“Дуусаагүй” дайны 15 жилийн ойд...
АНУ тэргүүтэй барууны орнууд Иракт цэрэг оруулсны 15 жилийн ой өнөөдөр тохиож байна. Хэдийгээр болоод өнгөрсөн юм шиг боловч лай ланчгийг нь жирийн иракчууд одоо болтол амссаар байгаа энэхүү дайнд хичнээн хэмжээний хохирол гарсныг үнэлж боломгүй. Гэхдээ хэдэн тоо баримт хэлбэл, иракийн талаас цэрэг, энгийн иргэд нийлсэн 170 000 гаруй, АНУ-ын талаас 5000 гаруй цэрэг амь насаа алдсан гэсэн тоо бий. АНУ-ын хохирол илүү баталгаатай бол Иракийн талын амссан 170 000 гэдэг тоо эргэлзээтэй. Илүү олон ч байсан байж болох магадлалтай гэж үздэг. АНУ-ын татвар төлөгчдийн халааснаас 2.2 их наяд ам.доллар гаргаж хийсэн энэхүү дайн /америкчууд өөрсдөө "ажиллагаа” гэж нэрлэдэг/Саддам Хусейний хатуу нударга дор зангидагдаж байсан Иракийн ард түмнүүдийг хоорондын шинэ дайнд турхирч орхисон болох нь хожим тодорхой болсон.Дарангуйлагч Саддам Хусейн унасан ч шинэ дарагуйлагч Нури али Малики гарч ирсэн. Ингэхээр жирийн америкчуудаас эхлээд дэлххий нийт асуулт тавих нь ойлгомжтой юм.
"Энэ дайнд хэн ялсан бэ”
Энэ асуултад хэд, хэдэн хариулт бий. Нэгдүгээрт, Иракийн курдууд. Дайны дараагаар тэд нутгийн хойд хэсэгтээ бараг л тусгаар тогтносон улсыг байгуулж чадсан. Иракаас тусдаа далбаа, сүлд дуутайгаас гадна муугүй зохион байгуулагдсан зэвсэгт хүчинтэй гэж байгаа. Тэр ч байтугай нутгаасаа гаргаж авсан нефтийн экспортын орлогоо Иракт өгөлгүй өөрсөддөө шингээдэг.
Иракийн уналт курдуудад ийм боломж олгосон юм. Курд нь одоо өмнөд рүү хэзээ ч дайсагнахад бэлэн асар том хүч болон бэхэжсээр байна. Тэд Турк, Иран, АНУ-ын хурц хариу үйлдлээр болгоомжлон одоогоор бүрэн тусгаар тогтнолоо зарлаж чадахгүй байгаа ч хэзээ нэгэн цагт оролдлого хийх нь ойлгомжтой. Албан ёсоор тусгаар тогтоогүй ч тэд одоо жинхэнэ тусгаар тогтносон хүмүүс шиг амьдарч байгаа нь үнэн юм. Курдууд бол Ирак, АНУ-ын дайнаас хамгийн их ашиг унагаж чадсан хүмүүс билээ. Ашиг гаргасан бусад бүлэглэл, хүний хувьд курдуудтай зүйрлэх аргагүй ч цаашдын нөлөөг харгалзан үзвэл маш өргөн хүрээнд яригдана.
Осама бен Ладен лалын ертөнцийг хүчирхэгжүүлэх, оюун санааг бэхжүүлэх хоёр арга замыг олж харсан байдаг. Нэг нь, Арабын орнуудын удирдагчдын уналт, нөгөө нь АНУ-ын уналт. Лалын хэт даврах үзлийг дэвэргэх нэг арга байсан нь АНУ-ын цэргийг лалын аль нэг улсад оруулах явдал байсан юм. Түүний бодлоор бол ялахын тулд эхлээд ялагдах ёстой. Ирак түүний энэхүү гүн ухааны бодит амьдрал дээр турших сайхан жишээ болж өгсөн. Үр дүнд нь лалын хэт даврах үзэл ямар ч алан хядах ажиллагаа хийгээгүй байхад Филиппинээс Мали хүртэл түгэн тархсан билээ.
Лалын хэт даврагч бүлэглэлүүдийн удирдагч нар О.Бен Ладены үйл хэргийг үргэлжлүүлэн шашнаа мандуулахаар урам зоригтой ажиллацгааж байгаа нь Иракийн дайны ач. Осамагийн төлөвлөж байсан ёсоор Египет, Ливи, Тунист дарагуйлагчид нуран унаж, оронд нь лалын шашны намууд гол эрх мэдлийг барих боллоо.
О.Бен Ладен АНУ болон баруун Европыг "өөрсдийнхөө сүүдэрт орох” гэж томьёолсон нөхцөл байдалд оруулахыг хичээж байсан гэлцдэг. Тэгвэл энэ санаа нь ч эхнээсээ биелж байна. Дайн байлдаанд асар их зардал гаргасан барууны орнуудын эдийн засаг ганхаж, эхнээсээ дампуурлаа зарлахад ойртжээ. Тэдний туулж байгаа зам ерөнхийдөө адилдхан, дайны зардлаа үлэмж нэмэгдүүлсэн тэд буулгая гээд ч буулгаж чадахгүй эдийн засгийн хувьд маш эгзэгтэй байдалд ороод байгаа билээ. Ялангуяа АНУ-ын өр нь сансрын хурдаар өсч, "Европоос түрүүлж нурна” гэгдээд байна.
Бас нэг чухал зүйл нь АНУ алан хядах ажиллагаанд анхаарал хандуулж, АНУ-ын иргэн байсан ч гэсэн хатуу шийтгэх National Defense Authorization Act-ыг баримтлах болсон. Ийм зүйл болсонд О.Бен Ладен баяртай байсан нь мэдээж. Тэрбээр олон америк хүнийг ийм замд оруулсан даа. Үр дүнд нь алан хядах ажиллагаа илүү олон улсыг хамарсан шинжтэй болж, Иракийн дайны ялагчийг бүдгэрүүлсэн. Тэгэхээр, олон улсын хэт даврагч, алан хядагч байгууллагууд маргаангүй, Иракийн дайнаас хожигчдын нэг юм.
Цаашдаа хэрхэх вэ
Хэрвээ Иракийн улс төрд өөрчлөлт гарахгүй л юм бол цаашид энэ улс сайн сайхан амьдарна гэж итгэхэд хэцүү. Фуад Масум, Нури аль Малики нар Ойрхи Дорнодын бусад удирдагчдын нэгэн адил, цэргийн дэглэм тогтоох зам дээр зогсож байна. Шашны цөөнх болох суннитуудын эсэргүүцэл, тэднийг зогсоох арга нь ганц хүчирхийлэл болчихоод байгаа нь энэ улсын гол асуудал.