З.Санждорж: Б.Бүрнээ лам орж ирээд л үгийн зөрүүгүй цохисон
Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамцын туслах Б.Бүрнээ " Их Хүрээ” хийдийн хамба лам, зурхайч З.Санждоржийг зодсон гэх мэдээлэл гараад буй. Тэгвэл З.Санждорж хамба өнөөдөр хэвлэлийнхэнд уг асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Болсон явдлыг тодорхой яривал энэ явдал өнгөрөгч Баасан гарагт болсон. Маргааш нь Даншиг наадам болох гэж байхад хөтөлбөр манай хийд дээр ирэхгүй болохоор нь би өөрийн биеэр төв Гандан дээр очсон. Хамгийн түрүүнд Даншиг наадмыг эрхлэн явуулсан Да лам Бямбажавтай уулзсан. Гэтэл танай хийдэд тийм боломж байхгүй Б.Бүрнээтэй уулз гэсэн хариуг сонссон.Тэндээс гараад үүдэн дээр нь манай 16-р хорооны таньдаг цагдаа хөтөлбөр авах гэж ирсэн байсан. Түүнийг дагаад ортол цагдаад хөтөлбөр өгчихсөн. Хөтөлбөр байсан хэр нь яагаад манайд өгдөггүй билээ гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн хөтөлбөрийг цуг уншаад зогсож байтал гаднаас Б.Бүрнээ лам орж ирээд л үгийн зөрүүгүй цохисон. Энэ хэргийг би хуулийн байгууллагуудад бүгдийг өгсөн байгаа. Тэнд байсан камерын бичлэгүүдээс бүх зүйл ил тод харагдана. Төв Гандангийн лам нар өөрсдөө ёс зүй зохиодог хүмүүс атал өөрсдөө маш ёс зүйгүй үйлдэл гаргалаа" хэмээн ярьсан юм.
Сануулахад, Гандантэгчинлэн хийд болон Их хүрээ хийдийн хамба нар хоорондоо таарамжгүй гэх мэдээлэл олон жилийн өмнөөс гарч байсан. З.Санждорж хамба 7 жилийн өмнө буюу 2010 онд хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийхдээ Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц өөрийн туслах Бүрнээгээр дамжуулан Их хүрээ хийдийн хамба лам Б.Санждоржид шашны сургууль төгсөөгүй, шашны төвөөс хөөгдсөн, хулгай хийсэн гэж гүтгэсэн хэмээн хэлж байсан байдаг юм.