Хүүхдээ боддог эцэг эхчүүд “Номин” супермаркетыг бүү зүглэ!

Хүүхдээ боддог эцэг эхчүүд “Номин” супермаркетыг бүү зүглэ!

Мэдээж аливаа бизнест ашиг орлого чухал. Гэхдээ хүний эрүүл мэндийг уландаа гишгэж мөнгөний хойноос улайрчихсан бол дэндүү увайгүй хэрэг л дээ. Ялангуяа хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн итгэл рүү ус цацаад байвал тэр бизнесийн цаашдын ирээдүйд сэв сууж байна л гэсэн үг. Тэгвэл иргэдийн олноороо үйлчлүүлдэг “Номин” супермаркеттай холбоотой тун таагүй мэдээлэл наадмын өдрүүдэд хэн хүний сэрэмжлэхэд хүргэв. Фэйсбүүк дэх Score Yalalt нэртэй иргэн сошиал хуудаснаа "НОМИН" сүпермаркетынханд хаягласан пост оруулсан юм.

Тэрээр “Найзын маань хүүхэд Номингоос авсан энэ соконд хордоод эмнэлэгт хүргэгдээд 2,3 хонож байна. 9 сартай хөхүүл хүүхэд. Эмнэлэгт очоод хордлого тайлах дусал, эмчилгээ хийлгүүлээд гарсан ч өдөрт 10-15 (юм идэх, хөхөх болгондоо) бөөлжөөд байгаа учраас эргээд хэвтсэн байна.

Номингийн утасруу энэ бүтээгдэхүүнээс чинь хордчихлоо яриад хэлтэл өөдөөс нь, шинжлүүлээд манайхаас авсан гэдгээ баталгаажуулаад аваад ир гэсэн болтой юм. Жоохон сэтгэлтэй хариуцлагатай байцгаа найз нараа. Баримт чинь энэ байна, баталгаа нь одоо ч эмнэлэгт байгаа хүүхэд байна. Номин Супермаркет /Nomin Supermarket Official / одоо та бүхэн минь найзруу маань холбогдоод хийх ёстой зүйлээ хий!!! 91910620 Huyagaa Nyamdorj

Хүүхэд өвчтэй байхад хэрүүл хийгээд яахав гээд харзнаж байгаа хүний өмнөөс найз нь биччихлээ” хэмээсэн байгаа юм.

Тэгэхээр 9-хөн сартай хүүхдийг хордлогод ороход хүргэсэн чанаргүй сок худалдаалсан “Номин”-гийнхон асуудалд тун хойрго, хариуцлагагүй, үл ойшоосон байдалтай хандаж буй нь  дээрх постоос ойлгогдож байгаа юм. 9-хөн сартай хүүхэд гэдэг бол тун эмзэг үе дээрээ байгаа шүү дээ. Хэрэвзээ хордлого нь гүнзгийрч, нөхцөл байдал бүр илүүтэй хүндэрсэн бол “Номин”-гийнхон манайхаас хордсон гэдгээ батла гээд л даапаалаад сууж байх нь л дээ.

Хүүхдийн эрүүл мэнд бол томчуудынхаас хамаагүй эмзэг. Том хүмүүсийг бодвол хүүхдийн эрүүл мэндийн байдал минут секундээр хэмжигдэж, дорхноо мууддаг гэдгийг мэргэжлийн эмч нар хэлдэг. Тэр ч утгаараа хүүхдэд зориулсан хүнсний бүтээгдхүүнээр үйлчилж байгаа бол чанар,  хадгалалтын хугацаа зэрэгт сайтар анхаарах ёстой. Хүүхэд бол хогийн сав биш. Чанаргүй хүнсний бүтээгдхүүнээр туршилт хийж байдаг туршилтын цэг биш. Хүүхдийн эрүүл мэнд, амь насаар наадах эрх Номин супермаркет байтугай, өшөө хэнбугайд ч байх ёсгүй. Тиймээс ч “Номин” супермаркетын удирдлагууд 9-хөн сартай хүүхдийг хордлогод оруулж, өдөрт 15 удаа бөөлжүүлж байгаа эл завхарсан үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой болов уу.

Бага насны хүүхдийн нэг удаагийн бөөлжилт таваас доошгүй удаагийн суулгалттай тэнцдэг гэдгийг эмч нар хэлдэг. Тэгэхээр өдөрт 15 удаа бөөлжиж буй хүүхэд ямар их хэмжээний шингэний дутагдалд орж тамирдаж байгаа бол. Тэгж байгаад тэр хүүхэд хордлогын шоконд орвол яах болж байна. Тэгэхээр нэн тэргүүнд хүүхдийн эрүүл мэндэд санаа тавьж, анхны бүхий л арга хэмжээг авахад нь бодит тусламж үзүүлэх ёстой “Номин”-гийнхон бүх зүйл өнгөрсний дараа хариуцлага хүлээх гээд байгаа юм уу.

Нэгдүгээрт, Хүүхдийн эрүүл мэнд чухал шүү дээ.

Ер нь “Номин” супермаркет хүүхдүүдийн эрүүл мэндийн эсрэг зүйлс хийдэг талаарх мэдээллүүд ч өнгөрсөн хугацаанд гарч л байсан байдаг. Эргэн сануулахад, Ховд аймаг дахь  “Номин” супермаркетын салбар  маш олон төрлийн хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалж байгаа талаар иргэд сэтгэгдлээ илэрхийлж байв. Гол нь тэдгээр хугацаа нь дууссан бүтээгдхүүнүүд  дотор нь хүүхэд  багачуудын идэх дуртай “Хрустик”, “Mars”, “Контик” ззэрэг бүтээгдэхүүнүүд байгааг эцэг эхчүүд хэлж ярьж байсан.

Энэ бол харамсалтай мэдээ  л дээ. Хамгийн нэгдүгээрт тавигдах ёстой хүүхдийн эрх ашгийг “Номин” супермаркетынхан үл тоодог юм байна гэсэн ойлголт эрхгүй төрж байгаа юм. Тиймээс ч хүүхдээ боддог эцэг эхчүүд “Номин” супермаркетаас хол яваарай гэсэн сэтгэгдлүүд сошиалаар тараад байгааг тодотгоё.

 

Шуурхай.мн

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen