Цөмийн бөмбөгдөлтөнд өртөж амиа алдсан япон иргэдийн дурсгалыг хүндэтгэлээ
Одоогоос 72 жилийн өмнө буюу 1945 онд Японы Хирошима хотын дээр АНУ-ын агаарын цэргийн хүчний бөмбөгдөгч онгоц цөмийн бөмбөг хаясан нь дэлхийн түүхэн дэх хамгийн харамсалтай үйл явдлаар нэрлэгддэг. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хирошима хотод бөмбөгдөлтөд өртөж амиа алдсан япон иргэдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд сая гаруй Япончууд хүрэлцэн очиж орон нутгийн цагаар өглөөний 8 цаг 15 минутад хүндэтгэл үзүүлж, нэг минут дуугаа хураасан зогсож хүндэтгэл үзүүллээ.
Хирошима хот дахь цөмийн бөмбөг дэлбэрсэн газраас холгүй орших Энхтайвны дурсгалын цогцолборт Японы улс төрчид, Европын холбоо болон 80 гаруй улс орны төлөөлөгч, элчин сайд нар хүрэлцэн очжээ. Энэ жилийн хувьд тус хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох орны тоо 11-ээр буурсан талаар онцолсон юм. Өмнө нь АНУ-ын Засгийн газар буюу Ерөнхийлөгч асан Барак Обамагийн засаглал өнгөрсөн 7 жилийн турш тус арга хэмжээнд илч төлөөлөгчөө илгээн оролцуулаад байгаа бол энэ жил ерөнхийлөгч Дональд Трампын шинэ засаглал төлөөлөгчөө илгээж байгаа юм. 1945 онд АНУ Хирошима хотын дээр цөмийн бөмбөг хаясан явдлаас болж гэм зэмгүй 140 мянга гаруй иргэн амиа алдсан юм байна.
Хирошима хотын дарга Казуми Мацуи энэ үйл явдалтай холбогдуулан дэлхийн улс орныг цөмийн хөтөлбөрийг зогсоохыг уриалсан байна. Мөн тэрээр засгийн газартаа хандан Олон улсын конвенци энэ асуудалтай холбогдуулан хүчин чармайлт гаргахыг санал буулгахыг шаардахаар төлөвлөж байгаа гэдгээ илэрхийлжээ. Түүний дараагаар Японы ерөнхий сайд Абэ Шинзо мэдэгдэл хийсэн юм. Тэрээр мэдэгдэлдээ, Япон улс цөмийн бөмбөгдөлтөд өртсөн цор ганц улс гэдгийг онцлоод, дэлхийн улс орны иргэд цөмийн пуужингийн уршгаар дахин амь насаараа хохирох ёсгүй, энэ хүрээнд дэлхийд энх тайвныг бий болгох зорилгоор цөмийн хөтөлбөрийг зогсоох хэрэгтэй хэмээн мэдэгдсэн байна.