ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ ТОВЫГ ХЭЗЭЭ ЗАРЛАХ ВЭ

ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ ТОВЫГ ХЭЗЭЭ ЗАРЛАХ ВЭ

 

АН-ынхан УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах шаардлага тулгарсан тухай албан бичгийн өнгөрсөн долоо хоног М.Энхболд даргад хүргүүллээ. Үүний араас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ч бас АН-ын бүлэгтэй утга ижил албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлэв. 

Харин яг одоогоор УИХ-ын дарга аль ч албан бичиг хариу өгөөгүй байна. Энэ тухай МАН-ын бүлгийн дарга өнгөрсөн баасан гарагт "Өвөлжилтийн бэлтгэл ажил хүндрээд байна гэдэг зүйл хааяагүй яригдах болсон. Хэдийгээр сайд нар үүрэг гүйцэтгэгчид шилжиж ажиллаж байгаа ч  Засгийн газар бүрэн хэмжээндээ ажлаа хийгээд явж байгаа. Монгол Улсын өмнө тулгамдаж байгаа асуудлыг тодорхой төвшинд шийдээд явна. Засгийн газрын залгамж шинж чанар алдагдахгүй гэдэгт итгэж болно” гэсэн тайлбарыг өгсөн. 

Харин АН-ын бүлэг болон Ерөнхийлөгчийн зүгээс ээлжит бус чуулганаар намрын ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах, нийслэлд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг яаралтай зогсоох, 2018 оны улсын төсвийг хэлэлцэх шаардлагатай хэмээн үзэж байгаа юм. Мөн сөрөг хүчний зүгээс сонгуулийн үеэр шоу хийж, хүүхэд бүрт мөнгө өгсөн ч одоо хаанаас, ямар мөнгө өгөх нь тодорхойгүй болсныг тус намын албан бичигт дурджээ. 9, 10 дугаар сарын хүүхдийн мөнгөнд 110 тэрбум төгрөг шаардлагатай ч эх үүсвэрийг шийдээгүй учраас  олгогдохгүй байх эрсдэл үүсээд буй. Тиймээс ээлжит бус чуулганыг хуралдуулан төсөвт тодотгол хийж, асуудлыг шийдэх ёстой гэх утга бүхий албан бичгийг УИХ-ын даргад илгээлээ. 

УИХ-ын Дэгийн тухай хуульд Ерөнхийлөгч ээлжит бус чуулган зарлан хуралдуулах санал гаргасан ч тодорхой хугацаанд багтаан УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарлах тухай заагаагүй. Хоёрдугаарт, ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг УИХ-д өргөн мэдүүлсний дараа УИХ-ын дарга захирамж гаргаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлах ёстой аж.

Харин МАН-ын ирэх долоо хоногийн эхний өдөр Бага хурлаа хуралдуулж Ерөнхий сайдын асуудлыг шийдвэрлэх чигтэй байгаа. Мэдээж үүнээс өмнө МАН-ын Удирдах зөвлөл дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ гэх асуудлаар хуралдана. Иймээс ирэх долоо хоногт Ерөнхий сайдыг тодруулж, нэрийг нь УИХ-д өргөн мэдүүлсэн цагт УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг товлох боломж бүрдэх тухай эх сурвалжууд мэдээлж байна. Тэгэхээр УИХ-ын дарга өөрт нь хаягласан албан бичгийн хариуг ирэх долоо хоног хүртэл хав дарахаар шийдсэн бололтой. УИХ сарын эхэнд хуралдаж Ерөнхий сайдаа огцруулсан. Харин одоо дараагийн Ерөнхий сайдаа хуулийн хугацаанд томилохоор ээлжит бус чуулганы хуралдаанаа зарлах нь тодорхой ч УИХ-ын дарга энэ талаар захирамж гаргаагүй байгаа юм. 


П.ГОО 

Оллоо.мн

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen