Хэлмэгдлийн сүүдэр “Гоолингоо”-д
Орчлон гэдэг хатуутай зөөлөнтэй байдаг жамтай болохоор өнчрөл хагацал, уулзах учрахын мөрөөдөлд автсан хэн бүхэн энэ дуунд дуртай.
1937 оны хэлмэгдүүлэлтийн дараа "Гоолингоо” дуу хөдөө тийш тарж, эр нөхрөө, эцгээ, ах дүү нараа энэ аймшигт явдалд алдсан эмэгтэйчүүд амандаа гунигтайхан аялж, хайртай хүнээ сэтгэлдээ дурсан, нулимсаа нуун санааширч байсан гэдэг.
Хэлмэгдүүлэлт зөвхөн тэр үеийн сэхээтнүүдийг хоморголон устгаад зогсохгүй үлдэж хоцорсон үр хүүхдүүдийнх нь амьдралд ч өгүүлэхийн аргагүй хүнд бэрхийг авчирч байсныг сэтгүүлч Б.Саруул "Зүрхний нулимс Гоолингоо” номондоо өгүүлжээ.
Анхны эсэргүү 14-ийн нэг гэгдэн зүй бусаар хэлмэгдсэн тэнгэрлэг хүмүүн Мөрдэндэвийн Ядамсүрэн болоод Монголын урлагийн тэнгэрт од болон гялалзаж асан Ардын жүжигчин Д.Ичинхорлоо нарын хайрын түүх "Гоолингоо”-той холбогддог учрыг "Зүрхний нулимс Гоолингоо” тайлжээ.
Дуу шиг тансагхан, жаргалтайхан амьдарч байсан хоёрыг ганцхан шөнө л До яамны ногоон малгайтнуудын "Бүү дуугар! Баривчиллаа” гэсэн бичигтэй гэрэл тусгасан аймшигт тэр хар мөч үүрд салгасан.
М.Ядамсүрэнг эсэргүү нэрээр баривчилсны маргааш өдөр Д.Ичинхорлоо гуай Бөмбөгөр ногоон театрын тайзнаа үсээ задгайлан бүс үгүй нөмгөн дээлтэй Маршал Х.Чойбалсангийн өмнө гарч ирэн дуулсан гэдэг. Ингэж тэрээр хэлмэгдүүлэлтийн эсрэг дуу хоолойгоо "Гоолингоо”-гоороо дамжуулан илэрхийлж явжээ.
Хайртай бүхнийг нь хагацуулж авч одсон их хэлмэгдлийн түүх дахин битгий давтагдаасай гэсэн далдын сургамж Д.Ичинхорлоо гуайгаар дамжин энэ дуунд шингэсэн ч байж болох юм. Дуугаар л сэтгэлийн гунигаа хэлж ганцаархнаа туулах хорвоог "Гоолингоо”-тойгоо туулахаар шийдээ буй за.
С.ЦЭНГЭЛ Эх сурвалж: Politik.mn
Линк: http://politik.mn/post/9969