Эх оронч голуудаа хамгаалъя

Эх оронч голуудаа хамгаалъя

 

Монгол оронд 67000 км урттай 3811 гол горхи, 500 шоо метр эзэлхүүнтэй 3500 гаруй нуур, 7000 орчим булаг шанд, 540 шоо метр тайлбай бүхий 190 гаруй мөсөн гол 250 гаруй рашаан байдаг бөгөөд газрын доорхи усны 139 орд газар бий. Энэ тоо гол, нуураар баян мэт уншигдаж байгаа ч хэдхэн голоос бусад нь гадагшаа урсгалтай буюу хөрш зэргэлдээ улс, орнуудын ус, голд цутгадаг. Өөрөөр хэлбэл, "хүний” гол, нуур гэсэн үг. Харин үүний цаана гадагш урсгалгүй буюу бидний "Эх оронч” хэмээн нэрийддэг цөөхөн гол бий. Гэвч эдгээр эх оронч голд хүн, мал хийгээд техникийн хор хөнөөл хүрч, урсац нь багассаар байгаа билээ. Юутай ч эх оронч голуудынхаа талаарх мэдээллийг хүргэе. Эх оронч томоохон голын тоонд Ховд, Тэс, Хүнгүйн, Байдраг, Түйн, Таац, Онги, Булган гол орно.

Ховд гол

Ховд гол нь Төв Азийн гадагш урсгацгүй ай савын гол мөрнүүд дотроо хамгийн их устайд тооцогдох Монгол дахь гол. Монгол Алтайн нурууны тэргүүн оргил Таван Богдын зүүн өмнөд мөсөн голоос эх авч урсах Цагаан ховд (Акау), Хар ховд (Каратыр) голыг Ховдын эх гэж үздэг. Энэ хоёр гол нь Хотон нуур, Хурган нууруудыг дайран олон гол горхи нийлүүлсээр Их нууруудын хотгорын Хар-Ус нуурт цутгана. Монгол Алтайн Толбо, Тал, Даян, Хотон, Хурган, Ачит гэх мэтийн том нуурууд илүүдэл усаа Ховд гол руу цутгана. Ховд голын урт 516 км, талбай нь 58000 хавт.дөр.км болно. Усны унал км тутамд ойролцоогоор хоёр метр тул урсгалын хурд их юм. Голдиролын өргөн доошлох тутам нэмэгдэж 80-130 м болж 1.5-3 метрийн гүн зонхилно.

 

 

Ховд голын үндсэн цутгал голууд нь Цагаан, Сагсай, Буянт хэмээх том голуудаас гадна Согоо, Бөхмөрөн, Өвдөг, Шивэр гэх мэт голууд юм. Нийт ус хураах талбай нь 58 мянган км.кв болдог ба усны сүлжээний нягтшилын хувьд Төв Азийн гадагш урсгалгүй ай савд төдийгүй Монголын бусад гол дотроо дээгүүрт орно. Ховд гол эхэн хэсэгтээ тэвш хэлбэртэй хөндийгөөр эртний мөстлөгийн морены хурдсанд хаагдаж тогтсон том жижиг олон нуур дамжин урсдаг. Алтайн сүрлэг уулсын ам хавцал бүрээс усждаг дээрх голуудад борооны уснаас гадна хур цас, мөсөн гол, гүний ус багагүй нэмэр хандив болдог байна. Ховд гол аравдугаар сард хөлдөж, дөрөвдүгээр сарын шувтаргаар хайлж, цэлмэдэг бол цутгал голуудын олонх нь ёроолгүй хөлддөг байна.

 

Булган гол

Төв азийн гадагш гарах урсгалгүй ай савын гол мөрдийн тоонд Монгол Алтай, Говь-Алтайн ар өврөөс эх авч уулсын хоорондох битүү хотгорт замхрах гол горхи, булаг шанд түр зуурын урсгалтай байдаг олон сайр багтана. Тийм голуудаас жишээ нь Алтайн арын Гурванцэнхэр, Шарга, Халиун, Алтайн өвийн Булган, Үенч, Бодонч, Балаг, Биж зэрэг голыг нэрлэж болно. Эдгээр голоос томоохон нь Монгол Алтайн өврөөс эх авч Өлөнгөр нуурт цутгах Булган гол юм. Булган голын урт тус улсын хил хүртэл 250 км, талбай 8750 орчим хавт.дөр.км бөгөөд усны унал голын нийт уртад 1900 м буюу дундаж налуу 0,0076 болно. Голын сав газарт Монгол Алтайн хур цаст зарим оргил болон өвөр бэлийн хад цохио, ханан хавцал бvхий уулсууд багтах тул голын хөндий ихэнх хэсэгтээ 0,3-0,5 км байснаа түүний баруун гарын цутгал Баян голын бэлчирээс доош нэлээн уужирч Булганы тохойд хамгийн их тэлэгдэж өргөсдөг. Цутгал голуудаас Улиастай, Тvргэний гол томоохонд тооцогдоно. Булган голын голдиролын өргөн, усны гүн жилийн улирал, урсах газрын төрх байдлыг дагаж янз бүр байна. Булган голыг усны зонхилох ионы бүтцээр гидрокарбонатын ус бүхий гол мөрний ангилалд багтааж болно.

 

 

Булган голд амьдардаг үнэт арьстай ховор амьтан болох минжийг хамгаалах зорилгоор анх 1965 онд анх дархан цаазат газрын ангиллаар хамгаалалтад авсан байна6 Булган голын дархан газар нь зөвхөн минжийг хамгаалах, өсгөн үржүүлэх зорилготой учраас 1995 онд УИХ-ын тогтоолоор тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн дагуу өөрчилж, ховордсон амьтныг хамгаалах зорилго бүхий биологийн нөөц газар болгосон байна. Голын хөндийн хоёр талаар орших уулс нь Монголын атираат уулсын тогтолцоонд хамаарах ба элсэн чулуу, шаварлаг занараас тогтоно. Зарим газар боржин чулуулгын илэрц ажиглагдана. Зүүн баруун Хаац уулсаас баруун тийш Монцогийн улаан гол, Ярантын уулын орчим нутагт салхины нөлөөгөөр тогтсон элсэн толгод томоохон талбайг эзлэн оршино. Баян-Өлгий аймгийн Булган сумын хойд зах Булган голын эхээр Монгол Алтайн салбар уулсууд оршино. Булган гол 100 гаруй цутгал гол горхитой бөгөөд тэдгээрээс хамгийн том нь Индэрт, Тошилт, Дээд доод нарийн, Баянгол зэрэг голууд юм. Булган гол нь эхэн хэсэгтээ боргио, харгиа ихтэй ширүүн урсгалтай, доошлох тусам урсгал нь намуухан дөлгөөн болно. Булган гол нь өндөр уулнаас буугаад хангай говь хосолсон өргөн хөндий дундуур урсаж улмаар БНХАУ-ын нутгийг дайран Енисей мөрөнд нийлж, Хойд мөсөн далайд цутгана.

 

 

Булган гол нь эрт үед одоогийн Үенч, Бодонч голуудын адил Бор цонжийн говь руу урсдаг байснаа хожим шинэхэн тектоник хөдөлгөөнөөр чиглэлээ өөрчлөн баруун тийшээ урсах болсон нь сонирхол татаж байгаа юм. Ургамалжилтийн хувьд баглуур, шар мод, хялгана, буйлс зонхилсон цөлийн хээрийн бүлгэмдэлтэй байдаг. Хэвгий тал, толгодлог газраар хялгана, хиаг, шаваг бүхий бүлгэмдэл ноёрхоно. Харин голын хөндий, хужирлаг нугын хөрстэй газраар бургас, харгана, чацаргана бүхий дэрст ургамал зонхилно. Булган голын хөндий нь зэрлэг чацарганы бут хадгалагдаж үлдсэн цөөн газрын нэг юм. Нөгөө талаар энэ орчимд бургас шугуй, дэрс, хонхот харгана, зэгс, шагшуурга бүхий цөөрөмтэй байдаг нь усны минж идэш тэжээлээ олох, өсч үржих, амьдархад тохиромжтой нөхцөлийг бүрдүүлдэг.

 

 

Амьтны аймгийн хувьд нэн ховор амьтан болох минж, мөнгөн сортой хар булга, хадны цагаан элэгт суусар, замба гүрвэл гэх мэт амьтан бий. Нөөц газрын зурваст аргаль, янгир, хулан, хар сүүлт, ирвэс, шилүүс, үнэг, чоно, мануул зэрэг амьтад элбэгээс гадна Булган голд алгана, мөрөг, зоодой зэрэг загас амьдарна. Мөн нүүдлийн болон усны олон төрөл шувуудтай.

Тэсийн гол

Булнайн нурууны араас эх авч Увс нуурт цутгах энэ гол 568 км урт бөгөөд 33358 хавт.дөр.км талбайгаас усжина. Тэсийн голд Тагны нурууны өврөөс эх авсан хэдэн арван услаг гол горхи цутгах тул доошлох тутмаа ус элбэгтэй болно. Голын сав газар эхэндээ уулархаг боловч уулс харьцах өндрөөрөө нам юм. Булнайн нурууны араас урсах голуудын бэлчирт асар их талбайг хамарсан намаг үүсгэх бөгөөд түүнийг Жаргалантайн намаг гэнэ. Тэсийн гол Завхан аймгийн нутгаар ОХУ-ын нутаг руу гарч Увс аймгийн Тэс сумын нутгаар эргэн Монголдоо орж ирж Увс нуурт цутгана. Адагтаа хэд хэд салаалж намаг бүхий голын садраа адаг үүсгэнэ. Үндсэн голын голдирол эхэндээ 150-60 метр, урсгалын дунд хэсэгт 40-120 метр, зарим хэсэгт 200 метр хүртэл задгайрч өргөснө. Усны зохилох гүн 0.3-2.5 метр, урсгалын хурд 0.7-1.5 м/сек орчим юм.

Байдрагийн гол

Хангайн өмнөт хажуугаас эх авч говийн Бөөнцагаан, Адгийн цагаан хоёр нуурт усаа нийлүүлдэг энэ голын нийт урт Бөөнцагаан хүртэл 295 км, Адгийн цагаан нуур хүртэл 310 км талбайгаас усжина. Байдраг голын эхэнд баруун гар талаас Загийн гол /80 км/, зүүн гар талаас Өлзийтийн гол /135 км/ тус тус цутгадаг. Байдраг гол Хангайн өмнөд уулсын нарийхан хавцал дундуур урсана. Хөндийн хажуу эгц, хад асга ихтэйн дээр хээр, говийн тачир ургамалшилтай юм. Энэ хэсэгт гол нэг гольдиролоор урсах бөгөөд гольдиролын өргөн 20-40 м, зонхилох гoн 0,3-1,5 м, урсгалын хурд 1-1,5 м/сек хүрнэ.

Таацын гол

Хангайн өвөр хажуугаас усжих дээр дурдсан голууд дотроос хамгийн бага нь Таацын гол болно. Түүний урт 200 км, талбай 9190 хавт.дөр.км болно. Усны эрдэсжилт бага гидрокарбонатын төрөлд багтана.

Хүнгүйн гол

Хөл саяын давааны өврөөс эх аван 243 км урсана .Төв Азийн гадагш ургалгүй ай савын Их Нууруудын хотгорын бvлэгт багтах томоохон голуудын нэг Хүнгүйн гол юм. Хангайн баруун хажуугаас усжиж Айраг нуурт цутгах бөгөөд түүний урт нь 200 км, талбай 21693 хавт.дөр.км болно. Хүнгүйн голын баруун гарын эрэг дагуу 2500 хавт.дөр.км талбайтай Бор-Харын элс оршино. Энэ элсэнд хагдаж тогтсон Баян, Гүн, Улаагчийн Хар нуур элсэн хурдсанд шүүрэх замаар Хүнгүйн голд усаа нийлүүлдэг.

Түйн гол

Түйн гол Байдраг голоос зүүн тийш орших бөгөөд Хангайн өвөр хажуугаас эх авч говийн Орог нуурт цутгана. Голын урт 243 км, талбай 94140 хавт.дөр.км болно. Энэ гол уулын хэсэгтээ 0.3-0.5 км хүртэл маш давчуу хавцлаар урсдаг бол Хангайн өмнөт бэгэлцэг дээр гарч ирэхдээ өргөн нарийн хөндийгөөр тахирлан урсана. Усны гүн харилцан адилгүй юм. Зонхилох гүн 0.5-1.5 м боловч харгиа боргиотой хэсэгт 0.2-0.3 метр нимгэрч, хадан хавцлын хоорондох цээл цүнхэлүүдэд 2.5-3 метр хүрнэ. Түйд цутгах томоохон цутгал гэвэл 2200 гаруй хавт.дөр.км талбайгаас усжих 120 км урт Шаргалжуутын гол юм.

Онги гол

Онги гол нь Дэлхийн цэвэр усны томоохон хагалбар цэг Хангайн нуруунаас эх авч хангай, тал хээр, говь гэсэн гурван бүсийг дамжин Хангайн өвөр хажуугаас говийн нууруудын хөндийрүү урсдаг хамгийн зүүн талын гол юм. Түүний урт Улаан нуур хүртэл 435 км, талбай 52920 хавт.дөр.км болно. Онгийн гол Арвайхээр хот хүртэл уулс дундуур 2-3 км, өргөн хөндийгөөр урсаж байгаад тэндээсээ доошлоход тэгш өргөн хөндийгөөр хэд хэд салаалж задгайрдаг. Голын үндсэн голдиролын зонхилох өргөн 15-30 метр, салаа татуургын өргөн 10-20 метр, усны гүн 0.4-1.7 метр, урсгалын хурд 1.2-1.8 м/сек орчим байна.

 

 

1993 оноос эхлэн Онги голын эх цутгал жижиг голууд дээр алтны шороон ордын олборлолтын үйл ажиллагаа явуулсны улмаас Онги гол тасарч 1998 онд Улаан нуур ширгэсэн. Алтны компаниуд голын үндсэн гульдралд олборлолт явуулж газрын хөрс усыг их хэмжээгээр эвдрэлд оруулсан төдийгүй нөхөн сэргээх ажлыг огт хийлгүй өдгөө хүргэж байгаа. Энэ байдлын улмаас Онги гол жил ирэх тусам татарсаар 2004 он гэхэд голын эхээс 100 км урсаад тасардаг болсон байв.Онги гол тасарч Улаан нуур ширгэснээр говийн экосистем өөрчлөгдөж хуурайшилт бий болсноор хур тундас орох хоногийн тоо цөөрч, ургамал ургахаа больж, цөлжилт их хэмжээгээр явагдаж байгаа.

 

 

Эдгээрт цутгаж буй жижиг голууд ч эх оронч голын тоонд орох ч уул уурхай, бусад үйлдвэрлэлийн нөлөөгөөр усны түвшин багасч, зарим нь ширгэсээр байна. Гэвч гадагш урсгалгүй битгий хэл гадагшаа урсгалтай голуудаа хамгаалж, эх орондоо шингээж үлдээх дорвитой, тодорхой хууль эрх зүйн орчин, санал санаачилга манайд алга. Гэхдээ юу юунаас түрүүнд байгаа бүхнээ эх орондоо "зориулдаг” эх оронч голуудаа хамгаалах төрийн бодлого үгүйлэгдэж байна. Үгүй бол жил ирэх тусам хатаж, ширгэсээр байгаа голуудын тоонд эдгээр гол ороход ойрхон байна.

 
 
Б.Энхмарт
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen