ЗОГСООЖ БОЛОХГҮЙ ХӨДӨЛГҮҮР

-Хатуухан хэлэхэд өнөөгийн хүнд хэцүү үед Засгийн газраа унагавал гадны хөрөнгө оруулагчид Монголыг нэг нүдээрээ ч харахгүй. Муугаар бодоод засаг огцорлоо гэхэд сандал суудлын өрсөлдөөн гэсээр багагүй хугацаа алдана. Тэгээд дараагийн "нярай” засаг энэ том даваануудын ард гарч чадах уу. Эсрэгээрээ Монгол Улс дампуурлаа зарлах түвшинд хүрвэл яах вэ-

УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүн Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гэсэн албан бус мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан. Монголын улс төрийн түүхэнд парламент цөөнгүй Засгийн газраа огцруулсан ч сайн үр дүн авчирсан жишээ алга.
1996-2000 онд Ардчилсан холбоо эвсэл УИХ-д олонх болсон үе түүхэн дэх бага хаадын үеийг эрхгүй сануулдаг. Тухайн үед буюу 1996 оны зун М.Энхсайхан Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон ч 1998 оны дөрөвдүгээр сарын 22-нд огцорсон. Дараа нь 1998 оны дөрөвдүгээр сарын 23-нд Ц.Элбэгдорж Засгийн газраа бүрдүүлмэгцээ улс төрийн тогтвортой байдлыг бодож, сайдын суудлыг эвсэлд нэгдсэн намуудад тэнцүү хувааж өгсөн байдаг. Гэвч нэмэр болоогүйгээр үл барам түүний тэргүүлсэн Засгийн газар гурван сар ч "наслалгүй” 1998 оны долоодугаар сарын 24-нд огцорсноо зарласан.
Үүний дараа 1998 оны 12 дугаар сарын 8-нд Ж.Наранцацралт "Ардчилсан холбоо” эвслийн гурав дахь Ерөнхий сайдаар томилогдож, ажлаа авснаас хойш долоон сарын дараа 1999 оны долоодугаар сарын 21-нд мөн танхимаараа огцорсон. Ийн гурван ч Засгийн газраа "нухаж”, 1999 оны долоодугаар сарын 30-нд Р.Амаржаргалыг томилж, дөрвөн Ерөнхий сайдын нүүрийг үзсэн АН-ыг 2000 оны УИХ-ын сонгуулиар ард түмэн "огцруулж”, Ж.Наранцацралт л намаасаа ганцаараа дараагийн парламентад суудал авч байсан түүх бий. Засгаараа тоглосон энэ дөрвөн жилд улсын төсөв хоосорч, ард түмний амьдрал элгээрээ хэвтсэн. Аймаг орон нутагт 3-6 сарын цалингаа тавьж чадахгүй байдалд хүрч, банкууд дампуурлаа зарлаж байсныг иргэд мартаагүй байх.
Засгаа задраасан хамгийн сүүлийн түүхийг дурдахад, намаа удирдаж гурван сонгуульд ялалт байгуулсан Н.Алтанхуягийн үзэл баримтлал нэгт намын "ахан дүүс” нь чичирсээр байгаад 2014 онд хоёр ойтой Засгийн газрынх нь "амьсгалыг тасалсан”. Угтаа бол 2012-2014 онд Шинэчлэлийн Засгийн газрын үед Монголын эдийн засаг 11 хувийн өсөлттэй байлаа. Шинэ засгийн тэргүүн Ч.Сайханбилэг ажлаа авахдаа "Нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаг” хэмээн сүржин уриа хэлсэн ч бодит байдал эсрэгээрээ болж, түүний толгойлсон Шийдлийн Засгийн газрын үед буюу 2014 оны сүүлээр эдийн засгийн өсөлт 11 хувиас 7.8 хувь болтлоо огцом унасан. Нэмж тоо баримт хэлэхэд, 2015 оны сүүлд 2.5 хувь болж, 2016 онд гарсаар бүр огт өсөөгүй. Мөн УИХ Засгийн газраа унагаснаас болж, гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр тэрбум ам.доллараас 110 сая болтлоо буурч, хоёр компани тутмын нэг нь үйл ажиллагаагаа зогсоож, үүний уршгаар олон мянган иргэн ажилгүй болсон. Өнгөрсөн оны эхний хагас жилд улсын төсөв нэг их наяд төгрөгийн алдагдалтай, эдийн засгийн өсөлт саарч, сүүлийн таван жилд ДНБ анх удаа хасах утгатай гарсан байдаг. Мөн гадаад хөрөнгө оруулалт тэгтэй тэнцэж, төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2500 давж, үндсэндээ Монгол Улс гадны улсуудаас авсан зээлээ төлж чадахгүй дефолтоо зарлах хэмжээнд хүрсэн талаар гадна дотны шинжээч, мэргэжилтнүүд ам уралдан ярьж байлаа. Үүнд бухимдсан ард түмэн өнгөрсөн УИХ-ын сонгуулиар эрх баригч АН-д дүн тавьж, З.Энхболд, Ч.Сайханбилэг, Н.Алтанхуягаас эхлүүлээд Шинэчлэлийн болон Шийдлийн засагт сайдын алба хашиж байсан улс төрийн лидерүүд нь хүртэл өвдөг шороодсон билээ.Өнгөрсөн онд ард түмэн МАН-ыг дотоод эв нэгдэлтэй, засаг төр нь тогтвортой хэмээн харж 65 суудал өгсөн юм. Мэргэжлийн Засгийн газар ч бүрдсэн даруйдаа Олон улсын валютын санд хандаж, найман сар үргэлжилсэн хэлэлцээр амжилттай өндөрлөсөн билээ. Өнгөрсөн тавдугаар сарын 23-наас манай улсад ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжих шийдвэр гарсан. Валютын сангийн Засгийн газартай хамтран ажиллах болсон гол хүчин зүйл нь МАН УИХ-д 65 суудал авсан тул улс төрийн нөхцөл байдал тогтвортой гэж үзсэн. Энэ оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын эдийн засаг 4.2 хувийн өсөлттэй гарлаа. Төсвийн алдагдал 740 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 383 тэрбум төгрөгөөр буурчээ. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2400 төгрөгт тогтворжиж, он гарсаар 200 гаруй сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн байна.
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил идэвхжиж, нүүрсний олборлолтын хэмжээ огцом өсч, экспортын орлого тав дахин нэмэгджээ. Жилийн өмнө Засгийн газар хүүхдийн мөнгөө ч өгөх санхүүжилтүй байсан бол өнөөдөр төсвийн орлого 579 тэрбум төгрөгөөр давсан дүнтэй гарч, хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгож эхэлсэн. Энэ тоо баримтууд эдийн засагт "ногоон гэрэл” ассаныг илтгэж байна. Мөн Засгийн газар тогтвортой байх нь дан ганц гадаад хөрөнгө оруулалт бус бизнес эрхлэгчдэд хамгийн том түшиг тулгуур болдог. Улс төрийн тогтворгүй байдал нь том жижиг олон компанийг үүдээ барихад хүргэхээс гадна төрийн бүх л шатны албанд нөлөөлж, хамгийн том хохирлыг ард түмэн л үүрдэг. Монгол Улсын одоогийн нөхцөлд Засгийн газар огцорвол улс төрийн тогтворгүй байдал үүсч том жижиг олон гай дуудна. Учир нь ОУВС-гийн шаардсан нөхцөлийг Засгийн газар болон улстөрчид зөрчсөн тохиолдолд дараагийн санхүүжилтээ зогсоох, түдгэлзүүлэх бүрэн эрх бий. Гадны жишээ дурдахад, Украин Улс ОУВС-гийн "Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж, таван тэрбум ам.долларын зээл авсан ч улстөрийн тогтворгүй байдал газар авч, хэлэлцээрээр тохирсон үр дүнд хүрээгүй учир урт хугацаатай, хатуу хөтөлбөрт шилжсэн.
Өөр нэг аюул нь Монгол Улс таван жилийн өмнө олон улсын зах зээлээс босгосон Чингис бондын эхний 500 сая ам.долларын эргэн төлөлтийг дөрвөн сарын дараа барагдуулах ёстой. Тодруулбал, 2012 оны арванхоёрдугаар сард босгосон Чингис бондын 4.125 хувийн хүүтэй 500 сая ам.долларыг 2018 оны нэгдүгээр сарын 5-нд төлөх хуваарьтай. Мөн ирэх оны тавдугаар сард Дим Сан бонд буюу нэг тэрбум юанийн хүүд 160 сая ам.доллар төлнө. Өөрөөр хэлбэл, он гараад 660 сая ам.долларын өр төлбөр барагдуулна. Хатуухан хэлэхэд өнөөгийн хүнд хэцүү үед Засгийн газраа унагавал гадны хөрөнгө оруулагчид Монголыг нэг нүдээрээ ч харахгүй. Муугаар бодоод засаг огцорлоо гэхэд сандал суудлын өрсөлдөөн гэсээр багагүй хугацаа алдана. Тэгээд дараагийн "нярай” засаг энэ том даваануудын ард гарч чадах уу. Эсрэгээрээ Монгол Улс дампуурлаа зарлах түвшинд хүрвэл яах вэ.
УИХ-ын сүүлийн дөрвөн сонгуулийн үр дүнг харахад засгаараа тоглосон нам их, бага хэмжээнд ялагдал амссан байна. МАН улс орноо бодсон ч, улс төрийн хараагаа харсан ч 2020 онд ээлжит ялагдлаа хүлээхийг хүсэхгүй байгаа бол Засгийн газраараа тоглох хэрэггүй.

Эх сурвалж:

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen