Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?

Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?

 

Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орлоо. 2-4 сайдын суудал суларч магадгүй гэж яригдаж байсан ч энэ удаа хоёр сайд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байна. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар “Ямар нэгэн дарамт шахалтгүйгээр өргөдлөө өгч байна. Энэ нь Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааны төлөө юм” гэдэг үгийг тоть шиг давтсаар танхимаа орхив. Харин өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаан болон МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар дараагийн сайд нарын нэрс тодров.  Ерөнхий сайд Г.Занданшатар дараагийн Эрчим хүчний сайдад, УИХ-ын гишүүн Б.Найдалааг томилохоор нэр дэвшүүлсэн бол УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг Боловсролын сайдаар томилохоор болжээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт албан ёсны тайлбар өгсөн.

 

Тэрээр “Боловсролын сайдаар ГБХНХ-ын сайд асан Л.Энх-Амгаланг томилохоор Ерөнхий сайд шийдвэр гаргасан. Үргэлжлүүлэн Ерөнхийлөгч болоод УИХ-д танилцуулан, хэлэлцүүлнэ. Харин Эрчим хүчний сайдаар ХҮН намын гишүүн Б.Найдалааг томилох шийдвэр гаргалаа” гэв. 

 

Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг УИХ-д танилцуулдаг. Ийнхүү маргааш УИХ-ын чуулганд сайд нарыг танилцуулснаар тангараг өргөж үүрэгт ажилдаа орно. ХҮН намын квотоор сайд болж байгаа УИХ-ын гишүүн, Б.Найдалаа анх удаагаа Засгийн газрын гишүүнээр ажиллана. Түүнийг эрчим хүчний салбарт нэлээд амбийцтай гэдэг. Түүнийгээ ч илэрхийлдэг нэгэн.

 

Б.Найдалаа “Эрчим хүчний реформ хийнэ гэдэг нь зөвхөн үнэ тарифын асуудал биш, эрчим хүчний салбарын засаглал, үр ашгийг сайжруулах, хувийн хэвшлийг татан оруулах, ногоон болон сэргээгдэх эрчим хүчинд гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, энэ бүгдийн суурь болсон эрчим хүчний эрх зүйн шинэчлэлийг цаг алдахгүй хийх зэрэгт анхаарах ёстой.

 

Эрчим хүчний реформ хийхэд ХҮН нам манлайлж ажиллана” хэмээн хэвлэлд ярьж байв. Б.Найдалаа нь Увсын гаралтай, Улаанбаатар хотод төрж өссөн. 23-р сургууль, СЭЗДС, Японы Кобэ их сургуулийг төгссөн. Санхүүч, хөгжлийн эдийн засагч мэргэжилтэй. СЭЗДС-д багшилж, Анод банк, ХААН банк, МСS групп, Ногоон зээлийн санд ажиллаж, ХҮН-ын дарга явсан намтартай билээ. Эрчим хүч бол улс орны аюулгүй байдалтай шууд холбоотой чухал салбар. Өнөөдөр нийслэлд хэдхэн цаг цахилгааны хязгаарлалт хийхэд ямар эрсдэлт байдлууд үүсэж байгааг бэлхнээ харж болно. Өвөл болохоор ачаалал дийлэхгүй, зун болохоор засвар нэрээр хязгаарлалт тогтоодог тогтолцоо хэвээрээ. Импортын хараат байдал буураагүй, дотоодын эх үүсвэрийн шинэ төслүүд “Судалгаа, ТЭЗҮ, санхүүжилт” гэсэн гурван үгийн дунд гацсан хэвээр. Өмнөх сайд Б.Чойжилсүрэнгийн хувьд “Аргална даа” гэж явсаар л ажлаа өгч байгаа ийм салбар билээ. Тэгэхээр эрчим хүчний реформ хийх дараагийн хүн нь Б.Найдалаа болж байна.

 

Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн хувьд харьцангуй туршлагатай улстөрч. Тэрээр өмнө нь Боловсролын сайд болон Гэр бүл, хүүхэд нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан. Тэгэхээр энэ салбарт өөрийн суурь бодлогыг хэрэгжүүлэх байх. 

 

Л.Энх-Амгаланг УИХ-ын даргаар томилогдоно, сайд болно гэх яриа гарч байсан ч нэг хэсэг албан тушаалгүй явсан. Харин энэ удаа нэлээд хэл ам, өөрчлөлт шинэчлэл шаардлагатай Боловсролын салбар түүнд дахин ирж байна. Тэрээр мөн өчигдөр сайд болоод юу хийх талаараа тайлбар өгчээ. "Боловсролын сайдаар томилох санал хэлсэн. Тодорхой процесс эхэлж байна уу гэж бодож байна. Ерөнхий сайд санал тавьж, Засгийн газар үүрэг өгч байгаа учир татгалзах эрх алга. Намайг сандал суудалд дуртай хүн гэж битгий болоорой. Би боловсролын салбарын шинэчлэлийг эхлүүлэхийг тулд салбарынхантайгаа хамт зүтгэсэн. Сая багш нарын цалинг нэмсэн ч юм шиг, нэмээгүй ч юм шиг юм болсон. Нэг халааснаас аваад, нөгөө халаас руу хийчих шиг л юм болсон гэдгийг би өмнө нь хэлсэн. Багш нарын цалингийн асуудлыг нэг сарын дотор шийдэх боломж байгаа гэж харж байгаа. Багш нараа гомдоогоод, зовоогоод байж болохгүй. Би зургаан том шинэчлэлийг цаг алдалгүй эхлүүлж, хоёр жилийн дотор төв, хотын сургуулийн ялгааг арилгана. Хүүхдүүдийн төлөө чөтгөртэй ч нийлээд ажиллаж чадна. Би дуртайдаа сайд болж байгаа юм биш. Миний амьдралд сандал суудал, сайдын албан тушаал чухал биш" гэв.

 

 

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen