
Нийслэлийн төсвийн орлого жил бүр нэмэгдэж, 2023 онд 1.9 их наяд төгрөг байсан бол 2025 онд 3.8 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь эерэг үзэгдэл мэт харагдавч, судлаачдын үзэж буйгаар нийслэлийн төсөв эдийн засгийн бодит өсөлтөөс хол давсан хурдаар тэлж байна. Төсөв эдийн засгийн бодит өсөлтөөс хэт хурдтай нэмэгдэх нь гол төлөв давтамжтай тодотгол ихтэй төсөв, томоохон хөрөнгө оруулалтын шийдвэртэй холбоотой байдаг.
Манайд нийслэлийн төсөв батлагдаж тодотгол хийх бүрдээ нэмэгддэг жишиг тогтоод удаж байна. Энэ удаад ч 2026 оны төсөвт нэг их наяд гаруй төгрөгийн тодотгол хийх тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцэж байна. Тодруулбал, төсвийн орлого хоёр сарын өмнө баталсан 4.9 их наяд төгрөгөөс 5.4 их наяд, зарлагын нийт хэмжээ 5.8 их наядаас 6.5 их наядад хүргэх тооцоог гаргажээ.
2026 оны тодотгол дахин нэг их наяд
Энэхүү орлогыг “Сэлбэ 20 минутын хот корпорац”-аас хариуцан хэрэгжүүлж буй төслийн хүрээнд нийт 8575 айлын 113 блок барилгын ажлыг хийж, 2026-2027 онд ашиглалтад оруулж, борлуулалтаас олсон орлогыг төсөвт төвлөрүүлнэ. Мөн 200 тэрбум төгрөгийн үнэт цаасыг дотоодын зах зээлд арилжаалах зэргээр төсвийн орлогоо бүрдүүлэх юм. Харин ингэж бүрдүүлсэн төсвийн орлогоо дүүжин тээвэр, “Сүү” хөтөлбөрийн хүрээнд хөнгөлөлттэй зээл олгох, ДЦС-5 барих зэрэг ажилд зарцуулна. Түүнчлэн энэ төсвөөс гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Г” хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн ажил, Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөний тохижилт ногоон байгууламжид зарцуулах төсөл, арга хэмжээний нийт 5.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хасахаар болжээ. Харин 2025 оны жилийн эцэст санхүүжилт нь олгогдоогүй 9 төсөл, арга хэмжээнд 2.4 тэрбум, төсвийн хөрөнгөөр 2025 онд хэрэгжиж байсан ч санхүүжилт татагдсан дөрвөн төсөл, арга хэмжээнд 9.4 тэрбум, нийслэлд хэрэгжих шинэ төсөл, арга хэмжээнд 9.8 тэрбум, “Улаанбаатар трам” төслийн хоёрдугаар шугамын ажилд 350 тэрбум, ДЦС-5 төсөлд 200 тэрбум төгрөгийг тус тус нэмж тусгахаар болсон байна. Мөн урсгал зардлыг 71.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан. Ингэхдээ COP17 үйл ажиллагаатай холбоотойгоор хурлын байр байгууламж, үйлчилгээг түрээсийн хэлбэрээр зохион байгуулахад холбогдох зардалд 70.1 тэрбум төгрөг тусгах аж.
Том төсөл удаан үр дүн...
Өнгөрсөн жилүүдийн жишээнээс харахад тодотголоор нэмэгдсэн орлого ихэвчлэн томоохон төсөл хөтөлбөрт төвлөрч байна. Тухайлбал, 2024 онд нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог барьж байгуулах төслийг санхүүжүүлэх, “20 минутын хот” төсөл болон сургууль, цэцэрлэг нэмж барих чиглэлд анхаарч өндөр үнээр санхүүжилт хийсэн. Томоохон төсөл хөтөлбөр нь удаан хугацаанд үргэлжилдэг учраас иргэдийн өдөр тутмын амьдралд шууд мэдрэгдэх үр нөлөө бага байдаг. Метро төсөл дээр жишээ авахад уг төслийг одоо ч ярьж буй бөгөөд зураг төсөлтэйгөө зууралдсаар хоёр жилийн хугацаа өнгөрч байна. Гэтэл энэ удаагийн тодотголд ч томоохон төсөл буюу “Улаанбаатар Трамвай” төсөлд 350 тэрбум төгрөгийг зарцуулах төлөвлөгөө тусгагдсан. Өнөөгийн нөхцөлд нийслэл хотод трамвай бус цахилгаан станц, дэд бүтэц нэн түрүүнд шаардлагатай байгаа. Гэхдээ төсөв батлахдаа аль зүйлийг түрүүлж хийх вэ, аль нь илүү хэрэгцээтэй вэ гэдгийг эрэмбэлж чадахгүй байгаа нь гол асуудал болж буй байна.
Энэ талаар Нээлттэй нийгэм форум ТББ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам, Нийслэлийн төсвийн тодотголийг харахад маш шуурхай шийдвэр гаргаж байна. Уг нь тодотгол хийх шаардлага үнэхээр үүссэн үү гэдгээ тайлбарлах хэрэгтэй. Хамгийн гол нь хэт олон төслийг барьж авснаас илүү цөөн тооны төслийг хурдан шуурхай хэрэгжүүлж үр дүнг нь гаргаж байвал илүү ач холбогдолтой. Төсөл удаашрах тутам төслийн нэгжийн зардал маш их гардаг. Тэгэхээр үүн дээр анхаарах хэрэгтэй.Улаанбаатар хотод утааны асуудал хамгийн түрүүнд тавигдаж байгаа. Эрүүл агаараар амьсгалах нь үндсэн хуульд олгогдсон хүний чухал эрх. Нийслэлийн зүгээс хамгийн түрүүнд агаарын бохирдлыг бууруулахад анхаарах ёстой. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд харж байхад агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хэмжээний төсөл тавьж байгаа боловч гэрлэн чимэглэл, зам брожур, гайгүй байгаа явган хүний замыг хуулаад засах гэхчлэн нэн тэргүүнд шаардлагатай бус ажлуудыг хийгээд байна. Цаашид зам, талбайн зарим шаардлагагүй хашлага бордюр засаж сольж байхын оронд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх төсвийн хөрөнгө оруулалтаа өсгөх шаардлагатай. Аль төслийг түрүүлж хэрэгжүүлэх вэ гэдэг эрэмбээ баримтлахгүй байгааг л харуулж байна.
Нийслэлийн төсөв жил бүр тэлж байна. Харин иргэдийн амьдралд сайжирч байгаа юу гэдэг нь асуулт. Төсвийн тодотгол бол санхүүгийн уян хатан механизм. Гэвч бодлогын тодорхой эрэмбэгүй, дандаа нэмэгддэг шинжтэй болбол эрсдэлийн дохио болно. Ийм тэлэлт нь ирээдүйд өрийн дарамт, инфляцын эрсдэл, санхүүгийн бодлогын тогтворгүй байдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Иймээс хөрөнгө оруулалтын эрэмбийг тогтоож, аль ажлыг түрүүлж, аль ажлыг хойш тавих вэ гэдгийг анхаарах хэрэгтэй байна.
https://itoim.mn/a/2026/03/02/economy/qnc?c9482a1bc33f45f37c706d1f72702159