Үхрийн махан шорлог хийх заавар
Гэр бүл, найз нөхөдтэйгөө агаар салхинд гарангаа ил гал дээр шорлог хийж халуун дотно яриа өрнүүлэх сайхан шүү. Үхрийн махаар шорлог хийхэд амттай бөгөөд манай монголчуудын ч идэх их дуртай байдаг. Тиймээс үхрийн махан шорлогийг хэрхэн амттай хийх жорыг хүргэж байна.
1. Өөхгүй, зөөлөн, үхрийн цул махыг тасалгааны температурт гэсгээнэ. Ингээд шорлогны хэмжээгээр хэрчихэд бэлтгэнэ.
2. Шоронд шорлоход хялбар байхаар хэмжээтэй хэрчээрэй. Хэт том хэрчвэл мөддөө болж өгөхгүй тул дунд зэргийн хэмжээтэй хэрчээрэй.
3. Шорлог дан ганц жоронд баригддаггүй. Шорлог амтлах маш олон арга байдаг. Хэрчсэн махыг саванд хийнэ. Жижиг аяганд гич, оливын тос, бальзамын цуу, бор сахар, давс, хар перц, жижиглэн хэрчсэн сармис, гоньд, хүсвэл розмаринийг хийж сайтар хутгаж холино. Энэхүү сүмсийг хэрчсэн үхрийн махан дээр тарааж хийгээд сайтар хутгаж амтлаарай. Ингээд хөргөгчинд хийж 1-2 цаг байлгана. Эсвэл хонуулсан ч болно. Улам л сайхан амттай болно.
4. Ийнхүү үхрийн амталсан махыг дангаар шорлож шарж болно.
5. Эсвэл махны хэмжээтэй адилхан хэрчсэн улаан лооль, өргөст хэмх, сонгино, төмс, лууван, чинжүү, хаш, хулуу зэрэг ногооноос хүссэнээ сонгон махтай хачирлан хамт шорлож шараарай. Төмс, лууван зэрэг хатуу ногоо удаан болдгийг анхаарай.
6. Ингээд махыг бэлэн болсон гэсэн үедээ амтлагчнаас гаргаж, угааж цэвэрлэж хэрчсэн ногоонуудтайгаа хольж алаглуулан шорлоно. Ногоонд сонгино, улаан лооль, хулуу, чинжүү зэрэг ногооноос дуртайгаа сонгож болно. Модон шор хэрэглэх гэж байгаа бол хүйтэн усанд сайтар сойгоорой. Ингээд гриллээ халааж цогшуулаад шорлогоо тавиад шарж эхлэнэ. Байнга эргүүлж тойруулж шараарай. Мах, ногоо аяндаа гаднаасаа түлэгдэж тослог бор өнгө орох болно. Ногоо амархан болдог учраас махыг болсон эсэхийг мэдэхийн тулд хутгаар хэрчиж гол хэсгийг нь шалгаарай. Хэрвээ ингэхэд шүүрхий байвал дахин үргэлжлүүлэн шараарай. Махны хэрчилтийг хэр зэрэг том, жижиг хийснээс шарах хугацаа хамаарна. Мах ногоог шарах явцдаа гадна талаас нь амтлаж болно шүү.