
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны үйл ажиллагааны тайлан болон 2026 оны төлөвлөгөө, хүлээгдэж буй үр дүнгийн талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Энэ үеэр тус компанийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуугаас 1072 хувьцааны ногдол ашиг болон нээлттэй компани болохын ач холбогдлын талаар тодрууллаа.
-Ер нь нээлттэй компани болохын ач холбогдол нь юу вэ?
-Ерөнхийдөө нээлттэй хувьцаат компани болно гэдэг нь хувьцааг хоёр дагч зах зээлд нээх тухай асуудал шүү дээ. Их хурал руу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар”-аас дотоод хяналт оруулаад хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэсэн. Хаврын чуулганаар энэ тогтоол цаашаа үргэлжлээд их хурал дээр хэлэлцэгдээд явах байх. Бид нээлттэй компани болохын тулд олон улсын аудитын байгууллагаар сүүлийн гурван жилийн санхүүгийн тайланд хараат бус хөндлөнгийн үнэлгээ хийлгүүлж байна. Засгийн газраас 2025 онд үүрэг чиглэл өгсний дагуу энэхүү ажлыг нэг сард эхлүүлж, одоо 20 гаруй хувьтай, ирэх зургадугаар сард дуусгахаар ажиллаж байна. Үндсэндээ манай компанийн бүхий л үйл ажиллагааны үе шатуудаар хөндлөнгийн аудитын дүгнэлт гаргана гэсэн үг. Энэ дүгнэлттэй зэрэгцүүлээд “Тавантолгой”-н ордын нэгдсэн ТЭЗҮ-г шинэчлэн батлуулах ажлыг өнгөрсөн жил хэлэлцүүлсэн. Тайлан дүгнэлтээ бэлэн болгосон бөгөөд одоо “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл”-өөр батлуулах гээд ажиллаж байна. Бид өнгөрсөн онд ордын нөөцийг 8.1 тэрбум болгож шинэчлэн батлуулсан. Энэ хүрээндээ тус компанийн хөрөнгийн болон бизнесийн үнэлгээг хийхэд үнэлгээ маань энэ чигээрээ өснө гэсэн үг.
Сүүлийн гурван жилийн санхүүгийн үзүүлэлтийг аваад үзэл манай бизнесийн үнэлгээ жилд дунджаар нэг тэрбум ам.долларын цэвэр ашигтай байна. Энэ нь нэгж хувьцааны хөрөнгийн болон бизнесийн үнэлгээгээр гарч ирэхэд гол чухал үзүүлэлт болдог. Эдгээрийг хийж хэрэгжүүлснээр иргэдийн хувьцааны үнэ цэн өснө. Засгийн газрын шийдвэрээр иргэн бүрт нэг сая төгрөгийн үнэлгээтэй хөрөнгө буюу 1072 ширхэг хувьцаа өгсөн. Энэхүү тогтоолоор тус хөрөнгийг захиран зарцуулах эрхийг төр хязгаарласан. Тэгэхээр 933 төгрөг гэдэг маань 10 гаруй жилийн өмнөх үнэлгээ байна шүү дээ. Яг одоо “Эрдэнэс Тавантолгой” компанийн балансын үнэлгээгээр аваад үзвэл 933 төгрөг гэдэг нь хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг. Нөгөө талаас эрсдэлүүд байгаа. Иргэдийн санхүүгийн боловсрол мэдлэг ямар байгаа вэ, 1072 хувьцаа гэдэг зүйл гарч ирснээс хойш ямар ч байсан нэрийн дансаа нээлгэх ажиллагаа бусад улсуудтай харьцуулахад маш өндөр түвшинд хүрсэн.
2024 оны 10 дугаар тогтоолоор шинээр төрсөн хүүхдүүдэд хувьцаа өгч, үүнийг хүүхдийн дансаар л олгож байсан. Үүнтэй холбоотойгоор зарим хүүхэд нэрийн дансгүй байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ нээлттэй болгоод ирэх юм бол мэдээж нэрийн дансаараа хоёр дах зах зээлийн арилжаанд оролцох нь өөрийнх мэдэх хэрэг. Иргэд өмч хөрөнгөө зарах, бэлэглэх, өвлүүлэх, тэрийгээ хадгалах, ашгаасаа өгөөжөө хүртэх гэдэг бол иргэдийн өөрсдийнх нь эрхийн асуудал. Ер нь хувьцаат компанийн хэлбэр нь дэлхийд олон жил тогтсон зүйл. Харин компани талдаа засаглал бүрэн утгаараа хэрэгжих боломжтой болно. Ямар нэгэн хөндлөнгийн этгээд, ямар нэгэн өөр шийдвэрээр, өөрийн үйл ажиллагаанд хамааралгүй төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлээд байх нь зарчмын хувьд буруу. Нээлттэй болгосноор энэ боломжгүй болно. Өөрөөр хэлбэл саналын эрхгүй байгаа иргэд маань саналын эрхтэй болж эхэлснээр миний өмч хөрөнгөд дураараа халдаж болохгүй гэдэг эрхээ хэрэгжүүлэх боломж нь нээгдэнэ. Иймээс Монгол Улсын Засгийн газраас “Эрдэнэс Таванттолгой” компанийг нээлттэй болгох ажлыг 2026 онд хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг даалгасан. Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” “Эрдэнэс Монгол Нэгдэл”-ийн зүгээс үе шаттай ажлуудыг хийж байна.
-Эрдэнэс Тавантолгой ХХК энэ оны дөрөвдүгээр сард багтаан ногдол ашиг тараана гэж мэдэгдсэн. Танай компани өнгөрсөн онд хэр ашигтай ажилласан бэ?
-"Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 онд 30.3 сая тонн нүүрс олборлож, 28.7 сая тонн нүүрс борлуулсан. 2025 онд нүүрсний үнэ сүүлийн зургаан жилээр авч үзэхэд тав, зургадугаар сард хамгийн доод хэмжээнд хүрсэн. Гэхдээ Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлого, салбар хоорондын уялдааг хангаж өгснөөр долоодугаар сараас хойш үнэ, борлуулалт харьцангуй тогтворжиж эхэлсэн. Бид арванхоёрдугаар сард анх удаа дөрвөн саяас дээш тонн нүүрс экспортолж, улсын төсөвт 1.6 их наяд төгрөгийн татвар хураамжийг төвлөрүүлсэн. Түүнчлэн “Хуримтлалын сан”-д 375 тэрбум төгрөгийн хуримтлуулсан. Энэ мөнгөний тодорхой хэсгийг ипотекийн зээлийн эх үүсвэр болгож байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, санхүүгийн тайлангаа гаргасан. Компаний тухай хуулиараа санхүүгийн тайлангаа гаргаж, ТУЗ-ийн шийдвэрээр хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараах гэж байна.
-2019 онд танай компанийн цэвэр ашиг нэгж хувьцаанд 90 төгрөг тооцож ногдож байсан ч энэ жилийн хувьд 65 төгрөг олгож байна. Энэ талаар тайлбар өгөөч?
-Компаний тухай хуулиар ногдол ашиг тараах шийдвэрийг хувьцаа эзэмшигч болон Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр гаргадаг. Анх 2019 онд нэгж хувьцаанд ногдох ногдол ашиг нь 90 төгрөг гэж гаргаж байсан юм билээ. Энэ онд дээр дурдсанчлан 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашгийн нэгж хувьцаанд 65 төгрөг хэмээн тооцож ногдол олгож байна. Гэхдээ үүн дээр нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Ерөнхийдөө “Эрдэнэс Тавантолгой” компани цэвэр ашигтай борлуулалт, экспорт, тээврийг нэмэгдүүлээд татвар хураамж бүх түвшинд Монгол Улсын эдийн засагт хувь нэмэр оруулж байгаа. Гэхдээ энэ компанид өгсөн үүрэг даалгавар маш их. Өнгөрсөн хугацаанд 7 их наяд төгрөгийн өөр төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн байна. Зөвхөн 2025 онд гэхэд “Тавантолгой Түлш” компанид 280 тэрбум төгрөгийн санхүүжилт өгсөн. Үүнийг бас буруутгаж болохгүй. Улаанбаатар хотод манай улсын нийт иргэдийн 50 орчим хувь амьдардаг. Тэдний эрүүл мэндийн асуудал, нийгмийн хариуцлагын хүрээнд шийдэх ёстой үүрэг даалгавар, тогтоол шийдвэрийн дагуу манайх 280 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Мөн “Гашуунсухайт”, “Ганцмод” боомтын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхтэй холбоотойгоор 252 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон. Түүнчлэн 2020, 2021, 2022 онд гаргасан шийдвэрүүдийн дагуу бусад төсөл хөтөлбөрүүдийн төлбөрийг ч төлөөд ажиллаж байна. Тийм учраас энэ компани зохист харьцаагаа бариад мөнгөн урсгал гэхчлэн бүх зүйл дээр тооцоо судалгаатай ажиллах ёстой. Мөнгөн урсгалын хувьд хэдий цэвэр ашигтай байгаа ч бэлнээр ийм олон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж байгаа учраас хүндрэлтэй гэдгийг удаа дараа хэлж байна. Компанийн удирдлагуудын зүгээс дараа жил ч гэсэн 1.2 их наяд төгрөгийн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх ёстой. Иймээс үйл ажиллагааны өртөг зардлаа бууруулж хэмнэх зэргээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл бид Монгол Улсын стратегийн томоохон ордын хувьд нийгэм эдийн засагт үзүүлж буй нөлөөллийн хувьд өндөр хэмжээнд хүрчихсэн. Татвар төлөлт, борлуулалтын орлогоороо Монгол Улсын нэг номерт орохоор компани болсны хувьд үүргээ ч ачаагаа үүрж байгаа.
https://itoim.mn/a/2026/02/26/san-economics/lbp?80a9a6f5528d9b64925a5cc8749abb07