Хятадын албан тушаалтан ChatGPT ашигласан нь дэлхий даяарх сүрдүүлгийн ажиллагааг санамсаргүй ил болгожээ

Хятадын албан тушаалтан ChatGPT ашигласан нь дэлхий даяарх сүрдүүлгийн ажиллагааг санамсаргүй ил болгожээ

 

Хятадын хууль сахиулах байгууллагын нэгэн албан тушаалтан ChatGPT ашиглах явцдаа санамсаргүйгээр гадаадад амьдарч буй хятад тэрс үзэлтнүүдийг айлган сүрдүүлэхэд чиглэсэн өргөн хүрээтэй нөлөөллийн ажиллагааг ил болгосон талаар ChatGPT-ийг бүтээгч OpenAI-ийн шинэ тайланд дурджээ.
OpenAI-ийн мэдээлснээр тухайн албан тушаалтан ChatGPT-ийг өдрийн тэмдэглэл мэт ашиглан нууц дарамт, шахалтын кампанит ажлын явцыг баримтжуулж байсан байна. Нэгэн тохиолдолд хятадын талын операторууд өөрсдийгөө АНУ-ын цагаачлалын албаныхан мэтээр дүр эсгэн, АНУ-д оршин суудаг хятад тэрс үзэлтэнд түүний олон нийтэд хийсэн мэдэгдэл хууль зөрчсөн байж болзошгүй хэмээн анхааруулжээ.
Өөр нэг жишээнд, АНУ-ын тойргийн шүүхийн хуурамч бичиг баримт үйлдэж, хятад тэрс үзэлтний сошиал хаягийг устгуулахыг оролдсон талаар тэмдэглэсэн байна.

“Орчин үеийн хил дамнасан дарамт”

Энэхүү тайлан нь авторитар дэглэмүүд хиймэл оюуны хэрэгслийг цензур, дарамтын ажиллагаагаа баримтжуулахад хэрхэн ашиглаж болдгийн тод жишээ боллоо. OpenAI-ийн мэдээлснээр уг нөлөөллийн ажиллагаанд Хятадын хэдэн зуун оператор, олон нийтийн сүлжээнд мянга мянган хуурамч хаяг оролцсон бололтой.
OpenAI-ийн ахлах мөрдөн шалгагч Бен Ниммо “Энэ бол Хятадын орчин үеийн хил дамнасан дарамт ямар харагддагийн жишээ. Энэ нь зөвхөн цахим орчинд хов жив тараах төдий биш, харин Хятадын Коммунист намын (CCP) шүүмжлэгчдийг бүх боломжит аргаар, хаа сайгүй, зэрэг довтлох үйлдвэржсэн систем” гэж мэдэгджээ.

Хуурамч үхэл, зохион байгуулалттай гүтгэлэг

ChatGPT тухайн операторт нууц сүлжээний үйл ажиллагааг тэмдэглэх “өдрийн тэмдэглэл” болж үйлчилж байсан бол контентын ихэнхийг бусад хэрэгслээр бэлтгэн, сошиал хаяг болон вэбсайтуудаар тарааж байжээ. OpenAI уг үйл ажиллагааг илрүүлсний дараа тухайн хэрэглэгчийг хориглосон байна.
OpenAI-ийн мөрдөн шалгагчид ChatGPT хэрэглэгчийн бичсэн тэмдэглэлүүдийг бодит цахим үйл ажиллагаатай тулган баталгаажуулжээ. Жишээлбэл, нэгэн хятад тэрс үзэлтнийг нас барсан мэт харагдуулахын тулд хуурамч эмгэнэлийн мэдээ, булшны чулууны зураг бүтээж цахимд тараах тухай бичсэн байв. 2023 онд тухайн хүнийг нас барсан гэх худал цуурхал цахим орчинд тархсан талаар “Voice of America”-гийн хятад хэл дээрх нийтлэлд дурдсан байна.

АНУ–Хятадын AI өрсөлдөөн

Энэхүү тайлан нь хиймэл оюуны салбарт ноёрхохын төлөө өрнөж буй АНУ, Хятадын өрсөлдөөний үеэр гарч байна. Энэхүү өрсөлдөөн нь зөвхөн эдийн засаг төдийгүй батлан хамгаалах салбар, бизнесийн шийдвэр гаргалтад технологийг хэрхэн ашиглахтай шууд холбоотой юм.
OpenAI-ийн тайлан “Хятад улс мэдээллийн ажиллагаагаа сайжруулахад хиймэл оюуны хэрэгслийг идэвхтэй ашиглаж байгааг тодорхой харуулж байна” гэж шинэ технологийн бодлогод төвлөрч ажиллаж байсан Пентагоны хуучин албан тушаалтан Майкл Хоровиц ярьжээ.
Өдгөө Пенсильванийн их сургуульд профессор хийж буй Хоровиц “АНУ, Хятадын AI-ийн өрсөлдөөн улам ширүүсэж байна. Энэ өрсөлдөөн зөвхөн технологийн дэвшлийн тэргүүн эгнээнд явагдаж байгаа бус, Хятадын Засгийн газар өдөр тутмын хяналт, мэдээллийн системээ хэрхэн төлөвлөж, хэрэгжүүлж байгаад ч илэрч байна” гэжээ.
https://itoim.mn/a/2026/02/26/world/rzo?6f10d6beb2bd978de0c54fb56b7fd9b2
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen