ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭР БАРИХ АЖИЛ 35 ХУВЬТАЙ БАЙНА
Тэр бүү хэл гадаад, дотоодын шатахуун борлуулагчдын урхинд улс орноороо орж, инфляцын хөөрөгдөл, валютын ханшийн савалгааг дийлэхээ байсан. Өнгөрсөн таван жилд ОХУ болон БНХАУ-аас жилд дунджаар 1.25 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн худалдан авсан байдаг. Жилд дунджаар нэг тэрбум орчим ам.доллар зарцуулсан нь нийт импортын 25-30 хувийг эзэлсэн байна.
Олон жилийн өмнө П.Очирбат ерөнхийлөгч байхдаа газрын тосоор цав цагаан дээлээ будаж байсныг тодхон санаж байгаа байх. Тэр цагаас хойш газрын тосны үйлдвэр барина гэж олон жил ярьж, таван удаагийн оролдлого хийсний эцэст энэ зун мөрөөдөл биелэлээ олж эхлэв. Тодруулбал, БНЭУ-ын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Сайншанд сумаас зүүн хойд зүгт 18 километр байрлах Алтанширээ сумын нутаг дэвсгэрт газрын тос боловсруулах үйлдвэрийн шавийг өнгөрсөн зургадугаар сарын 22-ны өдөр тавьсан юм.
Үйлдвэрийн бүтээн байгуулалт эхэлснээс хойш гурван сарын хугацаанд цахилгааны дэд станц, агаарын шугам, төмөр зам, авто зам зэрэг газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил 35 хувьтай явж байгаа гэнэ. Энэ талаар “Монгол Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнноровоос тодруулахад “Өнөөдрийн байдлаар агаарын шугамын ажил 85-90 хувьтай явж байна. Жижиг станц нь баригдсан. Цахилгаанаа өгөх гол станцын ажил дууссан. Агаарын шугамын тулгуурууд нь бүгд баригдсан.
Одоо утсаа татах дэд ажлууд нь хийгдээд явж байгаа. Төмөр замын ажил хоёр бүтэцтэй байдаг. Доод үеийн ажил буюу төмөр замын далангийн ажлын 50 хувийг нь гүйцэтгэсэн. Мөн авто замын суурийн ажил хийгдэж дууссан. Дараа жил гэхэд төмөр замын бетонуудаа тавина. Авто замын бэхэлгээнийхээ ажлыг хийнэ. Улаанбаатараас Замын-Үүд явж байгаа олон улсын томоохон төмөр замын доогуур манай үйлдвэр рүү явах гүүрийн ажил эхлээд явж байна. Ирэх арваннэгдүгээр сарын сүүл гэхэд бид дуусгах төлөвлөгөөтэй байна. Ерөнхийдөө үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 30-35 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Газрын тосны үйлдвэрийг 2019 оны есдүгээр сард дуусгахаар төлөвлөсөн. Энэ өвөл бэлтгэл ажлаа хийгээд бэлэн болгочихвол бараг хугацаанаасаа өмнө дуусна гэсэн итгэл найдвартай байна. Биднийг орон нутгаас маш сайн дэмжиж ажиллаж байгаа. Дэд бүтцийн ажлын туслан гүйцэтгэгчээр орон нутгийн долоон компани, 100 гаруй иргэд болон орон нутгийн иргэдийн техник хэрэгслийг татан ажиллуулж байна. Бид амралтын өдрийг алгасахгүй ажиллаж байгаа” гэлээ. БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлийг үйлдвэрийн барилгын ажилд зарцуулж байгаа бөгөөд үйлдвэр рүү очих дэд бүтцийг Монгол Улсын Хөгжлийн банкны зээлээр хийж байгаа юм.
Дэд бүтэцтэй ойр газар зүйн байршлыг нь харгалзан Алтанширээ суманд үйлдвэр барихаар тогтсон байдаг. Түүхий эдээ Дорнод аймгаас авч, боловсруулаад Улаанбаатар болон бусад газарт хүргэх гэнэ. Өөрөөр хэлбэл, Дорнод аймгаас Дорноговь руу 600 гаруй км шугам хоолой татах юм байна. Дорнод аймагт “Петро Чайна дачин Тамсаг”, “Петро Матад” зэрэг газрын тосны компани үйл ажиллагаа явуулж буй. Эдгээр компанийн талбайгаас Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу түүхий тосоо нийлүүлэх юм. Энэтхэгийн мэргэжилтнүүд манай тосны чанарыг сайн гэж дүгнэжээ. Бүх ажлаа тооцоолсны дагуу гүйцэтгэж чадвал газрын тос боловсруулах үйлдвэрийг 2021 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй аж. Ингэснээр жилд Монгол Улсын хэрэглэдэг нэг сая гаруй тонн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж, хэрэгцээгээ хангана гэсэн үг. Улмаар валютын гарах урсгал 20 орчим хувиар буурах урьдчилсан тооцоо бий. Газрын тос боловсруулах үйлдвэрийн хүчин чадал 1.5 сая тонн байх бөгөөд евро-4,5 стандартын шаардлага хангасан 560 мянган тонн автобензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм байна.
Түүнчлэн дээрх үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын нийт бүтээгдэхүүн арав хүртэл хувиар, боловсруулах аж үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдэх боломжтойгоос гадна газрын тосны бүтээгдэхүүний импорт 1 тэрбум ам.доллар болж, ам.долларын ханш 18-25 хүртэл хувиар буурна гэдэг тооцоог Сангийн яамнаас гаргасан. Тэр бүү хэл улсын болон орон нутгийн төсөвт бүх төрлийн татвар, хураамж хэлбэрээр жил бүр 150 сая ам.доллар төвлөрөх юм байна. Үйлдвэрийг дагаж будаг, автомашины дугуй, резинэн эдлэл, хуванцар, хими-цэвэрлэгээний материал, үнэртэн гоо сайхан, эмийн зэрэг 30 төрлийн үйлдвэр байгуулагдана гэсэн тооцоо бий. Цаашилбал, боловсруулах үйлдвэр 0.7 тэрбум гаруй ам.доллар, газрын тос дамжуулах хоолой 264 сая ам.долларын борлуулалт хийж, жилийн 43 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллана гэдэг тооцоо, судалгааг мэргэжилтнүүд гаргаад байгаа юм. Харин хөрөнгө оруулалтаа 8-10 жилийн дотор нөхнө гэж тооцож буй юм. Газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллах боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор Энэтхэг улсаас Дорноговь аймгийн 10-15 хүүхэд залуучуудыг газрын тосны чиглэлээр тус улсад сургахаар болжээ.
http://www.undesniishuudan.mn/content/read/160614.htm