Анагаахын сургуулийг 3171 оюутан төгсөнө
Жил бүр анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулиудыг олон мянган оюутан төгсөж ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд зогсохоор эмчийн тангарагаа өргөдөг. Энэ жил анагаах ухааны боловсрол олгох 12 их, дээд сургуулийг 3171 оюутан төгсөж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр ажлын талбарт гарна.
Энэ төгсөгчид Эрүүл мэндийн тухай хуулинд "Эмнэлгийн тусламж үйлчилгээг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтэн үзүүлэх бөгөөд зөвхөн зөвшөөрөл олгосон төрлөөр тусламж үйлчилгээ үзүүлнэ” гэж заасны дагуу сургуулиа төгсөөд Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт өгч тэнцсэн тохиолдолд мэргэжлээрээ ажиллах, эрүүл мэндийн тусламж үзүүлэх эрхтэй болдог. Энэхүү мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт авах үйл ажиллагааг Эрүүл мэндийн хөгжлийн төв зохион байгуулдаг бөгөөд Анагаах ухааны боловсрол олгох зөвшөөрөл бүхий их дээд сургууль, коллежуудаас жил бүрийн төгсөлтийн шалгалт дууссанаас хойш ажлын 20 хоногт багтаан ажлын албанд албан тоотоор ирүүлсэн төгсөгчдийн нэрсийг баталгаажуулсан жагсаалтыг үндэслэн шалгалтыг авдаг аж.