СЭТГЭЛГЭЭНИЙ ЯЛГАА...
- Чоныг ташуураар цохиод алчихдаг гэх юм. Үнэн үү?
- Үнэн үнэн.
- Нэлээд том ташуур хэрэг болох нь ээ дээ?
Харц нь нэг л ёжтой гялалзаад явчихав.
- За даа, сурцтай самбаатай хүнд бол төө сухай байхад л хангалттай гэлцдэг.
- Төөхөн үү? Энэ чинь хорьхон см шүү дээ.
- Тийм.
- За больдоо. Өөрөө ингэхэд нүдээрээ үзэж, биеэрээ туулсан юм уу?
- Үгүй, үгүй. Тэгэж л ярьцгаадаг юм.
- Тэгээд та түүнд нь хүүхэд шиг итгэдэг хэрэг үү? Овоо л хашир хүн шиг атлаа, тэнэг ч юм шиг...
- Итгэлгүй яахав. Энэ нь миний гэнэн тэнэгт биш, төөхөн ташуураар чоныг нам цохих боломжтойд л байгаа юм.
- Яаж...?
- Чоно сарьсан хамартаа их эмзэг гэдэг. Тэгээд дайраад ирсэн чонын өмнөөс нударгаа, эсвэл хормойгоо сэвж өгдөг байна. Үмхээд авахаар нь хормойгоо хусаад өнөөх төө сухайгаараа шударчихаар яг сарьсан хамарт нь бууна. Тэгээд л нам...
- Ха ха, арай ч дээ. Араа шүдээ арзайлгаад чоно хүрээд ирж байхад бас өмнөөс нь хормойгоо сэвээд зогсож байх уу?
- Яагаад болохгүй гэж?
- Та арай өөрөө тэгэж явсан юм биш биз?
- Үгүй үгүй. Надад тийм учрал тохиосонгүй.
- Тийм бол өөрөө үзсэн юм шиг юунд хүнд яриад байгаа юм.
- Араа шүдээ арзайлгаад дайран ирж буй чонын өөдөөс хормойгоо сэвэх хэмжээний зориг самбаа зарим хүнд хангалттай байдаг болохоор л би тийм итгэлтэй яриад байгаа хэрэг.
- Ха ха. Та гэрийн тооноор нь орж ирсэн ирвэсийн хэлийг атгаж аваад хутгалж алсан тухай бичсэн байсан. Бас л итгэж байсан уу?
- Тэгэлгүй дээ.
- Худлаа шаа....д л...
- Юутай ч улаан гараараа ирвэсийн сүүлний угаас атгаж аваад, сүүлний үзүүрийг нь нөгөө гараараа барьж, биеэ ороогоод, улаан сугаруу нь өшиглөсөөр байгаад муужруулчихсан нэг бус хүнтэй таарч л байсан юм даа.
- Тэр уулын догшин амьтан тэгээд нэг бакалтай нөхөрт гүйцэгдээд, сүүлдүүлээд, сугадуулаад байх уу?
- Тэгдэг л юм даа.
- Бас хажууд нь хараад зогсож байсан уу?
- Үгүй л дээ.
- Ха ха, тэгнэ л дээ. Намайг өөр шигээ гэнэн тэнэг гэж санаа юу? Нүдээр л үзээгүй юм бол үнэн юм шиг битгий ингэж итгэлтэй ярь. Үлгэр домогт итгэдэг үе өнгөрсөн шүү дээ. Хүүхэд ч дооглоно. Хоцрогдол гэдэг жинхнээсээ наадах чинь...
- Үлгэр домогт итгэхээ болихоор л бид чинь харин жинхнээсээ хоцрогдоод эхэлж байгаа юм шүү дээ.
- За за, тэр үлгэр домогтойгоо далд ор. Хачин балай юм сонсчихоод, түүндээ итгэж, бас хүмүүст ярьж явахдаа ичихгүй. Тэнэглэл. Уг нь сүрхий уншсан ч юм шиг байдаг. Шал худлаа.
- Боломж нөхцөл нь таарваас чамд түлээний хар шиндүүгээр чоно цохиж үзүүлэхсэн...
- Нэртэйгээр нь чүдэнзний модоор гээч, .... ха ха.
...
Суурин ба нүүдэл иргэншлийн сэтгэлгээний ялгаа юун дээр голчлон илэрдэг вэ?
Үргэлжийн өөрчлөгдөх байгал цаг агаар, уудам орон зай, орчин ахуйн огцом хувьсал, гэнэтийн явдалд хэзээ ч бэлэн байх нүүдэлчин сэтгэлгээ бол боломжийг маш өргөн хүрээнд хардаг. Тийм байж л аливаад дасан зохицох, хурдан суралцах, хувьсан өөрчлөгдөх өндөр чадвар чадавхитай байдаг байна. Эс тэгвээс мөхнө. Тиймээс бидэнд билгэ ухаан ихэд хөгжсөн. Хийсвэрлэх өндөр чадамжтай.
Харин суурин тариачин сэтгэлгээ бол эсрэгээрээ. Тарианыхаа шангын хэмжээнд үйл амьдрал нь өрнөж, ажил үйл нь үргэлжийн дахин дахин давтагдах учир боломжийг зөвхөн тэр хэмжээнд л хардаг. Тэд хувьсан өөрчлөгдөөд ирвэл л хурдан мөрнө. Өөрөөр хэлбэл өөрийнхөө чадахгүй зүйлийг өөр хүн ч чадахгүй гэж бодох, өөрийнхөө үзээгүйг, мэдэхгүйг хаана ч байх боломжгүй гэж үзэх нь хятад тариачны сэтгэлгээний онцлог. Тиймээс тэд аргад сүрхий. Илүү прагматик, илүү материалист. Тиймээс тэд эд, мөнгийг илүүд үзэх.
"Монгол хүн амны билгээр,
Хятад хүн гарын бэлээр..." гэж...
Нүүдэлчин монголчууд өөрсдийгөө тариачин хятадуудаас ихээхэн ялгаатай болохыг хэдэн мянганы турш тэмцэн тулж, зэрэгцэн оршиж ирэхдээ машид гярхай анзааран мэдэж, язгуур гарлаа хүртэл тэнгэр, лусаар зааглаж иржээ.