АЛБАН ТУШААЛАА УРВУУЛСАН, ХЭТРҮҮЛСЭН ГЭХ ГОМДОЛ ИХЭЭР ИРЖЭЭ
Авлигатай тэмцэх газар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авдаг бөгөөд тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн талаар сар бүр дотооддоо дүн шинжилгээ хийдэг. Ийнхүү дүн шинжилгээ хийх нь энэ чиглэлийн ажлын үр дүнгээ тооцох, цаашид улам сайжруулахад анхаарах асуудлаа тодорхойлоход ач тустай ажээ. Энэ удаа 2017 оны III улиралд хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх дүн шинжилгээний мэдээллийг нэг өгүүлбэрээр танилцуулъя.
- 2017 оны III улиралд АТГ нийт 181 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авчээ.
- Өргөдөл, гомдол, мэдээллийн дийлэнхийг буюу 146-г нь иргэд биеэр ирж өгчээ.
- Улаанбаатар хотоос 126 өргөдөл, гомдол, мэдээлэл ирүүлсэн нь хамгийн олон байна.
- Төв аймгаас 9, Баянхонгор аймгаас 5, Ховд аймгаас 4, Дорнод, Хэнтий, Говьсүмбэр, Сэлэнгэ, Дорноговь, Өмнөговь, Архангай, Говь-Алтай аймгаас тус бүр 3, Сүхбаатар, Дундговь, Орхон, Завхан, Баян-Өлгий аймгаас тус бүр 2, Өвөрхангай, Булган, Хөвсгөл аймгаас тус бүр 1 өргөдөл, гомдол, мэдээлэл ирүүлсэн байв.
- Увс, Дархан-Уул аймгаас өргөдөл, гомдол, мэдээлэл ирээгүй байна.
- 124 өргөдөл, гомдол, мэдээллийн агуулга нь гэмт хэргийн шинжтэй, 54 нь ашиг сонирхлын зөрчил, хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой байжээ. Төрийн байгууллагын ёс зүй, хүнд суртал, удирдах ажилтны гаргасан шийдвэртэй холбоотой 3 мэдээлэл байв.
- Цагдаа, боловсрол, нутгийн удирдлага, барилгын салбар болон байгууллагатай холбоотой өргөдөл, гомдол, мэдээлэл 2017 оны III улиралд давамгайлжээ. Нийт өргөдөл, гомдол, мэдээллийн 48 нь цагдаа, 20 хувь нь боловсролын салбарт хамаарч байна.
- Өргөдөл, гомдол, мэдээлэлд холбогдсон албан тушаалтнуудын 29 нь төрийн тусгай албаны, 24 нь төрийн захиргааны, 14 нь төрийн үйлчилгээний, 14 төрийн улс төрийн албан тушаалтан, 4 нь төрийн оролцоотой хуулийн этгээдийн албан хаагч, 3 нь төрийн бус байгууллагын ажилтан зэрэг байна.
- Албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн гэх гомдол 54 буюу хамгийн олон байв.
- Авлигатай тэмцэх газар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас 2017 оны III улиралд хүлээн авсан 181 өргөдөл, гомдол, мэдээллийн 118-ыг нь шийдвэрлэсэн байна.
- Гэмт хэргийн шинжтэй 22 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэсэн бол 1 өргөдөл, гомдол, мэдээллийн зөрчлийг тогтоож шийдвэрлэжээ. Шийдвэрлэсэн өргөдөл, гомдол, мэдээллийн 9-д нь зөрчил илрээгүй тул хаасан байна.