Дайныг зургадугаар сар гэхэд дуусгахыг АНУ хүсэж байна

Дайныг зургадугаар сар гэхэд дуусгахыг АНУ хүсэж байна

 

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Украин болон Оросыг зургаадугаар сар гэхэд дайныг зогсоохыг хүсэж, хоёр талын энхийн хэлэлцээг ирэх долоо хоногт зохион байгуулах санал тавьсан тухай Украины ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдлээ.

Трампын засаг захиргаа бараг дөрвөн жил үргэлжилж буй энэ дайныг дуусгахын тулд Москва, Киевийг шахаж ирсэн бөгөөд саяхан Абу Дабид хоёр талын хэлэлцээг зуучилсан. Гэсэн хэдий ч нутаг дэвсгэрийн асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй байна. Одоогоор Орос улс Украины нутаг дэвсгэрийн 20 орчим хувийг эзэлсэн бөгөөд гэрээ байгуулахын тулд Украины зүүн хэсгийн Донецк мужийг бүхэлд нь хяналтдаа авах шаардлага тавьж байна.

Харин Украин Оросыг дахин довтлохгүй гэх баталгаа агуулгаагүй ямар ч хэлэлцээнд гарын үсэг зурахгүй гэж мэдэгдэж байна. Зеленскийгийн хэлснээр, АНУ анх удаа Украин, Оросын хэлэлцээний багуудыг АНУ-д, магадгүй Майами хотод, нэг долоо хоногийн дотор уулзуулах санал гаргасан байна. Тэрбээр мөн АНУ энэ үйл явцыг зургаадугаар сар гэхэд дуусгахыг зорьж байгааг онцолжээ.

Зеленский Оросоос илүү Украиныг буулт хийхийг шаардаж байгаад бухимдаж буйгаа удаа дараа илэрхийлж ирсэн. Мөн тэрбээр Украины бүрэн эрхт байдалтай холбоотой асуудлаар Киевийн оролцоогүйгээр АНУ, Орос хоёр хоорондоо тохиролцоо хийхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж анхааруулжээ. Түүнчлэн хоёр тал 2022 оноос хойш Оросын хяналтад байгаа Запорожьегийн цөмийн цахилгаан станцын хяналтын асуудлаар ч нийтлэг ойлголцолд хүрч чадаагүй гэж Зеленский мэдэгдсэн байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen