Гурван тамирчинг дагаж “гучин дарга” явсан уу?

Гурван тамирчинг дагаж “гучин дарга” явсан уу?

 

Хорин тавдугаар Өвлийн Олимпын наадам хоёр мянга хорин зургаан оны хоёрдугаар сарын зургаанаас хорин хоёрны хооронд Итали улсын Милан, Предаццо, Ливиньо, Кортина д’Ампеццо хотуудад болж байна. Ерэн хоёр орны гурван мянга гаруй тамирчин спортын арван зургаан төрөлд зуун арван зургаан багц медалийн төлөө өрсөлдөж буй энэ наадам бол өвлийн спортын хамгийн том наадам юм.

Монгол Улсаас уулын цанын тамирчин Ариунбат, гүйлтийн цанын тамирчин Ачбадрах, Ариунтунгалаг нар оролцож байна. Ялангуяа Монгол Улс уулын цанын төрөлд анх удаа Олимпын эрх авсан нь түүхэн амжилт юм.

Мөн Миланд болсон нээлтийн өмнөх загварын арга хэмжээнд Монголын багийн өмсгөл арван долоон улсын шилдэг хувцасны нэгээр шалгарсан. Бид хувцсаараа бол дэлхийд өрсөлдөх чадвартай гэдгээ харуулчихлаа.

Харин талбай дээрх амжилтын ард ямар түүх байдгийг бид мартчих гээд байдаг.

Монгол Улс мянга есөн зуун жаран дөрвөн онд Иннсбрукийн өвлийн олимпын наадамд анх оролцсоноос хойш гүйлтийн цана, тэшүүр, биатлоны төрлөөр тасралтгүй шахам өрсөлдөж ирсэн. Гэвч энэ зам дардан байсангүй.
Мянга есөн зуун далан зургаан онд бэлтгэл хангагдсан тамирчдыг оролцуулахгүй гэсэн шийдвэр гарч байлаа.
Мянга есөн зуун ерэн дөрвөн онд дүрэм журмын мэдээлэл дутуугаас олимпын эрхтэй тамирчид буцаж байв.

Энэ бол спортын ялагдал биш, удирдлагын алдаа байсан.

Мянга есөн зуун ерэн наймаас хоёр мянга зургаан онд дэмжлэг тодорхой хэмжээнд сайжирч, зарим удирдлагын хүчин чармайлтаар цаначид олимпын наадамд оролцох боломжоо хадгалж чадсан. Гэсэн ч олимпын эрхээ жилийн өмнө биелүүлчихээд цалингүй, ивээн тэтгэгчгүй, бэлтгэлийн зардалгүй зүтгэсэн тамирчдын бодит жишээ цөөнгүй. Олимпын эрх гэдэг сугалааны хонжвор биш, олон жилийн сахилга бат, бэртэл гэмтэл, гэр бүлээсээ хол өнгөрүүлсэн мянга мянган цагийн үнэтэй хөдөлмөр.

Гэтэл олимпын эрх авсан тамирчдыг “азаар орчихлоо” гэх мэтээр хөнгөн ярьж, хөдөлмөрийг нь сугалааны тасалбар мэт үнэгүйдүүлдэг хандлага гарсаар байна. Тамирчид үүнд дургүйцэх нь аргагүй. Учир нь олимпын эрх бол хэн нэг даргын гарын үсгээр олддог бичиг цаас биш, олон улсын онооны системээр баталгаажсан шалгуур.

Олимпод тамирчдыг дагаж явах багийн бүрэлдэхүүн бол тодорхой, мэргэжлийн шаардлагатай байх ёстой. Дасгалжуулагч, эмч, физик эмчилгээний ажилтан, техникийн мэргэжилтэн, сэтгэл зүйч, массажист, хэвлэл мэдээллийн ажилтан, Үндэсний олимпын хорооны хариуцсан төлөөлөл байдаг. Эдгээр хүмүүс нь тамирчны гүйцэтгэл, эрүүл мэнд, сэтгэлзүй, мэдээллийн урсгалыг хариуцаж, бодит хэрэгцээг нь хангах үүрэгтэй баг.

Гэтэл бодит байдал дээр “баг” гэхээсээ илүү “дагалдан явагчид”-ын бүрэлдэхүүн болдог жишиг тогтчихсон мэт. Тамирчны амжилтад шууд нөлөө үзүүлэхгүй, харин албан тушаал, нэр хүндийн “квот”-оор багтсан хүмүүс олимпыг ажил хэргийн томилолтоос илүү аялал, үзвэрийн боломж болгосоор ирсэн гэх шүүмжлэл олон жил тасраагүй.

Хоёр мянга хорин зургаан оны өвлийн олимпод оролцож буй гурван тамирчны хувьд дасгалжуулагч Марино, Үндэсний спортын анагаах ухааны төвийн эмч Цэрэнлхам, хэвлэл мэдээллийн баг явах нь зүй ёсны, шаардлагатай бүрэлдэхүүн. Харин үүн дээр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны сайд асан, багийн ахлагч Номин, Монголын үндэсний олимпын хорооны дарга Баттүшиг, мөн тус хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Бадар-Ууган, Соёл спорт аялал жуулчлал, залуучуудын яамны сайд Ундрам, Биеийн тамир, спортын, улсын хорооны дарга Жаргалсайхан, Дамбын Хишгээ хочит Хишигжаргал нар болон бусад албан тушаалтнууд нэмэгдсэн нь олон нийтийн гайхшралыг төрүүлэв.

Ямар сайндаа л “зуун ямаанд жаран ухна” гэгчээр “гурван тамирчинд гучин дарга” гэж олон нийт хошигнож, шүүмжлээд байгаа юм.

Олимпод оролцож буй баг тамирчдын бүрэлдэхүүн, санхүүжилт, зардлын задаргаа олон нийтэд ил тод бус хэвээр байна. Ерөнхий мэдээллээр бол зардлын тодорхой хэсгийг Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас буюу улсын төсвөөс, тодорхой хувийг томоохон компаниудын ивээн тэтгэлэг, үлдсэнийг Монголын Үндэсний олимпын хороо бүрдүүлдэг гэх.

Мөн Олон улсын олимпын хорооноос хөгжиж буй орнуудын бэлтгэл, сургалт, олимпын оролцоог дэмжих тусгай санхүүжилт олгодог. Ийм хөтөлбөрийн хүрээнд нэг тамирчин сар бүр хэдэн зуун ам.долларын тэтгэлэг авах боломжтой байдаг талаар мэдээлэл бий. Энэ бол тамирчны бэлтгэл, амьдралын наад захын зардлыг тогтвортой хангах чухал дэмжлэг.

Гэвч энэ мөнгө яг хэнд, ямар шалгуураар, хэрхэн зарцуулагдаж байгааг Монгоын үндэсний олимпын хороо дэлгэрэнгүй тайлагнадаггүй нь олон нийтийн эргэлзээг төрүүлсээр байна. Ил тод мэдээлэл байхгүй үед хардлага үүсдэг нь жам. Ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхийг баримтаар нотлоогүй ч, тайлагнал хаалттай байх тусам асуулт нэмэгддэг.

Хоёр мянга хорин хоёр оноос хойш Монголын үндэсний олимпын хорооны даргаар ажиллаж буй Улсын их хурлын гишүүн Сү.Батболдын хүү Баттүшигийн дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаа дуусч, шинэ сонгуулийн ажил явагдах гэж буй гэх мэдээлэл байна. Энэ бол зүгээр нэг албан тушаалын сунгаа биш, Монголын олимпын хөдөлгөөний чиг хандлагыг тодорхойлох сонголт.

Олон нийт энэ удаад олимпод дагаж явах дарга нарын тоог нэмэгдүүлдэг бус, олимпын эрх авах тамирчдын тоог нэмэгдүүлдэг удирдлагыг сонгоосой гэж хүсэж байна. Тайлан нь нээлттэй, санхүүжилт нь ил тод, шийдвэр нь мэргэжлийн байх ийм зарчмаар ажиллах хэрэгтэй байгаа юмаа.

 

Scandal.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen