Ойрх Дорнодод үүсээд буй мөргөлдөөний эргэн тойронд

Ойрх Дорнодод үүсээд буй мөргөлдөөний эргэн тойронд

 

АНУ бямба гарагийн өглөө эрт Израилтай хамтран Ираны эсрэг “томоохон байлдааны ажиллагаа” эхлүүлсэн бөгөөд АНУ-ын тал иранчуудыг шашны дэглэмээ түлхэн унагахыг уриалаад буй. Энэхүү үйл явдал Тегераны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх АНУ-Ираны хэлэлцээ хоёр хоногийн өмнө үр дүнгүй өндөрлөсний дараа болж байна. АНУ энэхүү ажиллагааг “Их Уур хилэн", харин Израил “Арслангийн архираа" хэмээн нэрлэжээ.
Иран уг цохилтыг “өдөөн хатгалгагүй, хууль бус” гэж нэрлээд, Израил болон АНУ-ын цэргийн баазууд байрладаг Персийн булангийн орнуудыг оролцуулан дор хаяж долоон улс руу пуужин харваж хариу арга хэмжээ авчээ.
Ираны Дээд удирдагч нас барлаа
Трамп сошиал сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ Ираны Дээд удирдагч Аятолла Али Хаменеи нас барсныг зарлаж, түүнийг “түүхэн дэх хамгийн муу хүмүүсийн нэг” хэмээн тодорхойлсон байна. Удалгүй Ираны төрийн телевиз 1989 оноос хойш улс орноо удирдсан, 86 настай Хаменеи нас барсныг баталгаажуулж, 40 хоногийн гашуудал зарлажээ. АНУ-ын мэдээллийн CBS сувгийн мэдээлснээр уг цохилтын үеэр Ираны 40 гаруй албан тушаалтан амиа алдсан байна.
undefined
АНУ яагаад Иранд цохилт өгсөн бэ?
Бямба гарагт Тегеранд дэлбэрэлт болсон тухай мэдээлэл гарсны дараахан Трамп сошиал сүлжээндээ Ираныг “АНУ-ын эсрэг тасралтгүй цус урсгасан, олноор хөнөөсөн кампанит ажиллагаа явуулж байна” хэмээн буруутгасан байна. Тэрбээр Иран цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах бүх боломжийг үгүйсгэсэн гэж мэдэгдээд, Европ, гадаадад байрлах АНУ-ын цэргүүдэд аюул учруулах, цаашлаад Америкийн эх газарт хүрэх холын тусгалт пуужин хөгжүүлж байна хэмээн буруутгажээ.
Мөн 1979 онд Тегеран дахь АНУ-ын Элчин сайдын яамыг хүчээр эзлэн авч, олон арван америк иргэнийг 444 хоног барьцаалсан үйл явдал, 1983 онд Бейрут хот дахь АНУ-ын тэнгисийн явган цэргийн байранд халдлага үйлдэж 241 хүний аминд хүрсэн явдлыг дурдсан байна. Түүнчлэн Трамп өнгөрсөн нэгдүгээр сард Ираны аюулгүй байдлын хүчнүүд эдийн засгийн хямралын үеийн эсэргүүцлийн жагсаалыг хүчээр дарсан тохиолдолд АНУ оролцоно гэж амлаж байв.
Өнгөрсөн оны зургаадугаар сард АНУ Ираны гурван цөмийн байгууламжид цохилт өгсөн. Трамп уг ажиллагаа Ираны цөмийн хөтөлбөрийг “бүрэн устгасан” гэж мэдэгдсэн юм. Өнгөрсөн зуны АНУ-ын довтолгоонууд нь Иран, Израилын хооронд 12 хоног үргэлжилсэн мөргөлдөөнийг гал зогсоох хэлэлцээрээр дуусгахад хүргэсэн байна. Израил Ираны цөмийн, цэргийн болон дэд бүтцийн объектуудад агаараас цохилт өгсөн бол Тегеран хариуд нь Израил руу хэдэн зуун пуужин, нисгэгчгүй онгоц харважээ.
undefined
АНУ дайн зарласан уу?
Трамп видео мэдэгдэлдээ АНУ–Израилын Иранд хийсэн довтолгоог “томоохон байлдааны ажиллагаа” гэж тодорхойлсон. АНУ-ын Үндсэн хуулийн I зүйлд зааснаар дайн зарлах эрх Конгресст хадгалагддаг ч одоогоор албан ёсоор дайн зарлаагүй байна. Гэвч Үндсэн хууль ерөнхийлөгчид цэргийн ажиллагаа явуулах өргөн эрх мэдэл олгодог тул энэ “саарал бүс” Вашингтонд маргаан дагуулж байна.
