Зээлтэй өрхийн дундаж дүн нь 20.4 сая төгрөг бол улсын гадаад өр 40.4 тэрбум ам.долларт хүрчээ

Зээлтэй өрхийн дундаж дүн нь 20.4 сая төгрөг бол улсын гадаад өр 40.4 тэрбум ам.долларт хүрчээ

 

Сар шинийн баяр дөхөж буй энэ өдрүүдэд иргэдийн худалдан авах чадвар муу байгааг худалдаачид ярьж байна. Тэгвэл иргэдийн ихэнх нь зээлтэй. Үүний улмаас худалдан авах чадвар муу байгаа бололтой. 

2025 оны гуравдугаар улирлын байдлаар нийт өрхийн 72.7 хувь нь зээлтэй амьдарч байгаа нь ҮСХ-ны судалгаанаас харагдаж байна. Өөрөөр хэлбэл, 50-иас илүү хувь нь зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа гэсэн үг юм. Ингэхдээ зээлтэй өрхийн дундаж дүн нь 20.4 сая төгрөг байна. Судалгаагаар зээлтэй нэг өрх сард дунджаар 1.3 сая төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд буцаан төлж байгаа аж.

Өрхийн зээлийн эргэн төлөлтийг төрлөөр авч үзвэл,

  • Тэтгэврийн зээлтэй өрх сард дунджаар 715.0 мянган төгрөгийг,
  • Хэрэглээний зээлтэй өрх 899.4 мянган төгрөгийг,
  • Цалингийн зээлтэй өрх 980.5 мянган төгрөгийг,
  • Орон сууцны зээлтэй өрх 1.1 сая төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд зарцуулж байна.

Иргэдээс гадна улс орны өр зээл ч өсжээ.  Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2025 оны урьдчилсан гүйцэтгэлээр 32.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 1.2 (3.8%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 30.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 386.8 (1.3%) тэрбум төгрөгөөр тус тус өсжээ.

Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2025 онд 31.3 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2025 онд 31.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 698.1 (2.3%) тэрбум төгрөгөөр өсжээ. Зарлага өсөхөд бараа, үйлчилгээний зардал өмнөх оноос 510.7 (5.3%) тэрбум төгрөгөөр, урсгал шилжүүлэг 1.3 (12.8%) их наяд төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна. 2025 онд нийт зардалд урсгал шилжүүлэг 37.6 хувь, бараа үйлчилгээний зардал 32.2 хувь, хөрөнгийн зардал 22.7 хувь, хүүгийн зардал 5.0 хувь, татаас 2.6 хувийг эзэлж байна.

Манай улсын гадаад өр 2025 оны эцэст 40.4 тэрбум ам.долларт хүрээд байна. Тодруулбал, 2015 онд 21.7 тэрбум ам.долларын гадаад зээлтэй байсан Монгол улс арван жилийн хугацаанд 40.4 тэрбум ам.долларт хүрчээ. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen