Ханьдаа бичих захиа
Хань минь чи унтаж байна. Харин би чамайг сая хэсэг чимээгүй харж байгаад бичгийн ширээн дээрээ ирчихсэн чамдаа хэлэх гэсэн хэдэн үгсээ сийрүүлэн сууна. Ханийн минь үсэнд мөнгөн утас хэдийнээ суужээ. Чиний минь нүдийг тойроод нилээд үрчлээс тогтжээ. Өдөр бүр хамт байдагтаа ч тэр үү, ер анзаараагүй юм байна шүү. Арьс чинь сулраад, хурхирах чинь чангараад, нэг үгээр хэлэхэд чи минь хөгширчээ. Арга ч үгүй дээ. 70 гарсан шүү дээ. Гэхдээ энэ өдрийг хүртэл чи надад 23 тайдаа анх уулзаж байсан тэр л төрхөөрөө харагддаг байсансан.
Энэ үрчлээ болгон чи бид хоёрын амьдралыг сөрж даван туулсан тэмцэл бүрийн ул мөр гэж бодохоор нулимс өөрийн эрхгүй дуслана. Энэ гар, ингэж үрчлээтэтлээ энэ амьдралаа босгон, энэ нуруу ингэж бөгтийтлөө ар гэрээ нуруундаа үүрч явсан байна шүү дээ. Хүний урманд ганц ч удаа гомдол мэдүүлж байгаагүй дээ чи минь.
Хүүхдүүд их сургууль тэгээд гэр бүл болцгоон нэг нэгээрээ биднээс холдож, тэтгэврийн хоёр өдөржин гэртээ үлддэг болсон. Гэр хоосон оргиж байна, би ганцаардаж байна гэж үглэх бүрт чимээгүйхэн гарж дуртай зайрмагийг минь авч ирээд хажууд минь эрхлэн суудаг өвгөн минь чи миний аз жаргал
Залуу насандаа алдаа гарган, чиний хүүхдийг төрүүлэхгүй гэж зөрүүдлэн абортонд ганцаараа орчихоод ирэхэд минь нүдэндээ нулимс цийлэгнүүлчихсэн мөөгтэй хар шөл бариад манайд ирж билээ. Надруу уурлаж орилж, намайг ийм аймар юм хийсэнд итгэж чадахгүй зэвүүцэж байсан ч миний биеийн байдалд санаа зовсондоо анх удаа шөл хийж үзсэн нь тэр байсныг чи дараа нь олон жилийн дараа хэлж билээ.
Залуу гэр бүл, эхнэр нь жирэмсэн. Мөнгө бага, зарлага их. Ажлаасаа цалингаа ч авч чадахгүй 2 сар болж модоо барьж байхдаа ч чи намайг дуртай зайрмагнаас минь хол байлгаж үзээгүй. Өөрөө өдөр бүр алхаж ажилдаа яван, машинаа ч унахгүй бензиний мөнгөө хямгадан, автобусны мөнгөө хүртэл өөрөөсөө нарийлан, урагдсан гутландаа цаавууг хэд хэдэн давхараар нь нялан салах бүрт нь нааж байсан ч намайг ийш тийш явах болоход дандаа хүргэж өгч, өөрөө чадахгүй бол таксинд суугаарай гээд мөнгө үлдээж явдаг байсан. Хэхэ, эргээд энэ бүрийг чамдаа бичиж байхад нулимс өөрийн эрхгүй урсаж байна шүү.
Анхны хүүхдээ төрсний дараа, охиндоо нэрийг нь зүүн чихэнд нь гурвантаа шивнэх чамайг би хараад, зөв хүнтэйгээ учирж, ханилах ямар сайхан юм бэ гэж бодож сууж билээ.
4 төрж бие минь эвдэрч өмнөх шигээ сайхан байхаа больж, өөртөө тавих анхаарал минь хүртэл багасан царай алдаж байхад чи надруу анх хардаг байсан шигээ хайр дүүрэн харцаар харсаар л байсан. Энэ чинь жинхэнэ хайр гэгч нь. Тийм биз дээ?
Өнөөдөр би, хавдар гэх аймшигт өвчин тусчихаад бас л чинийхээ өвдөх эрхийг боочихоод л сууж байна. Чи минь өвдөг нь өвдөж, жаахан хөдлөөд л ядардаг болчихсон ч надад ядарлаа гэж нэг ч хэлж байгаагүй. Өдөр болгон хоол идүүлэхийн тулд хар үүрээр босж хоолны дуршилд минь зориулж хэд хэдэн янзаар өглөөний хоол бэлддэг. Гэрээ заваан байхад дургүйг мэдэх болохоор намайг цэвэрлэхээс урьтаад өдөр бүр л гэрээ цэмцийлгэнэ. Намайг шуугианд дургүй болсоноос хойш дуртай хөзөрөө ч хүүхдүүдтэйгээ тоглохоо больсон. Хааяа ганц уух дуртай ч намайг үнэрийг нь тэвчихгүй гээд бас л больсон. Би байх ёстой зүйл мэт л авирладаг байжээ. Охиндоо нөгөө өрөөнд : Аавд нь одоо өвдөх, ядрах эрх байхгүй ээ. Аавдаа битгий санаа зов. Ээждээ л санаа тавь. Ээж чинь их хүнд байгаа шүү дээ. Насаараа аавых нь бас та хэдийнхээ төлөө санаа зовж явсаар байгаад л ийм болсон. Гэж хэлээд уйлж байхыг чинь хараад тэнгэр нурах шиг болж билээ. Бурхан минь би чамтай хагас зуун жил хамт байхдаа үргэлж амиа бодож байж шүү дээ.
Би үнэхээр азтай хүн юм аа. Амьдрал намайг сайхан хань ижлээр шагнаж. Хань минь, дараа төрөлдөө эхнэр минь болж төрөөч! Би чамдаа яг чам шиг нөхөр байя! Чамдаа би дэндүү их хайртай.