Капитол Хилл дээрх улс төрчдийн байр суурь намын шугамаар хуваагджээ. Одоогоор Конгрессын хоёр танхимыг хянаж буй Бүгд Найрамдах намынхны ихэнх нь довтолгоог дэмжсэн байна. Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон Цагаан ордон Конгрессын хоёр намын удирдлагуудаас бүрдсэн “Наймын бүлэг”-т урьдчилан мэдээлсэн болохыг мэдэгджээ.
Харин Ардчилсан намынхан довтолгоог шүүмжилж, Конгрессын зөвшөөрөлгүйгээр дайн эхлүүлсэн гэж буруутгав. Зэвсэгт хүчний хорооны гишүүн сенатор Тим Кейн уг мөргөлдөөнийг “Трампын хууль бус дайн” хэмээн нэрлэжээ.
Ардчилсан намынхан ерөнхийлөгчийн цэргийн хүчийг дангаар ашиглахыг хязгаарлах “дайны эрх мэдлийн тогтоол”-ыг дахин хэлэлцэхийг уриалж байгаа ч ийм хууль батлагдах магадлал одоогоор бага байна. Цөөн хэдэн Бүгд Найрамдах намын гишүүн, тухайлбал конгрессмен Томас Мэсси, сенатор Рэнд Пол нар л ийм санаачилгыг дэмжиж магадгүй гэсэн дохио өгчээ.
АНУ Иранд хуурай замын цэрэг оруулах уу?
АНУ Ойрх Дорнодод 13 орчим цэргийн баазтай бөгөөд нийт 30–40 мянган цэрэг байршдаг. Гэвч Иранд хуурай замын цэрэг оруулах шинж тэмдэг одоогоор алга байна. АНУ-ын олон нийтийн дунд газар дээрх довтолгоог дэмжих хандлага сул байгаа нь үүнд нөлөөлж байна.
Сүүлийн долоо хоногуудад АНУ бүс нутаг дахь цэргийн хүчээ нэмэгдүүлж, “USS Gerald R Ford”, “USS Abraham Lincoln” хэмээх хоёр нисэх онгоц тээгч хөлгийг байршуулжээ. Мөн 12 усан онгоц, F-35, F-22 сөнөөгч онгоц, шатахуун цэнэглэгч болон тандалтын нисэх онгоцнууд бүс нутагт байгааг тогтоосон байна. Гэсэн ч одоогийн байдлаар АНУ-ын ажиллагаа агаараас өгсөн цохилтоор хязгаарлагдаж байна.
Иран АНУ-д довтлох чадвартай юу?
Иран цөмийн зэвсэг бүтээх зорилгогүй гэж мэдэгддэг ч цөмийн эрчим хүчний энгийн хэрэглээнээс давсан түвшинд уран баяжуулсан гэж олон улсын хэвлэлүүд онцолдог.
АНУ-ын эх газарт шууд довтолгоо хийх гэж байгаа талаар ил мэдээлэл байхгүй ч хотууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ. Нью-Йорк хотын дарга Зохран Мамдани “эмзэг байршлуудад” урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгааг мэдэгдсэн бол Лос-Анжелес хотын дарга Карен Басс эргүүл хамгаалалтыг нэмэгдүүлсэн ч “итгэмжтэй заналхийлэл одоогоор байхгүй” гэжээ.
undefined
Хэчнээн хүн амиа алдаад байна вэ?
Трамп “эрэлхэг америк баатруудын амь нас эрсдэж болзошгүй” гэж анхааруулсан ч АНУ-ын арми одоогоор байлдааны хохирол бүртгэгдээгүй гэж мэдэгджээ.
Ираны Улаан хавирган сар нийгэмлэгийн мэдээлснээр, бямба гарагийн байдлаар Иранд 200 гаруй хүн амиа алдаж, 700 гаруй хүн шархадсан байна. 31 мужийн 24 нь цохилтод өртжээ.
Өмнөд Ираны охидын сургуульд болсон дэлбэрэлтийн улмаас дор хаяж 148 хүн нас барсан талаар орон нутгийн прокурор мэдэгдсэн. Израилын “Хаарец” сонинд мэдээлснээр, Тель-Авив хотын төвд Ираны пуужин хэд хэдэн барилгад тусаж, нэг хүн амиа алдаж, 20 гаруй хүн шархаджээ.
Иран сөрөг цохилтоор Бахрейн, Кувейт, Катар, АНЭУ зэрэг АНУ-ын цэргийн оролцоотой улсууд руу дрон, пуужин зэргийг харвасаар байна. АНЭУ-ын нийслэл Абу Дабид нэг хүн амиа алдсан гэж төрийн хэвлэл мэдээлжээ.
Трамп бөмбөгдөлт долоо хоногийн турш үргэлжилж магадгүйг анхааруулсан тул хохирлын тоо цаашид нэмэгдэх эрсдэлтэй байна.
Эх сурвалж: BBC
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen