Сагсан бөмбөг бол гайхамшигт спорт

Сагсан бөмбөг бол гайхамшигт спорт

 

Дурсамж
 
Монголд тавиад оны эхээр Сагсан бөмбөгийн спорт анх үүсч 1954 онд анхны улсын аварга шалгаруулах тэмцээн болж байлаа. Тэр үеийн сургуулийн сурагчид,оюутнууд нийтээр энэ гайхамшигт бөмбөгийг сонирхож спортын нийгэмлэгүүдэд баг хамт олон хэрхэн бүрэлдэж бий болсон тухай түүх өгүүлсү.
Албан эх сурвалжийг би мэдэхгүй ч дунд сургуулийн сурагч би бээр энэ хөдөлдгөөн дунд явж залуус илэрхий тархаж эхэлсэн энэхүү гайхамшигт Сагсан бөмбөг гэдэг спортыг ихэд сонирхон тоглож явсны хувьд тэртээ 1950, 60-аад оны үеийн залуу насны үйл явдлуудын дурсамж сэтгэлд санаанд минь лав шингэж үлдсэн байна. Мэдээж тэр үед спортын бусад төрөл ч бас хөгжиж байсан гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Монголын хөнгөн атлетикийн анхны тамирчид Найдан|чемпион| багш, Тарваа, Гомбосүрэн багш Намжилмаа, Хадбаатар, тэшүүрийн Лхамжав, гимнастикийн Базарваань, Гүндэгмаа, Хишигээ, бокс дасгалжуулагч Шагдар, тамирчин Барс, Бэкинбай, Олзот,хөл бөмбөг Сандаг, Сугар,Чоймбоо Чойбалсангийн Нэргүй, буудлагад хурандаа Моёо, хүндийг өргөлт Цэгмид, Даш 1961 онд АХ-ын 40 жил бүх ард түмний спартакиадаар хоёр Мөнх аврага ид гарч, 1000 хүүхдийн гимнастик зохион байгуулж, ардын багш Солийн Магсар чөлөөт бөхийн дасгалжуулагч болохоор дэлхий дахинаа алдартай Лесгафтын нэрэмжит Ленинградын биеийн тамирын дээд сургуулийг зорж байсан үе шүү дээ. Бүгдийг бичих гэвээс бэх минь дуусах буйзаа. Тэр үе бол урд хөршийн тусламжтайгаар манай нийслэл хотын их бүтээн байгуулалтын эхлэл тавигдаж байлаа. Хятад улсаас тус бүрдээ арваад мянган мэргэжлийн барилгачидтай барилгын иж бүрэн таван анги |трест| ирж томоохоноос 1,2 дугаар дөчин мянгат, Улсын их дэлгүүр, Энхтайваны гүүр, Арслантай гүүр, 120 мянгат эхэлж бид социалист лагерийн эв түнжинтэй сайн хөршүүд байсан өрнүүн их бүтээн босголтын үе байлаа. 1958 онд Төв стадион, Спортын төв ордон баригдаж дууссан явдал монголын биеийн тамир, спортын хөгжилд онцгой түшиг болсон юм.
Тэр үед Монголчууд алтны магнат болж авгайгаа солиогүй, нэг сая хагас хүн амтай, 27 сая малтай баян ядуугийн ялгаагүй амуу тариагаа тарьж адуу малаа өсгөн авилга гэж үг мэдэхгүй байсан үед амьдарч байсан юм.
Хятад ажилчид барьж буй барилгынхаа нэг хэсэгт сагсан бөмбөгийн талбайтай тэндээ өөрсдөө тоглодог байлаа. Хүүхэд бидэнд талбай байтугай бөмбөг ч байхгүй тэр үед хятад ажилчид дотор хаймартай ширэн бөмбөгөөр тоглодог байв. Энэ бөмбөг бол хамгийн сайн нь, хагарвал дотуур хаймарыг нь гаргаад нөхчихдөг байлаа. Еэвэн ултай хятад кед бол дэлгүүрт анх дөнгөж гарч эхэлж байсан үе. Пэцэ |дуудлагаар бичив| сургууль буюу хятад сургуулийн |өнөөгийнЭЗДС| хашаан дотор байсан ганц талбайд очиж хөөгдөж явсаар эцэст нь хятад хэл мэдэхгүй тул мэргэн арга олж "сагс тоглоё” гэж ханз бичүүлж аваад тэдгээр барилгачид дээр очиж бичгээ үзүүлээд тоглодог болсон юм. Анхандаа хожигддог байсан ч сүүлдээ ана мана үзэлцдэг болсон. Үүний дараа зарим сургууль нийгэмлэгт гадаа нь ганц нэг талбай бий болсон юмдаг. Миний сурч байсан Сүх жанжны нэрэмжит сургууль гаднаа сагсан бөмбөгийн цементэн талбайтай болж манай биеийн тамирын багш Жадамба анх энэ спортын баг сурагчдаасаа бүрдүүлж арван жилийн сургуулийг аварга болж байв.
 
 Хоёрдугаар сургуулийн энэ  багт Аюурзана, Хасбагана, Пүрэв, Болд, Содов, миний бие оролцож байлаа. Эндээс л миний хувьд энэ спорт эхэлсэн юм. 1958-1961 онуудад хятад улсаас мэргэжилтэн багш Юү Гань ирж спортын ордонд дугуйлан байгуулж байхад Аюурзана, Хасбагана, миний бие, орос сургуулиас Ганбат, Толя |Алтандөш|, Лхагва, Ариунболд, Батдэлгэр, Бошигт нарын зэрэг олон хүүхэд тэнд орж сагсан бөмбөгийн ид шидийг заалгаж байлаа. Энэ үед бид хэл мэдэхгүй Өвөр монгол хүү Хасбагана бидэнд орчуулж байсан л даа . Үүний дараа хятад оросын харилцаа муудаж энэ уршгаар бид багшгүй болсон ч удалгүй Орос эмэгтэй багш Люба |Людмила| нөхрийнхөө хамт ирсэн юмдаг. Нөхөр нь гар бөмбөгийг мэргэжилтэн багш байв. |овгийг нь мэдэхгүй| Орос сургуулийнхан бидэнд хэлмэрчилж бид ч орсоор гайгүй ойлгодог болсон шүү. Энэ үед Алдар нийгэмлэг Моломжамц дасгалжуулагчтай сагсан бөмбөгийн орон тооны баг байгуулсан байх. Сагсан бөмбөг тоглоод цалин авдаг баг шүү дээ. Иймээс манай армийн анхны сагсан бөмбөгийн |Алдарын| баг Хятадын армийн багтай нөхөрсөг уулзалт хийхээр анх удаа гадаадад явахад Аюурзана, Ким, Юра, Лхагвасүрэнгийн Лхагва нар дээр Чойён, Чулуунгомбо, Сандаг нар орж байсан санагдана. Энэ багийн дасгалжуулагч нь Моломжамц гэж |өдгөө армийн генерал| хүн явж байсан санагдана. Тэд буцаж ирэхдээ "хөхдөг” |ултай| кедтэй болоод ирсэн.|тэр үед ингэж ярьдаг байв| Энэ хөхдөг кед бол тэр үедээ сенсац болж байлаа. Ул нь бидний мэдэх евэн ултаас шал өөр зузаан, дороо хонхорхойтой тул гөлгөр шалан дээр халтаридаггүй хөхдөг эд. Жараад жилийн өмнөх үйл явдлууд өнөөдөр эргээд харахад инээдтэй юм даа. Хөхдөг гээд байгаа шүү бас. 1962 онд энэ спортын тэргүүлэх тамирчин Содномын Чойён болон бусад мэргэжилтэн нарын санаачилгаар Монголын Сагсан бөмбөгийн холбоо байгуулжээ. Энэ холбоо бол сагсан бөмбөгийн спортын хөгжилд ул суурь болж түүнийг үндэслэгч анхны мастерууд Чойен, Балдан |МУИС|, П.Нэргүй, Чулуунгомбо, Дашзэвэг |Замчин|, Аюурзана |Алдар| нар он жил тууштай зүтгэж олон шавь араасаа дагуулсан гэж би боддог. Мэдээж үүний дараа дараагийн олон авъяаслаг тамирчид гарч ирсэн. МУИС-ийн эрэгтэй, эмэгтэй баг бол тэр үед хамгийн хүчтэй нь байсан улсын аварга шалгаруулах тэмцээнд Замчин, Алдар нийгэмлэгийн багууд л тэдэнтэй өрсөлддөг байв. МУИС-ийн эрэгтэй багт гол суурь нь болох Чойен, Балдан нар дээр орон гаран тамирчид байсан. МУИС-ын эмэгтэйчүүд баг мөн хүчирхэг байсан 1966 онд Цагаадай, Балдангийн Туул, Жамъянгийн Уранбилэг У.Сэлэнгэ, Оюун-Энх, Цэрэндулам, Наранцэцэг нар улсын аваргаас мөнгөн медаль Дээд сургуулиудын аварга баг болж байв. Алдар нийгэмлэг анх Аюурзана, Ким, Юра |Мөнхтөр| Лхагва, Цэрэнчойнхор, Дэмбэрэлсайхан гээд Моломжамц дасгалжуулагчтай гарч ирсэн. Энэ хүн бол сагсан бөмбөгийн хөгжилд зохих хувь нэмрээ оруулсан өнөөгийн генерал Моломжамц юм. Эмэгтэйчүүдээс Лхамжав|Аюурзаны гэргий, ахлагч|,Сэлэнгэ, Баасанжав,Тунгалаг, Дашзэвэг, Лхагвасүрэн нар анх тоглож байсан байх. Энэ авъяаслаг тамирчин эмэгтэй анх удаа Монголоос Өвлийн олимпын тэшүүрийн төрөлд улсаа төлөөлөн оролцож байлаа.
Замчин Нэргүй |ахлагч|, Дашзэвэг, Чулуунгомбо, Бямбажав, Доржсүрэн, Дашцэрэн, Сандууз, Дамдинбазар нар, Тавдугаар сургуулиаас үндэслэн гарч ирсэн юм. Энэ Нэргүй бол өндөр боловсрол, мэдлэгтэй Ардчилал анх эхэлж байх үеийн онолч, эрдэмтэн доктор П.Нэргүй юм. Эмэгтэйчүүдээс Цэрэнханд, Сайнжаргал, Галя, Даваажав нарын дараа Батжаргал нарын олон авъяаслаг тамирчид гарсан юм. Энэ Цэрэнханд гэдэг эмэгтэй бол тэр үеийн сагсан бөмбөгийн мундаг тамирчин байсан түүнийг үзүүлэх тоглолт дээр хүмүүс хараад алга ташин магтаж байв. Спортын ордны хойд заалд хагас, бүтэн сайнд нийтийн бүжиг болдог байв. Дөнгөж эхэлж буй сагсан бөмбөгийг сурталчлах зорилгоор нийтийн бүжиг завсарлахад үзүүлэх тоглолт болдог тэнд нь бид оролцдог хажууд дасгалжуулагч багш микрофонтой тайлбарладаг ийм байлаа.
 
Барилгачин нийгэмлэгийн баг орос сургууль, миний сурч байсан монгол хоёрдугаар сургуулиас бүрэлдэж байлаа. Энэ нийгэмлэгийн даргаар ахмад багш Чимэддорж, сагсан бөмбөгийн дасгалжуулагчаар багш Бямбажав нар ажиллаж байв. Өнөөгийн Соёл урлагийн их сургуулийн байр бол бүхэлдээ Барилгачдын соёлын ордон,спорын заал байжээ. Нийслэлийн хоёрдугаар дунд сургуулийн сагсан бөмбөгийн эрэгтэй баг 1960 онд Аюурзана, Хасбагана, Болд, Пүрэв, Содов, бид нараас хамгийн бага нь миний бие 8 дугаар ангийн сурагч байв. Сүүлд нь Осорын Батсүх, Раднаабазарын Энхбазар,Тэрбишийн Чимэддорж нар нэмэгдэн орж байлаа. Эмэгтэй баг нь Уранбилэг, Цагаадай, Оюун|төрийн шагналт эмч|, Наранцэцэг, Туяа нараас бүрэлдэж байв. Эрэгтэй, эмэгтэй энэ бүрэлдэхүүн бүхлээрээ Барилгачин нийгэмлэгийн Сагсан бөмбөгийн баг болдог байв. Авъяаслаг тамирчин Аюурзаныг анх Барилгачин нийгэмлэгт багийн ахлагч байхад нь Алдар нийгэмлэгт шууд татаж авсан, үүний дараа Барилгачинд орос сургуулиас Намхайцэрэнгийн Ганбат, Дүгэрсүрэнгийн Ариунболд Түнгүс Толя буюу Ширбазарын Алтандөш, Цэрэндондогийн Батдэлгэр, Гонгоржавын Бошигт, Сүх-Очирын Төмөр манай хоёрдугаар дунд сургуулиас Найдансүрэнгийн Бадарч миний бие |ахлагч|, Хасбагана, Пүрэв, Содов, Болд, Осорын Батсүх, Раднаабазарын Энхбазар| сүүлд хөгжмийн зохиолч СГЗ болсон| Тэрбишийн Чимэддорж |элчин сайд болсон| нар ордог байлаа. Энд хамгийн өндөр нь Намхайцэрэнгийн Ганбат самбар дор бол гарамгай сайн, өндрөөс бөмбөг авахад найдвартай байсны хүчинд манай баг бусадтай өрсөлдөх чадвартай байсан. Ганбат маань сагсны бөмбөгийг өрөөсөн гарынхаа алганд багтаан барьж чаддаг тамирчин байв. Ингэж атгаж чаддаг хүн тун ховор лав Чойен, Дашзэвэг,Цэрэнчойнхор нар байсан байх. Сүүлд Ганбат Монгол телевизийн ажилтан болж монголын соёлын өвийн талаар олон сайхан нэвтрүүлэг хийдэг байлаа. Барилгачин нийгэмлэгийн эмэгтэй баг Жамъянгийн Уранбилэг, Цагаадай, Наранцэцэг, Бямбажавын Оюун |төрийн шагналт эмч болсон|, Сэлэнгэ, Дашийн Туяа нарын дараа нь Мандирмаа, Лхагважав нарын баг гарч ирсэн. Багийн ахлагч Уранбилэг бол энэ багийн гол довтлогч, мэргэн бууч, хамгаалагч  нь байсан. Тэрээр яг л эрэгтэйчүүд шиг үсэрч шиддэг байв.  Монголын бүх ард түмний анхдугаар спартакиадаар Бадарч ахлагчтай залуучууүдын анхны сагсан бөмбөгийн шигшээ багт Ганбат, Толя|Алтандөш|, Болд, Хасбагана, Батдэлгэр, Батсүх, Энхбазар, Чимэддорж нар оролцон хүрэл медаль авч байв. Хөдөлмөр нийгэмлэгт 18 дугаар сургуулийн багт Содномзундуй, Батаа, герман Болд, Пүрэвдорж нарын зэрэг лут баг орж байлаа. Д.Содномзундуй бол Чойен нарын дараах үеийг залгамжлан авч монголын сагсан бөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн юм шүү дээ. Энэ хүний Олон улсын сагсан бөмбөгийн холбооны шинэчилсэн дүрмийн дагуу эрхлэн гаргасан Монголын сагсан бөмбөгийн албан ёсны дүрэм 1996 онд бий болжээ. Олон жилийн дараа хүү нь түүнд хөшөө босгосон байдаг. Соёл нийгэмлэг бол нэгдүгээр сургуулийн Минжүүр, Даваасүрэн, Рэнцэн, Хасбагана, Дашням, Бямбажав, Аюу, Цогтоо нар байжээ.Эмэгтэйчүүд Чанцал, Оюунбилэг, Рина|анхны багт| үүний дараа Цэрэндулам, Долгоржав, Дариймаа, Дашиймаа нар байв. Дариймаа, Долгоржав хоёр бол өндөр нуруутай, тоглолт, хамгаалалт сайтай энэ багийн ноён нуруу нь болж байсан охидууд. Нэгдүгээр сургуулийн энэ баг жил бүрийн сургуулиудын аваргаар манай сургуулийн эмэгтэйчүүдтэй эхний байрын төлөө өрсөлддөг байлаа. Хоршоолол нийгэмлэг бол гол нь гуравдугаар сургууль байсан. Хасбагана, Дорж,нарын баг Эмэгтэйчүүд бол Б.Оюун, Бадамханд, Сэлэнгэ, Саран, Чулуунхүү нар оролцож байлаа. Эргээд харахад Сагсан бөмбөг сурагчийн ширээнээс Монголд мэндэлсэн гэж хэлж болно. Энэ бичээс бол миний мэдэх жараад оны үе бөгөөд дараах үеийг сагсан бөмбөг тоглодог тамирчид , хөгжөөн дэмжигчид болон энэ спортод элэгтэй дүү нар маань үргэлжүүлэн өөрсдөө түүхийг нь бүтээж гаргах нь лавтай буйзаа. Ингэж л Монголын спортыг түүх бүтэх учиртай  юм.
 
  
 
Найдансүрэнгийн Бадарч 
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen