“Дарь-Эхэд болсон үер Сонгинохайрханд давтагдахгүй гэх баталгаа алга”
Дарь-Эхэд 2023 онд тохиосон шиг үер Сонгинохайрхан дүүрэгт энэ хавар, зуны улиралд давтагдахгүй гэх баталгаа алга хэмээн Геодез, усны барилга, байгууламжийн газар (ГУББГ)-аас өчигдөр сэрэмжлүүллээ. Тус газрынхан Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дахь үерийн далангуудын эвдрэл, зөрчилтэй хэсгүүдэд ажиллаж, эрсдэлийн үнэлгээ хийж буй аж. Тэр дундаа Орбит, Тахилт, Найрамдал, Толгойт орчимд үерийн хамгаалалтын хоёр том байгууламж байдаг ч иргэд, аж ахуйн нэгжүүд энэ хавьд газар авах нэрийдлээр далангуудыг түрж гэмтээн, сүйтгэжээ. Үүний улмаас Найрамдал, Орбитын амнаас урсан орж ирдэг үерийн усыг шингээн зайлуулах газаргүй болсон байна.
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах үерийн далангуудын төгсгөл, гаргалгаа нь Туул голтой нийлдэг байсан бол өдгөө дээрх шалтгаанаар айл өрх, аж ахуйн нэгжүүд шар усны үерт өртөх эрсдэлд орсон аж. Өөрөөр хэлбэл, байгалийн голдирлоор байсан үерийн даланг оршин суугчид ийн эвдсэн тул эхний ээлжид 770 метр байгууламжийг нэн түрүүнд засах шаардлагатай болжээ. Цаашлаад уг байршлуудад үерийн далан нэмж барих ажлыг яаралтай эхлүүлэх хэрэгтэйг ГУББГ-ын дарга Б.Бямбасайхан учирлав. Тэрбээр “Зунаас урьтаад хаврын шар усны үерт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны айл өрхүүд өртөх магадлал өндөр байгааг тогтоосон. Мөн Сэлбэ голын үерийн оргил урсцыг хуримтлуулах таван шатлал бүхий 1.3 сая шоо метр усан санг нэн даруй барих шаардлагатай. Толгойт, Улиастайн голд хиймэл нуурууд байгуулах, Туулын усан цогцолборыг ойрын үед ашиглалтад оруулах нь зүйтэй” гэсэн юм.
О.Оргилох
https://www.unuudur.mn/a/280258



