
Хаврын улиралд оргил үедээ хүрдэг амьсгалын замын халдварт өвчнүүд болон тэдгээрээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ХӨСҮТ-ийн Томуугийн төвийн дарга Ч.Уртнасантай ярилцлаа.
-Өнгөрсөн онд томуугийн халдварын тархалт улсын хэмжээнд ямар түвшинд байсан бэ?
-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн эмнэлгүүдээс долоо хоног бүр томуугийн тандалтын мэдээ авч ажилласан. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад томуу, томуу төст өвчний түвшин амбулаторийн үзлэгийн дунджаар зургаа орчим хувиар нэмэгдсэн байна. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй нийт хүмүүсийн дотор амьсгалын замын цочмог халдварын шалтгаантай хэвтэгсдийн эзлэх хувь 13 орчим хувиар өссөн үзүүлэлттэй байна. Одоогийн байдлаар тархалтын түвшин алаг цоог дэгдэлтийн шатанд буюу улбар шар түвшинд байна. Өвчлөл өмнөх долоо хоногтой харьцуулахад бага зэрэг нэмэгдэх хандлагатай байгаа. Энэ нь саяхан нийтээрээ өргөн дэлгэр тэмдэглэсэн Цагаан сарын баяртай холбоотой, хүмүүсийн бөөгнөрөл ихэссэнтэй холбоотой юм.
Насны бүтцийг харвал нийт өвчлөлийн 80 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Тэр дундаа томуу, томуу төст өвчний 60 орчим хувь нь 5 хүртэлх насны хүүхдүүдэд тохиолдож байна. Харин амьсгалын замын цочмог хүнд хэлбэрийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 80 орчим хувийг 4 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаа. Мөн өмнөх долоо хоногтой харьцуулахад 0–4 насны хүүхдүүдийн өвчлөл нэмэгдсэн бол 10–14 насныхны дунд бага зэрэг буурсан үзүүлэлттэй байна. Үүний зэрэгцээ 65-аас дээш насныхны өвчлөл нэмэгдэж байгаа бөгөөд томуу, томуу төст өвчин болон амьсгалын замын цочмог хүнд халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй ахмад настнуудын тоо өссөн.
-Одоогоор хамгийн их бүртгэгдэж буй халдварт өвчнүүд ямар өвчин байна вэ?
-Энэ цаг үед хамгийн их анхаарал татаж байгаа халдварт өвчний нэг бол улаанбурхан байна. Улаанбурхан бол маш өндөр халдвартай өвчин. Амьсгалын замаар халдварладаг бөгөөд тархалтын түвшин 95 хувь хүрдэг. Өөрөөр хэлбэл, нэг өвдсөн хүнтэй ойр байсан 10 хүний ес нь халдвар авах эрсдэлтэй гэсэн үг. Гэхдээ улаанбурхан бол вакцинаар бүрэн сэргийлэх боломжтой өвчин. Хэрэв вакцины хамрагдалт 95 хувиас дээш байвал олон нийтийг хамарсан дэгдэлт үүсэхгүй байх боломжтой. Улаанбурханы эсрэг вакциныг товлолын дагуу есөн сартайд болон хоёр настайд хийдэг. Мөн нэмэлт вакцинжуулалтыг зохион байгуулж байна. Голомтод дархлаажуулалтын заалтаар нэмэлт вакцин хийж байгаа. Эдгээрт бүрэн хамрагдвал улаанбурханаас сэргийлэх боломжтой. Харин вакцинд хамрагдаагүй хүүхдүүд өвчлөх, хүндрэх, эндэх эрсдэл өндөр байдаг.
Одоогийн байдлаар нэмэлт вакцинжуулалтын хамрагдалт 60 хувьд дөхсөн ч энэ нь хангалттай түвшин биш. Тиймээс иргэд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байж цаашдын томоохон дэгдэлтээс сэргийлж чадна.
Дараагийн анхаарал татаж байгаа халдвар бол менингококкт. Саяхан Цагаан сарын баярын үеэр нийслэлийн Баянзүрх дүүрэгт нэг тохиолдол бүртгэгдсэн. Тухайн хүүхэд нэг настай байсан бөгөөд олон айлаар орж золгосон байсан. Одоогоор биеийн байдал нь тогтвортой сайжирч байна. Менингококкт халдвар нь менингококкцеми, менингит хэлбэрээр дангаар илрэхээс гадна хавсарсан хэлбэртэй байж болдог. Энэ хүүхдийн хувьд менингококкцеми давамгайлсан менингитийн шинжтэй хавсарсан хэлбэр байсан.
Ийм үед бид голомтод яаралтай үзлэг хийж, ойрын хавьтлуудыг тогтоон, хими сэргийлэлт болон шаардлагатай тохиолдолд вакцинжуулалт хийдэг. Он гарсаар менингококкт халдварын гурван тохиолдол бүртгэгдэж, нэг нас баралт гарсан. Нийт өвчлөлийн 90 орчим хувь нь 4–5 хүртэлх насны хүүхдүүдэд, үүний 70–80 хувь нь хоёр хүртэлх насныханд тохиолддог. Тохиолдол цөөн гардаг ч энэ өвчин маш хурдан хүндэрдэг онцлогтой. Цаг алдалгүй оношилж, тохирсон эмчилгээг яаралтай хийж чадвал эндэгдлээс сэргийлэх боломжтой. Харин оношилгоо, эмчилгээ хоцорвол нас барах эрсдэл маш өндөр.
Шинж тэмдгийн хувьд гэнэт 40 хэм хүрч өндөр халуурна. Халуун буурахгүй, буусан ч богино хугацаанд эргээд халуурна. Хүүхэд гэрэлд мэдрэг болж, уйланхай, унтаарсан байдалтай болно. Халуурч эхэлснээс 6–12 цагийн дотор тууралт гарч эхэлдэг бөгөөд ихэвчлэн доод мөчнөөс эхэлдэг. Эцэг эхчүүд тууралт дээшилж эхлэх үед анзаардаг нь хүүхэд аль хэдийн хүндэрснийг илтгэнэ. Мөн цагаан халууралт гэж бий. Хүүхэд өндөр халуурч байгаа хэр нь гар, хөл нь хүйтэн байх нь хүндэрсний шинж юм. Ийм тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй. Энэ онд гарсан нас баралтын хувьд хүүхэд цагаан халууралттай байсан бөгөөд гэртээ 10 гаруй цаг болсон, эмнэлэгт хүргэгдээд удалгүй нас барсан харамсалтай тохиолдол бий. Менингококкт халдвар нь цаг минутаар яригддаг өвчин.
Эдгээр халдварууд бүгд амьсгалын замаар дамждаг. Тиймээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Хоолой, амаа зайлах, гараа тогтмол угаах, гадуур хувцсаа сольсны дараа бага насны хүүхэдтэй харьцах, оргил үед нь хүүхдийг шаардлагагүй бол олны газар авч явахгүй байх нь чухал. Хэрэв хүүхдэд халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл цэцэрлэг, сургуульд нь явуулахгүй, заавал эмчид үзүүлэх хэрэгтэй. Зүгээр халууны эм уулгаад явуулах нь бусад хүүхдийг эрсдэлд оруулж болзошгүй. Эцэг эхчүүд анхааралтай, хариуцлагатай байх нь хүүхдийнхээ болон нийгмийн эрүүл мэндийг хамгаалах хамгийн чухал алхам юм.
-Хаврын улиралд яагаад халдварт өвчин нэмэгдэх хандлагатай байдаг бол?
-Менингококкт халдвар ерөнхийдөө хаврын улиралд нэмэгдэх хандлагатай байдаг. Ялангуяа 3–4 дүгээр сард салхин цэцэг, менингококкт халдварууд оргил үедээ хүрдэг. Хаврын улиралд хүүхдүүдийн амралт тохиодог мөн олон нийтийг хамарсан баяр ёслол, арга хэмжээ их болдог. Үүнийг дагаад уулзалт, бөөгнөрөл нэмэгдэж, амьсгалын замаар дамжих халдварт өвчний тархалт өсөх нөхцөл бүрддэг.
Нөгөө талаар хавар хүмүүсийн бие организм ядарч сульдах нь ихэсдэг. Өвлөөс хавар руу шилжих энэ үед дархлаа сулрах байдал ажиглагддаг. Мөн цаг агаар тогтворгүй, нэг өдөр нь дулаахан байснаа дараагийн өдөр нь огцом сэрүүсэх зэрэг хэлбэлзэл нь хүний биед ачаалал өгч, даарах, халууцах ээлжилснээр дархлаанд сөргөөр нөлөөлдөг. Эдгээр шалтгааны улмаас амьсгалын замын халдварууд нэмэгдэх хандлагатай байдаг гэж хэлж болно.
-Вакцины талаарх ташаа мэдээлэл халдварт өвчний тархалтад хэрхэн нөлөөлж байна вэ?
-Вакцин хамгийн гол нь хүндрэлээс сэргийлж өгдөг маш чухал арга хэмжээ юм. Ялангуяа улирлын томуугийн эсрэг вакцинжуулалтыг жил бүр есдүгээр сарын сүүл үеэс зохион байгуулдаг. Гэвч харамсалтай нь зургаан сартайгаас хоёр настай хүүхдүүдийн вакцины хамрагдалт хангалтгүй байна. Мөн жирэмсэн эхчүүдийн хамрагдалт ч бага хэвээр байгаа. Үүний нэг шалтгаан нь вакцины талаарх буруу, ташаа мэдээлэл иргэдийн дунд түгээмэл байгаатай холбоотой.
Уг нь улирлын томуугийн вакцин нь эмнэлэгт хэвтэх эрсдэлийг хоёр дахин бууруулдаг нь нотлогдсон. Вакцинаар сэргийлэх боломжтой өвчлөлүүд дээр буруу ойлголтоос болж иргэд вакцинд хамрагдахгүй байх нь өөрсдийнх нь болон хүүхдийнх нь эрүүл мэндэд эрсдэл учруулж байна.
Улирлын томуугийн вакцин олон жилийн турш хэрэглэгдэж, олон улсын хэмжээнд өргөн судлагдсан, аюулгүй байдал нь батлагдсан вакцин юм. Тухайлбал, жирэмсэн эхийг улирлын томуугийн вакцинд хамруулах нь зөвхөн эхийг хүндрэлээс хамгаалаад зогсохгүй, хэвлий дэх урагт ч хамгаалалт үүсгэдэг. Судалгаагаар жирэмсэн байхдаа вакцин хийлгэсэн эхийн хүүхэд амьсгалын замын халдварт өвчнөөр эмнэлэгт хэвтэх магадлал вакцин хийлгээгүй эхийн хүүхдээс дөрөв дахин бага байсан нь тогтоогдсон байдаг.
-Менингококкт халдварыг үндэсний товлолт дархлаажуулалтад багтаах боломжийг судалж байгаа юу?
-Менингококкт халдварын эсрэг вакцины талаар олон улсын судлаачид нэлээд өргөн хүрээнд судалгаа хийсэн байдаг. Судалгааны дүгнэлтээр ихэнх улс оронд уг вакциныг товлолын дархлаажуулалтад заавал оруулах шаардлагагүй, харин халдвар гарсан голомтод нь дархлаажуулалт хийх нь илүү үр дүнтэй гэж үзсэн. Харин Африкийн зарим орнуудыг менингитийн бүс гэж нэрлэдэг. Тухайн бүс нутагт менингококкт халдвар тогтмол, өндөр тархалттай байдаг учраас товлолын вакцинд хамруулж хийдэг онцлогтой.
Бусад улс оронд бол дархлал судлалын заалтаар, өөрөөр хэлбэл халдварын голомтод ойрын хавьтлууд болон эрсдэлт бүлэгт вакцин хийдэг. Мөн иргэд сайн дурын үндсэн дээр вакцин хийлгэх боломжтой байдаг. Манай улсын хувьд менингококкт халдвар нь тогтмол өндөр тархалттай бүсэд хамаарахгүй, харин алаг цоог дэгдэлттэй ангилалд ордог.
-Менингококкт нь цахилгаан менингококк гэхээр илүү хурц хүнд хэлбэр нь гэсэн үг үү?
-Менингококкт халдвар нь үндсэндээ хоёр хэлбэрээр илэрдэг. Нэг нь менингококкцеми нөгөө нь менингит юм. Энэ нь тухайн нян хүний биеийн аль хэсэгт илүүтэй нөлөөлж байгаагаас хамаарч өөр өөр хэлбэрээр илэрч байна гэсэн үг. Менингококкцеми нь маш хурдан явцтай, богино хугацаанд хүндэрдэг онцлогтой. Тиймээс цахилгаан менингит гэж нэрлэх нь бий. Гэхдээ угтаа бол нэг л халдвар бөгөөд хэлбэрийн хувьд ялгаатай илэрч байгаа хэрэг. Аль аль нь хүндрэл ихтэй, үлдэц өгч болзошгүй ноцтой халдварт өвчин юм. Менингококкцемийн үед ихэвчлэн тууралт гардаг бол менингитийн үед тууралтгүй, харин мэдрэлийн гаралтай шинж тэмдгүүд давамгай илэрдэг. Тухайлбал, толгой хүчтэй өвдөх, бөөлжих, өндөр халуурах, гар хөл өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ.
-Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх өдөр тутмын энгийн дадлууд юу бол. Өвчний шинж тэмдэг илэрвэл ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн, хүн бүрийн хийж чадах арга бол гараа тогтмол, зөв угаах юм. Угаахдаа заавал савандаж, хангалттай хугацаанд угаах хэрэгтэй. Хэрэв бид гараа зөв угааж хэвшвэл олон төрлийн халдварт өвчнөөс өөрсдийгөө хамгаалах боломжтой. Амьсгалын замын халдварт өвчний үед маскаа зөв зүүх нь мөн чухал. Маскаа зөв хэрэглэж чадвал томуу, томуу төст өвчний халдвараас сэргийлэхэд үр дүнтэй.
Хаврын улиралд цаг агаар тогтворгүй, халуун хүйтэн ээлжилдэгтэй холбоотойгоор хүний дархлаа суларч болдог. Тиймээс улиралдаа тохируулж дулаан хувцаслах хэрэгтэй. Мөн амин дэмтэй, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх, цагтаа амарч унтах, цахим хэрэглээг зохистой хэмжээнд барих, шингэн сайн уух нь дархлааг дэмжинэ. Үүнээс гадна хамар, хоолойгоо тогтмол цэвэрлэж байх нь халдвараас сэргийлэхэд тустай.
Иргэд эрүүл мэндийн байгууллагаас гаргаж буй зөвлөмжийг дагаж, товлолын вакциндаа заавал хамрагдах хэрэгтэй. Вакцинд хамрагдахыг түр хойшлуулах эсвэл хийхгүй байх тодорхой заалтууд бий. Харин тийм заалтгүй бол вакциндаа бүрэн хамрагдах нь чухал. Мөн бид жил бүрийн намар улирлын томуугийн эсрэг вакцинжуулалтыг зохион байгуулдаг. Энэ вакцинд иргэд, ялангуяа эрсдэлт бүлгийнхэн идэвхтэй, өргөнөөр хамрагдахыг уриалж байна. Ингэснээр өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ халдварт өвчнөөс хамгаалах боломжтой юм.
https://itoim.mn/a/2026/02/27/healthy-mongolia/byh?0dc6f3420315477323ce0562c633bb85