Сошиалыг соёлтой хэрэглэж сурцгаая
“Яг шээс гоожих гээд тэсч байтал ард машин сигналдаад золтой л дусаачихсангүй”...гэж нэг нь жиргэжээ. Энэ сошиалын соёлтой хэрэглээ мөн үү. Хэнд хамаатай мэдээлэл вэ. Цаашилбал, шөнийг хэрхэн өнгөрүүлсэн, өглөө яаж сэрсэн, юу идсэн уусан тухайгаа бичсээр өдрийн мэдээ рүү шилжинэ. Амжилт бүтээл гэхээсээ нийгмийн бухимдал, нийтийн үйлчилгээ, гэмт хэргийн мэдээ, дахиад орой очиход гэрийнхэн нь хэрхэн угтсан, телевизийн нэвтрүүлгүүд ямар сэтгэгдэл төрүүлсэн гэхчлэн “мэдээлэл солилцсоор” шөнө дундыг хүргэж “Өглөө яаж босноо” гэсээр цахим хуудсан дахь нэгэн өдрөө өнгөрүүлдэг хүн маш олон байна. Магадгүй дээрх процесс хамгийн зөөлөн, эерэг хэлбэрийнх нь. Үүнээс уусгаад гэмт хэргийн шинж чанар агуулсан, өдөөн хатгалга, турхиралт, гүтгэлэг доромжлол бүхий зорилтот хэрэглээ давамгайлах болоод удаж байна. Хэрэв хохирогч объект эгэл жирийн хүн мөн бол хохирлыг хэн ч хариуцахгүй. Харин төрийн өндөр албан тушаалтан тэргүүтэн мөн бол хууль хяналтын байгууллага анхаарал тавин ажиллаж хариуцлага тооцож ч чадаж байна.
Монголд сошиал медиа хэрэглэгчийн тоо зөвхөн facebook-ийн хэмжээнд өнгөрсөн онд 1.7 сая хүн байсан бол энэ оны эхний хоёр сарын байдлаар 2.1 саяд хүрчээ. Үүнээс 52 хувь нь эмэгтэй, 48 хувь нь эрчүүд байна гэнэ л дээ.
Хүн амын мэдээлэл авах аргын реформ гэж албан ёсны мэдээнд дурдсан байдаг сошиал медиаг бизнес эрхлэгчид зорилтот зах зээлдээ мэдээлэл хүргэх арга гэж үздэг бол яг өнөөдрийн байдлаар сошиал хэрэглэгчид хэчнээн том корпорацийн мэдээ, сурталчилгаа, сэрэмжлүүлгийг ч огт тоодоггүй. Тэгэхээр эхний зорилго лав өөрчлөгдсөн байгаа биз. Хувь хүмүүсийн үзэл бодлоо илэрхийлэх индэр, мэдээллийн эрх чөлөөний гүүр гэхчлэн зарим нь өргөмжилдөг. Энэ зорилгыг харин хэтрүүлэн, гуйвуулан биелүүлж байна. Сошиалд “Би” буюу эгоизмаар өвчлөгсөд давамгайлсан нь анзаарагддаг. Удаах нь сошиал гуйлгачид, бэлгийн гаж урсгалынхан, төрөл бүрийн барааны худалдаачид “жин дарна”.
Харин тэднээс аюултай нь нүүрээ нууж цэцэг навч, уул усны зурагаар гоёсон “ботууд” маш олон дагагчтай, нийгмийн өмнө хариуцлага хүлээх чадваргүй эсвэл идэвхгүй хэсгийг эгнээндээ нэгтгэж гүтгэлэг, гүжирдлэг тараагсад юм. Тэд үймээн самуу, хар тамхинд уриалахгүйгээ мэднэ. Харин зорилготой, даалгавартайгаар бөхийн барилдаан, миссийн тэмцээн, шоуны оролцогчдыг шүүхээс эхлээд төрийн байгууллагыг , төрийн албан хаагчдыг, бүр цаашилбал Монголын төрөөр “тоглож” чадаад ямар ч хариуцлага хүлээдэггүй.
Хамгийн өгөөжтэй цахим нийгэм байгуулж буй улсуудын нэг Эстонинд цахим нийгмийг хөгжүүлснээр нийтийн засаглалын ил тод байдал урд хожид байгаагүйгээр хөгжиж хувь хүний болон төр засгийн, бизнесийн мэдээллийн аюулгүй байдалд өндөр хамгаалалт дор хөгжиж мэдээлэл солилцох болсноор хөгжилд хүргэсэн тухай олон улсын бага хурал дээр тайлагнаж байв.
Тэнд нийгмийн үйлчилгээ хүн бүрт хурдан хүрч, эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх боломж олгосноор хүн амын дундаж нас мэдэгдэхүйц дээшилсэн судалгааг танилцуулж байлаа. Харин манайд одоогоор хэрэглээ хүртээмжээр тэднийхтэй өрсөлдөхүйц боловч үр дүн, хэрэглээний соёлын хувьд яг эсрэгээрээ. Сошиал дахь зүй бус мэдээллээс болж амиа алдсан, хохирсон жишээ үй түмээрээ олдох биз. Харин олон нийтэд зөв, зүйтэй, чухал зар тараах, гарсан үр дүнг мэдээлэх зэрэг сайн талуудыг нь бол хөгжүүлэх, дэмжих хэрэгтэй. Цаашид дэлхийн хөгжилд дээлтэй монголчууд гар утастайгаа, ноүтбүүктэйгээ өрсөлдөх гэж байгаа бол зохистой хэрэглээний наад захын соёлыг төлөвшүүлэх, төрийн байгууллагаас зүй зохисгүй бүхэнтэй нь хариуцлага тооцох механизмыг бий болгох шаардлагатай байна. Хэрэв үүнд цаг хугацаа их орно гэж хойш тавих аваас ашиглахаасаа алдах нь их, магадгүй нөхөж баршгүй том гарзтай учрах магадлал өндөр байна. Хэн нэг нь зүй бус үйлдэл тархааж байхад яаж ч чадахгүй хараад суух “хяналт”, мэдээллийн сайтууд аюулгүй байдлаа алдчихаад Төрийн тэргүүн асануудаараа тоглож, тэднийг “оршуулж” байхад хэнтэй ч хариуцлага тооцож чаддаггүй байхад ухаалаг утас, хязгааргүй хурдтай интернэтийн хөгжлийн тухай ярих хэрэг байна уу.