БЭЭЖИНЧҮҮД ТАВАН ЖИЛ АГААРЫН БОХИРДОЛТОЙ ТЭМЦСЭНИЙ ЭЦЭСТ ЦЭВЭР АГААРААР АМЬСГАЛЖ БАЙНА

БЭЭЖИНЧҮҮД ТАВАН ЖИЛ АГААРЫН БОХИРДОЛТОЙ ТЭМЦСЭНИЙ ЭЦЭСТ ЦЭВЭР АГААРААР АМЬСГАЛЖ БАЙНА

 

БЭЭЖИН. /Шиньхуа/. Таван жил агаарын бохирдолтой тэмцсэний эцэст Хятад улсын нийслэл Бээжин болон тус хот орчмын суурин газруудын оршин суугчид цэвэр агаараар амьсгалж байна. Агаарын чанар мэдэгдэхүйц сайжирснаар агаар шүүгчтэй амны хаалтны борлуулалт эрс буурсан байна гэж тус улсын төрийн мэдлийн "Шиньхуа” агентлаг мэдээллээ.
 
Бээжин хотын Байгаль хамгаалах хяналтын төвийн  дэд захирал Лю Баосень өчигдөр хэвлэлийн бага хурал хийх үеэрээ "Агаар бохирдуулагч PM2.5 нарийн ширхэгт тоосонцорын нэг шоо метр дэх нягтаршил өнгөрөгч 2017 онд 58 микрограмм /мкг/ байлаа. Энэ нь 2016 оныхоос 20.5 хувиар буурсан үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, бид агаарын чанарыг сайжруулах зорилтдоо өнгөрөгч онд хүрлээ” гэж хэлжээ.
 
Мөн өнгөрөгч онд хүхрийн давхар ислийн агаар дахь нягтаршил 20 хувиар, азотын давхар ислийнх 4.2 хувиар буурсан бол PM10-ынх 8.7 хувиар буурчээ.
 
2017 онд Бээжингийн болон тус хотын ойр орчмын хот суурин газруудын иргэд 2016 оныхтой харьцуулахад 28 хоногоор илүү буюу 226 хоног цэвэр агаараар амьсгалжээ.
 
2013 оны есдүгээр сард БНХАУ-ын Төрийн Зөвлөл агаарын бохирдолтой тэмцэх төлөвлөгөөний хүрээнд 2017 оны эцэс гэхэд PM2.5 нарийн ширхэгт тоосонцорын нэг шоо метр дэх нягтаршлыг наанадаж 60 мкг болгож бууруулах арга хэмжээ авахыг Бээжин хотын захиргаанд үүрэг болгож байжээ. Тухайн үед буюу 2013 оны есдүгээр сард PM2.5-ын нэг шоо метр дэх нягтаршил 90 мкг байсан аж.

Бээжин хот нь агаарын бохирдолтой тэмцэх ажлын хүрээнд нүүрс түлдэг үйлдвэрүүдийн тоог цөөлж, их хэмжээний хорт утаа ялгаруулдаг хуучирч муудсан тээврийн хэрэгслүүдийг хэрэглээнээс халах зэрэг арга хэмжээ авсан гэнэ.
  
Бээжин хотын Байгаль хамгаалах хяналтын төвийн мэргэжилтэн Ли Сяны ярьснаар, нүүрс түлдэг жижиг үйлдвэрүүдийг бараг бүгдийг нь хааж, үлдсэн хэд нь байгалийн хий болон цахилгаанаар цахилгаан эрчим хүч, халаалтын асуудлаа шийджээ. Мөн Бээжин хотын бүх дүүрэг  нүүрс ашиглахаа больсон байна.
 
Бээжин хотын захиргаа мөн агаарын бохирдолтой тэмцэх ажлын хүрээнд 2013 оноос хойш  цементийн зургаан үйлдвэрийг хаасан бол хэвлэл, тавилгын болон бусад салбарын 2000 орчим компанийг хаахыг нь хааж, шинэчлэхийг нь шинэчилсэн гэнэ.
 
Бээжинтэй хөрш зэргэлдээ орших Хөбэй мужийн агаарын чанар мөн энэ өвөл мэдэгдэхүйц сайжирсан байна. Хөбэй мужийн Байгаль хамгаалах газрын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, өнгөрөгч оны 10 дугаар сарын 1-нээс хойш тус мужийн агаарын чанар өмнөх жилүүдийн мөн үеийнхтэй харьцуулахад 66 хувиар сайжраад байна. Энэ өвөл тус мужийн агаарын чанар сүүлийн таван жилийнхтэй харьцуулшгүй цэвэр байгаа юм. Хөбэй мужийн төв Шызяжуан хотын Юйхуа дүүрэгт орших нэгэн эмийн сангийн эмзүйчийн ярьснаар, энэ өвөл агаарын чанар эрс сайжирсантай холбоотойгоор амны хаалтны борлуулалт 2016 оныхтой харьцуулахад 60-70 хувиар буурсан байна.
 
Тяньжин, Шанхай, Гуанжоу,  Шэньжэнь болон Ханжоу хотод ч мөн агаарын чанар сайжирснаар утааны эсрэг амны хаалтны борлуулалт эрс буурсан гэнэ.
 
Г.Доржханд
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen