
Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны санхүүгийн тайлангаа танилцуулж, жилийн ашиг өмнөх онтой ижил түвшинд гарсан ч зах зээлийн хүлээлтэд хүрээгүй талаар мэдээллээ. Тус компанийн үндсэн орлогын эх үүсвэр болох төмрийн хүдрийн бизнес үнэ буурснаас суларсан ч зэсийн салбарын хүчтэй гүйцэтгэл алдагдлыг тодорхой хэмжээнд нөхсөн байна.
Дэлхийн хамгийн том төмрийн хүдэр үйлдвэрлэгч тус компани санхүүгийн жилд 10.87 тэрбум ам.долларын суурь ашиг тайлагнасан нь өмнөх онтой ижил үзүүлэлт боловч "Visible Alpha"-ийн 11.03 тэрбум ам.долларын таамгаас доогуур байв.
Зэсийн үнэ өсөж, олборлолтын хэмжээ нэмэгдсэн нь компанийн үр дүнд эерэг нөлөө үзүүлсэн байна. Харин компанийн тэргүүлэх салбар болох төмрийн хүдрийн нэгж дэлхийн нийлүүлэлт нэмэгдсэнээс шалтгаалан дарамтад орж, үнэ буурснаар нийт ашгийн өсөлтийг хязгаарлажээ.
Рио Тинто нь дэлхийн хамгийн том төмрийн хүдэр үйлдвэрлэгч хэвээр бөгөөд энэ бүтээгдэхүүн компанийн санхүүгийн гүйцэтгэлийн гол хөдөлгөгч хүч хэвээр байна. Гэвч хамгийн сүүлийн тайлангаас харахад төмрийн хүдрийн зах зээлийн хэлбэлзлийг тэнцвэржүүлэхийн тулд зэс зэрэг бусад ашигт малтмалд түшиглэх, үйл ажиллагаагаа төрөлжүүлэх бодлогыг эрчимжүүлж буй нь тодорхой болжээ.
Энэхүү тайлан уул уурхайн компаниуд зэсийн салбарт илүү анхаарал хандуулж буйг харуулж байна. Эрчим хүч ихээр шаарддаг хиймэл оюуны дата төвүүдийн өргөжилт, цэвэр эрчим хүч рүү шилжих шилжилт зэсийн эрэлтийг нэмэгдүүлж байгаа юм.
Рио Тинто энэ оны хоёрдугаар сард Glencore-той хийж байсан нэгдлийн яриа хэлэлцээг үнэлгээ болон өмчлөлийн нөхцөл дээр тохиролцоонд хүрээгүйгээс зогсоосон. Хэрэв уг хэлцэл хэрэгжсэн бол дэлхийн хамгийн том бүртгэлтэй уул уурхайн компани бий болж, зэсийн эзлэх хувь эрс нэмэгдэх байлаа. Мөн мягмар гарагт дэлхийн хамгийн том бүртгэлтэй уул уурхайн компани болох BHP-ийн тайланд зэсийн орлого анх удаа төмрийн хүдрээс давсан талаар мэдээлсэн.
Төмрийн хүдэр суларч, зэс огцом өсөв
Компанийн нийт ашгийн 60 орчим хувийг төмрийн хүдэр бүрдүүлсэн нь өмнөх жилийн 70 хувиас буурсан үзүүлэлт юм. Харин зэсийн салбарын ашиг жилийн дүнгээр хоёр дахин өсөж, нийт ашгийн 30 орчим хувийг бүрдүүлэх болсон бол үлдсэн хэсгийг хөнгөн цагаан болон лити бүрдүүлжээ.
2025 оны зэсийн салбарын дундаж борлуулалтын үнэ өмнөх оноос 17 хувиар өсөж, олборлолтын хэмжээ 11 хувиар нэмэгдсэн талаар мэдээлжээ. Үүнд Оюу толгой уурхайн үйлдвэрлэл нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.
https://itoim.mn/a/2026/02/20/world/uuu?c86f067ca7c00294444b22f2407e315f