Газрын тосны үнэ огцом өсжээ
ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба АНУ өнгөрсөн амралтын өдрүүдэд Иранд цохилт өгсний дараа нийлүүлэлт тасалдах вий гэсэн болгоомжлол үүссэнээр газрын тосны үнэ огцом өслөө.
Даваа гаргийн өглөө Азийн биржүүдийн арилжаа эхлэх үед Brent маркийн газрын тосны үнэ 13 гаруй хувиар өсөж, нэг торх нь 82.0 ам.долларт хүрснийхээ дараа бага зэрэг буурсан байна.
АНУ ба Израил амралтын өдрүүдэд Иранд цуврал цохилт өгснөөр дээд удирдагч Али Хаменеи болон хэд хэдэн өндөр албан тушаалтан, мөн олон зуун хүн цохилтод өртөн амиа алджээ. Ираны талаас Израил болон Бахрейн, Кувейт, Катар, Арабын Нэгдсэн Эмирт Улс зэрэг Ойрх Дорнодын орнууд дахь Америкийн байгууламжууд руу пуужингаар хариу цохилт өгсөн байна. Түүнчлэн Ормузын хоолойгоор өнгөрч буй хэд хэдэн хөлөг онгоц руу довтолсон нь газрын тосны зах зээлд богино хугацааны тасалдал үүсгэж болзошгүй байгааг шинжээчид анхааруулжээ.
“Ираны талын хариу довтолгоо Ормузын хоолой дахь газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцуудад цохилт өгч өргөжиж байгаа тул газрын тосны нийлүүлэлтэд тасалдал үүсэх эрсдлийг мэдэгдэхүйц нэмэгдүүлж байна” гэж ANZ олон улсын санхүүгийн группийн шинжээчид хэллээ.
Ормузын хоолой бол газрын тос тээвэрлэдэг гол сувгуудын нэг бөгөөд дэлхийн газрын тосны тээвэрлэлтийн 20 орчим хувь нь түүгээр дамжин өнгөрдөг байна. Үүнээс гадна, Газрын тос экспортлогч орнуудын байгууллага (ОПЕК) болон түүний түнш орнууд ням гаргийн уулзалтаар олборлолтоо өдөрт 206 000 торхоор нэмэгдүүлэхээр тохиролцсон бөгөөд энэ нь АНУ, Иран хоорондын дайны улмаас үүсэж болзошгүй нийлүүлэлтийн тасалдлыг хэсэгчлэн нөхөх ажээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


