УНТЭ түр орлон гүйцэтгэгчдийн “дадлагын бааз” болжээ

УНТЭ түр орлон гүйцэтгэгчдийн “дадлагын бааз” болжээ

 

Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-т дарга тогто­хоо болилоо. Төрийн өмчийн эмнэлгүүдийн захирлууд угаасаа л “нэг засгийн настай” байсаар ирсэн нь үнэн. Энэ нь төр засаг солигдох бүрд эмнэлгүүдийн дарга нарыг халж сэлгэдэг муу жишиг тогтсонтой холбоотой. Т.Мөнх­­­­­­­­сайхан Эрүүл мэндийн сайд болмогцоо төв, тусгай мэр­­­­­гэжлийн эмнэлгүүдийн дарга нарын олонхыг нь өөрийн хүнээрээ сольсон. Дараа нь түүний “суудал”-ыг бөөн сен­сац болгож байж авсан Ж.Чинбүрэн мөн л халаа сэлгээ хийсээр, одоо ч улс төрийн томилгоонууд нь дуусаагүй байна. Үе үеийн сайд нар томилгоо хийж л байдаг гэж цайруулмаар байвч арай ч 10 хоноод дарга нь солигдсон эмнэлэг өмнө нь байгаагүй юм шүү. Сүүлдээ эмнэлгүү­­дийг нь удирдах хүн ч олдохоо больж байх шиг.

УНТЭ-ийг хамгийн сүүлд удирдаж асан Н.Лхажий уржигдар өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөнөөр тус эмнэлэг дахин удирдлагагүй болов. Тэрбээр арав­­хан хоногийн өмнө нь л Өмнөговь аймгийн Бүсийн оно­шилгоо, эмчилгээний төвийн даргаар ажиллаж байсан бөгөөд түүнийг дуудаж авчруулаад ийн хөгөө чирцгээ­жээ. Н.Лхажий хуучин албаа үргэлжлүүлэн хаших хүсэл­тэй байгаагаа ажлаа өгөхдөө ч хэлсэн байна. Ингэснээр УНТЭ сүүлийн нэг жилийн хугацаанд гурав даргын нүүр үзэж, эцэст нь “эзэн” ч үгүй хоцорсон нь энэ аж. Ямар сайндаа л эмч нар нь дарга “тогтоодог” ном уншуулъя гэж хошигнож байх вэ дээ.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Б.Хишигжаргал, Л.Бямбасүрэн, Д.Лхажий нар УНТЭ-ийн ерөнхий захирал, уг албыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллажээ. Салбарын хүн хэрэгтэй хэмээгээд Төрийн соёрхолт Б.Хишигжаргалыг томилсон, бүтсэнгүй. Эмнэлгээсээ туршлагатай эмч сонгоно гээд мэс заслын тасгийн эрх­лэгчээ захирал болготол бас л байгаа оносонгүй. Эцэст нь орон нутгаас захирал “заллаа”, тусыг эс олов. Тэдний дундуур цөөнгүй “туулай” гүйсэн ч гэдэг.

Эмнэлэгт эмч, сувилагч дутах нэг хэрэг. Харин дарга тогтохгүй бол наад зах нь мэс засал, яаралтай тусламж гээд эмнэлгийн бүхий л үйл ажиллагаа доголдож, иргэд эмчилгээ, үйлчилгээ авч чадахгүйд хүрдэг. Цаашлаад удирдлага солигдох бүрд шинэ бодлого, чиглэл, то­­­милгоо гээд ажил хэсэгтээ урагшлахгүй. Үүний уршгаар үйлчилгээний чанар, стандарт, хүртээмж ухарсаар л байдаг. Улсын ууган, урдаа барьдаг эмнэлэг нь ийн удирдла­­гагүй, дарга нар нь “жижүүрийн хуваарь”-тай. Байгууллага нь түр орлон гүйцэтгэгчдийн дамжин өнгөрдөг “дадлагын бааз” болж хувирсан нь даанч харамсалтай.

О.Оргилох

https://www.unuudur.mn/a/280278

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen