Даян хааны удам тасрах шахсан гурван тохиолдол

Даян хааны удам тасрах шахсан гурван тохиолдол

 

Бөртэ Чино (758)–оос Мөнх (1209) хаан хүртэл 451 жилд 3 ясан төрөл шувтарч 25 үе өнгөрчээ. Энэ хугацаанд нэг ясан төрөл шувтрахад дунджаар 150 жил нэг үе 18 жил үргэлжилсэн байна. Харин Чингис (1162) хааны отгон хөвгүүн Тулуйн удмаар тооцоход Тогоонтөмөр хааны хөвгүүн Төгстөмөр (1342) хүртэл 180 жилд нэг ясан төрөл буюу 9 үе шувтарч, нэг үед дунджаар 20 жил үргэлжилсэн байна.


Тогоонтөмөр хааны хүү Аюушридар 1370-1378 онд, Төгстөмөр 1378-1388 онд, эцгийн орыг залгаж Ар Юань улсын анхны хаадууд болсон бол ач хөвгүүд болох Төгстөмөрийн гурван хүү Энхзориг 1389-1392 онд, Элбэг 1393-1399 онд Ар Юань улсын гурав, дөрөв дэх хаадууд байсан бөгөөд гурав дахь хүү Дүүрэнтөмөр хунтайжийн гуч хүү Хархууцаг тайж, Ойрадын Эсин тайшийн охин Цэцэг хоёрын дундаас ганц хүү төрсөн нь Баянмөнх "болох жонон” ажгуу. "Болох жонон” Баянмөнхийн цорын ганц хүү Батмөнх нь Их Монгол улсын 29 дэх хаан бөгөөд 1480 -1517 он хүртэл 37 жил төр барьж, Тогоонтөмөр хаанаас хойш өөр хоорондоо хагарч бутарсан Монголчуудыг хураан нэгтгэж, бүх Монгол даяар самуунгүй энх тайван байдлыг буй болгожээ. Батмөнх даян хааны алдар тэр үед Монгол даяар мандаж байсан төдийгүй Мин улсын түшмэдүүд хүртэл "дахин мандсан Монголын гэгээн эзэн” гэж бишрэн хүндэтгэж байсан тухай ном сударт тэмдэглэгдэн үлдсэн нь буй.

Батмөнх даян хаанаас Цахарын Лигдэн хүртлэх 115 жилд тэдний удам тасралтгүй Монголын төрийг барьсан бөгөөд отгон хүү Гэрсэнз Жалайр (1513 -1549) хунтайжийн 7 хөвгүүн (Ашихай, Ноёдай Хатанбаатар, Онохуй Үйзэн, Аминдурал, Дарь, Далдан хөндлөн, Саму Буйма) Ар халхын 7 хошууг захирч тэдний дээд өвөг болсон бол. Ашихай дархан хунтайжийн ач хүү Лайхор (1562 онд төрсөн) Онохуй Үйзэн ноёны дэд хүү Автай (1554 -1588), дөтгөөр хүү Түмэнхэн сайн ноён (1558 -1640), Аминдурал ноёны ач хүү Шоолой (1576 -1652) нарын удам Засагт хан, Түшээт хан, Сайн ноён хан, Сэцэн хан аймгийг үе дамжин XX зууны эхэнд хүртэл удирдсаар ирсэн түүхтэй ажээ.

Амьд үлдэх тавилан

Түүхийг эргэн санахад их хаадынх байтугай эгэл жирийн та биднийх ч гэсэн хэн нэг үл үзэгдэх гар эрэмблээд цэгцэлчихсэн юм шиг. Тэр нэгэн мөч агшин тасарсан бол өнөөгийн амьдрал "будаа” болох юм шиг үе ч байх. Бямбын Ренчин гуайг бага балчир, хүүхэд байхад нь Д.Сүхбаатар жанжин тохиолдлоор тааралдаж их эрдэмтэй хүн болоорой гэж хэлсэний дагуу номонд шамдан суралцах болсон тухай өөрийнх нь дурсамжинд байдаг. Юмжаагийн Цэдэнбал юмтай баяжуу айлын хүүхдийн оронд ацагладаж сургуульд ороогүй бол Монголын төрийг 40 жил удирдаач уу? үгүй ч үү?. Яг үүн лүгээ Батмөнх даян хааны эцэг Баянмөнхийн амьдрал өлгийтэй бяцхан байх үеээсээ л хутганы ирэн дээр байсан ажгуу.

Төгстөмөр хааны хүү Элбэг нигүүлсэгч хаан Монголын төрийг 1393 -1399 он хүртэл 6 жил барихдаа түүхэнд нэг хар мөр үлдээсэн байдаг ажээ. Элбэг нигүүлсэгч хааны дэргэд дөрвөн Ойрдын төлөөлөгчөөр мянгат овогт Хоохой Даюу гэгч түшмэл алба хааж байв. Хаан нэгэн удаа анд явж байгаад туулай намнахад тэр туулайн цус шинэхэн орсон цасан дээр дусалсан байжээ. "Энэ цас мэт цагаан царайтай энэ цус мэт улаан уруултай тийм гоо эхнэр байдаг болов уу?” гэхэд шадар түшмэл Хоохой Даюу "Хаан таны дүү Дүүрэнтөмөр тайжийн гэргий Өлзийт гоо Баажийгийн өнгө зүс таны энэ хэлж байгаагаас лав арван хувь үлэмж сайхан билээ” гэж аймшиггүйгээр өчихөд Элбэг нигүүлсэгч хаан ихэд хөөрч баясан "Үзээгүйг үзүүлэхийг, үлэмж хүсэл хангахыг түшмэл Хоохой Даюу та мэдтүгэй. Хожим би танд Чинсан цол өргөмжлөхөд бэлэн байх болно” хэмээжээ.

Дүүрэнтөмөр тайжийг нэг удаа анд явсан хойгуур нь Хоохой Даюу нууцаар Өлзийт гоо Баажийгийн ордонд очиж "Хаан эзэн Баажий чиний өнгө зүсийг үзэх гэж ихэд сонирхон хүсэж байна” гэж. Тэгэхэд нь Өлзийт гоо Баажий ихэд зэвүүрхэн "Хан тэнгэр, эх газар хоёр нийлж болдог уу? Хаан эзэн дүү бэрээ үзэж болдог уу?” гээд Хоохой Даюуг хөөж явуулжээ. Энэ тухай хаанд айлтгахад Элбэг нигүүлсэгч ихэд уурлаж, өөрийн дүү Дүүрэнтөмөр хунтайжийн ан авын замыг тосуулан туршуул илгээж түүнийг хөнөөлгөөд гурван сар болсон давхар биетэй дүү бэр Өлзийт гоо Баажийг дэргэдээ авчирч хатнаа болгожээ.

1399 оны нэгэн өдөр Элбэг нигүүлсэгч хаан уламжлал ёсоор их авд мордоход Хоохой Даюу мөнөөх амлсан Чинсан цолоо авах тухай ярихаар хааны замыг тосон хээр хүлээж байгааг мэдсэн Өлзийт гоо Баажий хүн явуулж "Хааныг хээр хүлээж байхаар энд ордонд ирж хүлээ” гэж хэлүүлэхэд Хоохой Даюу дуртай нь аргагүй зөвшөөрчээ. Өлзийт гоо Баажийн ордонд ирсэн Хоохой Даюуд мөнгөн аяга дүүрэн сархад барин "Бага биеийг минь их болгож, Баажий намайг хатан болгосон та ачтан хүн” хэмээн магтан асар хүндэтгэл үзүүлж буй дүр эсгэн "Танд нэн их хайр шан хүртээхийг хаан мэдтүгэй” хэмээн архи сархад шавдуулан барьсаар шал согтоожээ. Хоохой түшмэлийг согтож унасны араар түүнийг хааны орон дээр өргөн гаргаж хэвтүүлээд, өөрийн нүүрийг маажиж шалбалан, үс гэзгээ сэгсийлгэж орхиод ан авлахаар мордсон хаанд хүн явуулж дуудуулжээ. Элбэг нигүүлсэгч хааныг яаравчлан гэртээ ирэхэд Өлзийт гоо Баажий хатан нүүр хацар нь шалбарчихсан үс толгой нь сэгсийгээд уйлж суув гэнэ. Хаан гайхан юу болсныг асуухад:

"Энэ Хоохой түшмэл ордонд ирж шал согтоод намайг татаж чангаалаа. Би түүнийг эс зөвшөөрч эсэргүүцээд ийм боллоо” гэжээ. Ийм үгийг сонсоод түшмэл Хоохой балмагдан санд мэнд гарч зугатжээ. Элбэг нигүүлсэгч хаан ёсгүй түшмэлийн араас нэхэн хөөхөд түшмэл Хоохой гэдрэг дайрч эсэргүүцэн хааны эрхий хурууг тас харважээ. Энэ үед ордоны доторхи шадар цэргүүд хөдөлж Хоохой түшмэлийг барьж алав. Тэд хааны зарлигийг гүйцээсний гэрч болгон Хоохой түшмэлийн зоо нурууны арьсыг өвчин хаанд авч ирж үзүүлсэн байна. Энэ үед Өлзийт гоо Баажий хатан Хоохой түшмэлийн нурууны арьсан дээр хааны тас харвуулсан хурууны цусыг дусаан тос мэт нялж хэдэн удаа долоогоод: "Хар санаат хааны цусыг долоож, хатгаж үхүүлсэн Хоохойгийн тосыг ууж, эм хүн би эр нөхрийнхөө өшийг авлаа. Одоо надад үхэвч гомдох газаргүй билээ.” хэмээн өчжээ.

Элбэг нигүүлсэгч хаан Ойрдын Хоохой Даюуг хилс хороосноо мэдээд гэмшихдээ түүний хүү Батулайд "Би эцгийг чинь хилсээр хороов. Одоо чамайг Чинсан болгоё. Чи Ойрдын эзэн Үгэчи хасаха лугаа хамт дөрвөн Ойрдыг захирсугай” гэж зарлиг буулгаж, өөрийн охин Самар гүнжийг Батулайд гэргий болгон өгчээ. Гэтэл Ойрдын тэргүүн Үгэчи хасаха ихэд дургүйцэж "Энэ хаан золгүй төр байгуулан дүү юүгээ алаад, бэр юүгээн авч хатан болгоод ёсгүй засагийг явуулан миний түшмэл Хоохой Даюуг бэрдээ хууртан алаад ичсэндээ ноён намайг амьд байсаар байтал миний харц Батулайд Чинсан цол өгч Ойрдыг мэдүүлэв” гэж хилэгнэн түүний эсрэг цэрэг дайчлан хөдөлгөхөөр бэлтгэж эхэлжээ.

Хамаг эрх мэдлээ Элбэг нигүүлсэгч хаанд алдахаасаа айж эмээсэн дөрвөн Ойрдын хаан Үгэчи хасаха, эцгийн өшийг авахаар тангарагласан Батулай хоёр нэгэн зүйлд санаа нэгдэн үгсэн хуйвалдаж, хамсаж довтлон Элбэг хааныг хороосон нь Элбэг хаанд захирагдахгүй бие даахыг элдвээр оролдож байсан Ойрдын эрх баригчид болон зүүн Монголын зарим ноёдод бутран салахад сайхан боломж олгосон байна. Ийнхүү ялалт байгуулсан Ойрдын Үгэчи хасаха ялан дийлсэн баатарын ёсоор Элбэг хааны эхнэр хүүхэд, эд хөрөнгийг хураан авч нутаг буцсанаар Өлзийт гоо Баажий 7 сартай жирэмсэн Ойрдын хааны ордонд очиж 1400 онд нэгэн хөвгүүн төрүүлсэн нь Дүүрэнтөмөр хунтайжийн хүү Ажаа тайж байсан ажгуу. Харин Үгэчи хасаха Өлзийт гоо Баажийгаас гарсан Ажаа хүүг гадуурхалгүй өсгөсөн байна.

Элбэг хааны дараа түүний ахмад хүү Гүнтөмөр (1377 -1402) эцгийн орыг залгасан боловч хоёрхон жил хүрэхгүй Үгэчи хасахад хөөгдөж Монголын төрийн дээд эрх 1402 онд Ойрдын мэдэлд оржээ. Ийнхүү Үгэчи хасаха зүүн Монголын Аругтай тайш зэрэг ноёдын дэмжлэгтэйгээр Гүйличи нэрээр Монголын их хааны ор сууж 1408 он хүрчээ. Гэвч 1408 онд Аругтай тайш урваж Гүйличи хаанаа огцруулан нутагт нь буцаан хөөж оронд нь Элбэг хааны бага хүү Буяншир (1379 -1412) –ийг Өлзийттөмөр цолтойгоор хаан өрөгмжилсөн байна.

Ойрдын Батулай Чинсан 1412 онд Өлзийттөмөр хаан Буянширийг хорлож алаад Юань улсын хааны тамгыг булааж Хархорин хотыг эзэлжээ. Батулай Өлзийттөмөр хааны хүү Дэлбэг (1395 -1415) –ийг 1412 онд хаанд өргөмжилж хамаг эрх мэдлийг өөртөө авчээ. Батулайд бут цохигдсон Аругтай тайш хүчээ сэлбэн Мин улсаас тусламж авч эргэж байлдан 1416 онд Батулайг ялж түүний амийг хороожээ. 1417 онд Батулайгийн ууган хүү Тогоон эцгийн орыг залгаж Чинсангийн тушаалыг нь залгамжлан дөрвөн Ойрдыг захирах болжээ. Элбэг нигүүлсэгч хааны үйлдсэн энэ ёс бус үйл ажиллагаа Хоохой Даюугийн далдын муу хатгалга ятгалганаас болж Ойрад Монголын харилцаанд ан цав гарч улмаар ихэс дээдсийн хооронд цусан өшөө авах хэлбэрт шилжсэн байна. Авга ахынхаа эхнэр хүү хоёр (Өлзийт гоо Баажий, түүний хүү Ажаа) –ыг Самар гүнж Архайдаа тайшийн хамт нууцаар төрхмийн газарт нь Монголын төв хэсэг тийш буцааж, "болох жонон” Баянмөнхийн элэнц эцэг Ажаа тайж их дайн самууны хөлд үрэгдэлгүй эх нутагтаа буцан ирсэн нь тэр болжээ.Их хааны удам тасарч болох байсан эхний тохиолдол энэ ажгуу.

Ажаа тайжийн гурван хөвгүүн Тогтобуха (1422 -1452), Агваржин (1428 -1453), Мандуул (1426 -1479) нар Монголын төрийн түүхэнд нэрээ мөнхөлж, мөрөө үлдээсэн гавъяатай бол Батулайн хүү Тогоон (1400 -1439), Тогооны хүү Батулайн ач Эсин (1407 -1454) нар ч дөрвөн Ойрдын түүхнээ нэрээ алдаршуулж, мөрөө үлдээсэн цэрэгийн алдарт жанжин байжээ. Эдгээр хүмүүс түүхийн нэг үед амьдарч баруун, зүүн Монголыг захирч эвсэн гар барилцаж, эвдэрч илд зөрүүлж бас худ ураг бололцож улс төрийн төдийгүй удам судраараа холбогдож явсан түүхэн хүмүүс байжээ.Тухайлбал Элбэг нигүүлсэгч хаан төрсөн охиноо Батулайд эхнэр болгон өгч байсан бол Батулайн хүү Тогоон тайш төрсөн охиноо Тогтобухад эхнэр болгон өгч байв. Энэ худ ургийн холбоо цааш үргэлжлэн Эсин тайш өөрийн охин Цэцэгийг баруун Монголыг захирч байсан Агваржин жононгийн төрсөн хүү Хархууцаг тайжид гэргий болгон өгсөн байна.

Эсин өөрийн хүргэн ах Тогтобуха, худ Агваржин жонон хоёртой тийм ч дотно байсангүй. Харин дөрвөн Ойрд, баруун зүүн Монголыг нэгтгэсэн нэгэн их улсын хаан болох далдуур сонирхолдоо хөтлөгдөн өөрийн зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд тэднийг утсан хүүхэлдэй болгон ашиглаж чадсан юм.

Эхлээд Эсин эцэг Тогооны удирдлагаар Тогтобухтай хамтарч 1438 онд зүүн Монголын Адай хааныг довтолж хөнөөгөөд 1439 онд Тогтобухыг хаанаар өргөмжлөв. Тогоон 1439 онд нас барахдаа Тайсун (Тогтобуха) хаанд миний цол хэргэм, албан тушаалыг хүүд минь уламжлан үдээгээрэй гэсэн гэрээслэлийн дагуу Эсинг улсын тайшийн тушаалд томилж, эцгийнх нь хуй ван цолыг нь залгамжлуулан цэргийн хэрэгийг эрхлүүлэх дээд албанд томилсон юм. Хаан тайш хоёрыг хагаралдуулах хүчин Монгол дотроо ч гадна Мин улсын талаас ч үйлчилсээр байсан ажгуу. Тухайлбал Мин улсаас Монголын хаан, тайш хоёрт тус тусад нь нэг бус удаа илч ирүүлж, тэдгээр илч нь нэгийг нь хүндэтгэсэн нөгөөг нь үл тоомсорлосон байдал гаргаж, хооронд нь яс хаялцуулж байжээ. Монголын дотоод зөрчил 1452 онд улсыг удирдах хан хүүг тодруулах явдлаас улам лавширч зөрчил тэмцэл хурцадсан байна.

Тайсун (Тогтобуха) хаан хоёр эхнэртэй. Нэг нь Тогоон тайшийн охин Эсингийн эгч, нөгөө нь Харилуун аймгийн Цэвдэнгийн охин Алтгана. Алтганаас төрсөн хөвгүүнийг Молом, Тогоон тайшийн охиноос төрсөн хүүг Авдан гэдэг. Тайсун хааны их хатнаас хүүхэд гаралгүй удсан тул хаан залуу хатан авч хүү төрүүлжээ. Гэтэл түүнээс хойш хоёр жилийн дараа их хатнаас бас нэгэн хөвгүүн төржээ. Үүнээс хойш хаан их хатандаа дотносон бага хатнаа нэг их хайхрахаа больж, ордныхны хов живээр үг хийж Халцхай гэгч ноёныг бага хатантайгаа хардаж амь насыг нь хөнөөж, Алтгана хатныг хүүгийн нь хамт төрхөмд нь буцааснаар эх, хүүгийн хамт өөрийн эцэг Цэвдэнгийндээ амьдрах болжээ.

Тайсун хаан болон Монголын сайд ноёд түшмэдүүд уламжлал ёсоор хааны ахмад хүү Моломыг хунтайж болох ёстой гэж байхад Эсин тайш Ойрдын ноёдууд их хатнаас гарсан Эсингийн эгчийн хүү Авданг хунтайж болгох бодолтой байв. Энэ асуудлыг Монголын бүх ноёд дээдэсийг цуглуулж их хуралдай хийгээд ч тохиролцож чадаагүй байна. Эсин тайш Тайсун хаантай эв түнжин муудаад ирмэгц түүний төрсөн дүү Агваржин ноёнтой сэм эвсэн тэдний хооронд гарсан яльгүй зөрчил маргааныг ашиглан өөртөө татаж урвуулан авч чадсан юм.

Их хуралдай тарсны дараа Агваржин жононгийн шадар бие хамгаалагч Янаг цагаан гэдэг хүн Тодбуха Тайсун хааны морь, хуяг дуулгыг хулгайлж авсан байжээ. Түүнийг мэдээд Тайсун хаан Тодбуха алдсан юмсаа буцааж авах, Янаг цагааныг шийтгэх гэхэд Агваржин жонон бие хамгаалагчаа өмөөрч ах хаан Тодбухтай маргалдсан байна. Ах дүү хоёр, хаан жонон хоёр эе эвдрэн маргалдаж байхыг мэдсэн Ойрдын Авдрай сэцэн гэгч Эсин тайшид хандаж "Тайсун хаан, түүний дүү Агваржин жонон хоёр хоорондоо тохирохоо больсон байна. Би тэр хоёрыг нэг мөсөн хоёр тийш болгохыг хичээе. Амьд ирвэл биеийг минь өргөж хүндэтгээрэй! Хэрэв намайг үхвэл үр хүүхдийг минь тэтгэж асарч яваарай!” гэж захиад тэр шөнөдөө явж Агваржин жононгийн өргөөнд очоод, "Жонон таны баатарлаг хүч чадлаас бид бүхэн айдаг билээ. Гэтэл таны ах Тайсун хаан Тодбух таныг тэнэг мунхаг хэмээн доромжилж байна. Хэрэв жонон та ахаасаа үзэл салж манай талд орвол бид таныг бүх Монголын хаан болгоё!” гэж хэлэхэд Агваржин жонон үнэмшиж дөрвөн Ойрдтой сүлбэлдэн ах Тодбухыгаа хаан ширээнээс нь хөөж буулгахаар хуйвалджээ.

Ойрдын Авдай сэцэнийг ордноос буцаж явсны дараа Агваржин жононгийн хүү Хархууцаг тайж доош сөгдөж "Дээр хөхрөгчид нар, сар хоёр доор хөрстөд хаан, жонон хоёр болой. Өөрийн нараа бусдад яахин өгнө вэ? Ай жонон эцэг та харь дайсныг бүү итгэгтүн! Халуун зуураа бүү эвдрэгтүн! Улс нэгтнээ хорлоод ураг бологсдоо тэтгэж яахан болох билээ? Хаан төрдөө зүтгэвэл өөдлөн манддаг, харь дайсныг дагавал мөхөж сөнөдөг бус уу? Ойрдын Эсин тайш миний хадам боловч би түүний талд орохгүй билээ. Энэ үгийг би таны төлөө хэлж байна. Дайсанд итгэж суухын оронд эртхэн тэднийг довтолж өшөө хорслынхоо хариуг авъя” гэж гашуудан ятгажээ. Агваржин жонон:

"Хүүхэд чи юу мэдэх билээ. Миний хэрэг чамд хамаагүй дуугүй бай!” хэмээн зандраад Ордосын түмэн цэрэг, Еншээбуугийн түмэн цэргийг өөртөө дагуулж дөрвөн Ойрдын газар очиж нутагшсан байна. Тэгээд энэ үеээс Эсин тайштай хуйвалдаж өөрийн ах Тайсун хаан Тодбухтай байлджээ. Ойрдын Эсин тайш, Агваржин жонон хоёрын их цэргүүд Тайсун хаан Тодбухын ордон өргөө бүхий Хархорум хотыг бүслэн довтлоход Тайсун хаан ялагдаж, өөрийн цөөн тооны цэргийг дагуулж байлдааны талбараас зугатааж гараад Хэрлэн голыг гаталж, хуучин хадам эцэг нь болж байсан Цэвдэнгийн дэргэд хүрч очиж харимал хадам эцэгтээ хорлогдон амь эрсджээ. Ингэж Тайсун хааны нас барсны дараа 1452 онд Агваржин жонон Эсин тайштай анх хуйвалдан хэлэлцэж тохрисны дагуу Агваржин жононг ах хаан Тодбухын ор суурийг залгамжлуулан хаан ширээнд залгамжлуулан суулгасан юм. Эсин тайшийг мөн хэлэлцсэн ёсоор дэд хааны зэрэг зиндаанд гаргаж, жонон болгожээ. Уламжлал ёсоор бол хаан жонон хоёрыг алтан ургийнхнаас өөр хүн авч байсан удаагүй юм. Харин энэ удаад улсын жонон Ойрад хүн Эсин тайш болжээ. "Тэр дөчин түмэн Халх, дөрвөн түмэн Ойрад бүгдийг нэгтгэн захирахаар Агваржинг хаан болгож Эсин өөрөө жонон болсон юм.” гэж "Эрдэнийн товч” –д дурдсан байдаг юм. Ойрдууд өөр хоорондоо Агваржин хааны тухай ярилцахдаа:

"Өөрийн төрлөө эс санасан хүн Манай төрлийг санана гэж үү?

Өөрийн төрөө эс санасан хүн Хүний төрийг санана гэж үү?

Өөрийн нэрээ эс санасан хүн Манай нэрийг санана гэж үү?

Өөрийн галд ус хийсэн хүн Манай галд тос хийв гэж үү? ”

хэмээн тохуу болгож байжээ.

Эсин Агваржинтай нийлж Тайсун (Тогтобуха) хааныг түлхэн унагаад зогсохгүй. Агваржинг Ойрад Монголын хаанаар өргөмжлөх их хурим найр хийнэ гэж зүүн Монголын Агваржин тэргүүтэй 33 өвөрлөгтөн (шилдэг хурц сэцэн эрчүүд), 44 отогтон (их ноёд), 61 хэнгэрэгтэн (цэргийн тугчин) нарын 108 хүнийг урьж авчиран ганцхан шөнийн дотор хүйс тэмтэрсэн бөгөөд энэхүү алаан хядаанаас амь зулбан зугтсан Агваржин жононгийн хүү Хархууцаг тайж Цагаадайн улсын хил үрүү зугтаж явах замдаа хорлогдсон байна. Энэ үйл явдал 1452 оны эхээр болсон бөгөөд Эсин 1453 оны өвөл өөрийгөө баруун, зүүн Монголыг нэгтгэсэн "Их Юань улсын тэнгэрлэг богд хаан” хэмээн өргөмжилсөн байна. Гэвч тэрээр мэхт мэхэндээ гэгчээр 1954 оны 8 сард өөрийнхөө дотны нөхдөд алагдсан юм.

Тайсун хаан Эсин хоёр зөрчилдөж улмаар дайсагналцаж эхэлсэн үед Хархууцаг тайж Цэцэг хоёр бас сөргөлцөж нэг хэсэгтээ Цэцэг төрхөмдөө буцсан байна. Энэ үед Цэцэг гэдсэндээ тээж очсон хүүхэд бол "болох жонон” Баянмөнх байжээ. Эсин хатуу сэтгэл, хатан зориг бүхий маш дайчин гарамгай жанжин хүн байжээ. 1449 оны сүүлчээр Мин улсын эзэн Ин Цзуны удирдсан 5 түмэн цэргийн эсрэг хоёр түмэн цэрэгтэйгээ байлдан ялалт байгуулж, түүнийг баривчилж, Мин улсын Засгийн газарт нэг дүншүүр лан мөнгөний золио өгч эзэн хаанаа буцааж ав гэж шаардаж, болзол тулгаж, энх амгалан хөрш байх, худалдаа наймааны төлөөлөгчид тогтмол солилцож байх гэрээ хэлцэл хийж байжээ.

Ийнхүү аян дайнд алс хол явж байхдаа өөрийн охин Цэцэгээс "Охин гарвал үсийг нь самал. Нуган төрвөл голыг нь самал” гэж байн байн элч илгээн явуулж байсан байна. Өөрөөр хэлбэл "Охин гарвал асарч тэжээ, хүү гарвал үгүй хий” гэж захиж байжээ. Энэ үед Цэцэгийн элэнц эх болох Самар гүнж гуч охиноосоо гарсан хөвүүнийг Цахарын Холбод отогийн Одуй эмгэнд өгч нууцаар тэжээлгэсэн байна. Одуй эмгэн хүүхдийг алъя гэж ирсэн элчид охин хүүхэд (өөр) -ийг өлгийдөн үзүүлж хуурч буцааж байжээ.Хожим Баянмөнхийг багад нь Самар гүнжийн өгсөн үүргийн дагуу Хорчны Болжу тайш нарын 4 хүн халхад нууцаар авчирч Мандуул хаанд хүлээлгэн өгснөөр их хааны удам тасарч болох байсан хоёр дахь аюулаас хэлтэрчээ. Хүргэж ирсэн 4 хүнийг үрийн үр хүртэл дархалсан ажээ.

Лу.Алтан товчид тэмдэглэснээр Баянмөнхийг Урианхайн хутагт Шүүсийнд авч ирсэн бөгөөд том болсон хойноо хутагт Шүүсийн Шүхэр нэрт охинтой сууж 1474 онд нэгэн хөвүүн төрүүлсэн нь Батмөнх Даян хаан ажгуу. 1470 оны эхээр Монголын төр хямарч "болох жонон” Баянмөнх, Мандуул хаантай муудалцаж төрийн хэргээс хөөгдөж зовж зүдэрч явах тэр цагт Хутган дэрстэй хэмээх газар Батмөнх Даян хаан мэндэлжээ. Монгол түмний хувь заяа, Мөнх тэнгэрийн хүчин гэж үүнийг л хэлдэг болов уу?

Монголын төр түр хугацаагаар эзэнгүйдсэн үеийг ашиглан Угуйдын Исмэл тайш тэргүүтэн зүүн Монголд довтолж Баянмөнх алагдаж, Шүхэр хатаныг булаан авснаар Батмөнх өнчрөн хоцорч багагүй зовлон амсаж явах үед нь Төмөрхадаг гэгч ард тэжээн тэнхрүүлж, түүний эхнэр битэг өвчин туссан хөвгүүнийг анх ботголсон есөн цагаан гунжин тэмээний сүүгээр гурван мөнгөн аягыг цоортол элээж эмнэсэн гэж түүхэнд бичигдсэн байдаг ажгуу.Ийнхүү хааны удам тасарч болох байсан гурав дахь аюулаас аврагджээ.

Мандуул хаан, "болох жонон” Баянмөнх хоёр ойр ойрхон нас барж монголын төрийг залгамжлах ёстой алтан ургийнхан тасархад хүрсэн эгзэгтэй үед Мандухай сэцэн хатан нялх балчир Батмөнхийг сурвалжлан олж 7 настай бяцхан хөвгүүнийг "Амь нь бат, Төр нь мөнх, явдал ёсон нь сайн, Даян бүгдийн эзэн болтугай” хэмээн Даян хаан цол өргөмжилж хаан ширээнд залсан түүхтэй билээ.

М.Далайхүү


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen