэмжээ, утга санааг дахин нягтална. Шивээс бол хүний биед насан туршид үлдэх урлаг тул нэг ч жижиг алдаа гаргах эрхгүйг тэр онцолсон.

Пүрэв-Очир эхэндээ сонирхлоороо бие даан туршиж өөр дээрээ болон найз нөхөд дээрээ шивээс хийж эхэлжээ. Гэр бүлийнхэн нь хүртэл өөрсдийн бие дээр шивээс хийлгэн дэмжсэн нь түүний урам зоригийг улам бадраасан аж. Улмаар энэ сонирхол нь мэргэжлийн ажил болон хувирч, 21 насандаа “Мажик Инк” студиог үүсгэн байгуулж, тэр цагаас хойш тасралтгүй хөдөлмөрлөж, ур чадвараа ахиулсаар өдийг хүржээ.

Тус студи Пүрэв-Очироос гадна гурван артистын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Нэг зорилгын дор нэгдсэн тэд ур чадвараа тасралтгүй хөгжүүлж, ажлаа чин сэтгэлээсээ хийж, студиэ улам өргөжүүлэн, салбартаа нэрээ үлдээхийг зорьсон Z үеийн хичээнгүй, хөдөлмөрч төлөөлөл юм.

Иймдээ ч тэд дотооддоо тодорхой дүрэм журам тогтоон, түүнийгээ чанд мөрдөхийг эрхэмлэдэг. Тухайлбал, насанд хүрээгүй хүүхэд болон согтуу хүнд үйлчлэхгүй, шаардлагатай тохиолдолд эцэг эхийн зөвшөөрлийг заавал авах зарчим баримтална. Мөн өсвөр насныханд нүүр зэрэг ил харагдах хэсэгт шивээс хийхгүй, том хэмжээний шивээсээс татгалзах зэргээр хариуцлагатай, ёс зүйтэй үйлчилгээг эрхэм болгодог.

Нэгэн үед шивээсийг ойлгож, хүлээн авах хүн цөөн байсан бол өнөөдөр эцэг эхчүүд үүнийг урлаг хэмээн хүлээн зөвшөөрөх болжээ. Ээж, охин хамтдаа хос шивээс хийлгэх, аав нь хүүгээ дагуулан ирж сонирхлыг нь дэмжин зөвлөлдсөний үндсэн дээр шийдвэр гаргах зэрэг нь нийгмийн хандлага илүү нээлттэй болсны илрэл юм.

Тус студид өдөр бүр янз бүрийн нас, мэргэжилтэй хүмүүс үйлчлүүлнэ. Зарим нь амьдралынхаа онцгой мөчийг бие дээрээ мөнхлөхийг хүсдэг бол зарим нь урлагийн бүтээл бүтээлгэх зорилготой ирдэг. Хамгийн дурсамжтай үйлчлүүлэгч нь тэтгэвэртээ гарсны дараа хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр зорин ирсэн багш эмэгтэй байжээ.

Шивээс бүхэн өөр өөрийн оцлогтой зарим нь зүгээр л хэн нэгнийг даган дуурайсан үзэмж талаасаа байдаг бол, зарим нь хайртай дотны хүмүүсээ санан дурсаж хүндэтгэн шивээс хийлгэдэг бөгөөд түүний хувьд  бурхны оронд одсон найзынхаа гэгээн дурсгалд зориулан хийлгэжээ. Найз нь хөзөр тоглох дуртай байсан тул гил, цэцэг, дүүшиг, бундан дүрсийг шивүүлсэн бөгөөд “шивээс бол олон жилийн дурсамжийг хадгалдаг урлаг” хэмээн тайлбарласан.

Сэтгүүлч миний бие ч хамгийн нандин дурсамжаа мөнхлөхөөр шивээс хийлгэхдээ “сэтгэлд хүрэхүйц цэвэрхэн хийж чадах болов уу, дараа нь харамсах вий” гэсэн эргэлзээ, айдас тээж байлаа. Харин Пүрэв-Очир артистын зөвлөгөөг даган хэмжээ, байршлыг нь зөв сонгосноор эцсийн үр дүн хүлээлтээс давж, сэтгэлд бүрэн нийцсэн юм.

Тэрбээр “анх шивээс хийлгэсэн хүмүүс толины өмнө байн байн очиж хардаг” хэмээн ярьж байсныг тухайн үед нэг их ойшоож ойлгоогүй. Гэвч шивээс дуусмагц өөрийн эрхгүй толины зүг яаран очиж, дахин дахин харахыг хүсэх тэр мэдрэмжийг биеэрээ мэдэрсэн. Үнэхээр хараад ханашгүй, сэтгэлд ойрхон, онцгой мэдрэмж төрүүлсэн тэр мөч удаан хугацаанд мартагдахгүй үлдэх нь гарцаагүй санагдсан юм.

Шивээсээ хийлгэсний дараа Пүрэв-Очир болон түүний баг үйлчлүүлэгчдэд наалт нааж, учирч болох эрсдэл, халдвар, арчилгаа, тордлогын талаар нэг бүрчлэн зааварчилж, түрхэх тусгай тос гардуулсан юм. Ганцхан цагийн дотор шивээс хийлгээд гарсан ч, тухайн орчны зохион байгуулалт, дулаан, найрсаг уур амьсгал нь хүний сэтгэлд үлдэхүйц гайхалтай мэдрэмж төрүүлж байлаа.

Энд ирсэн хүн дахин очмоор санагдахуйц, сонирхолтой, тав тухтай орчныг тэд бүтээсэн нь уран бүтээлийн мэдрэмж  хязгааргүй гэдгийг тодорхой харуулж байна. Шивээс хийх үйл явц энд зөвхөн урлаг төдийгүй, хүний дурсамж, сэтгэлд эерэг энерги, онцгой туршлага үлдээдэг болох нь шууд мэдрэгдэхүйц.

Ийнхүү шивээсний машины жигдхэн чимээ тасралтгүй үргэлжилж, хүний хүсэл, дурсамж, утга учрыг шингээсэн шинэ бүтээл “Мажик Инк” студид ээлж дараалан мэндэлсээр. Энд ирсэн хүн бүр өөрийн гэсэн түүх, мэдрэмж, утга учрыг авчирч, түүнийг нь артистууд ур ухаан, сэтгэл шингээн арьсан дээр амилуулна.

Тэд өдөр бүр ажлаа тууштай, идэвхтэй хийж, ур чадвараа ахиулан, нэг нэгнийгээ дэмжин урагшилж буй нь энэ орчны уур амьсгалаас тодхон мэдрэгдэнэ. Хөдөлмөр, хандлага, сахилга бат гурвын нэгдэл болсон энэ хамт олон хүний амьдралын үнэ цэнтэй мөчүүдийг мөнхөлдөг онцгой үүргийг үүрч явна.

“Мажик Инк” студид төрж буй бүтээл бүр өөр өөрийн түүхтэй, харин тэр бүх түүхийг холбож байдаг зүйл нь  сэтгэл, ур чадвар, хариуцлагатай баг хамт олон юм.

 

Ч.Юмчирдулам

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen