АРХИНЫ ШИЛ ТҮЙМЭР БОЛДГИЙГ МЭДЭХ ҮҮ

АРХИНЫ ШИЛ ТҮЙМЭР БОЛДГИЙГ МЭДЭХ ҮҮ

 

Онцгой байдлын газрын алба хаагчид Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ сум, Булган аймгийн Тэшиг, Дорнод аймгийн Баянтүмэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан түймрүүдийг бүрэн унтрааж, орон нутгийн удирдлагуудад хүлээлгэж өгсөн байна. Одоогоор улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нэг түймэр асч, гурван түймэр цурманд орсон байдалтай байгаа аж. Тодруулбал, Булган аймгийн Тэшиг сумаас 70 км-т Хужирт багийн ЭгТарвагатайн бэлчирт гарсан ойн түймрийг унтраахаар Булган, Орхон аймгийн Онцгой байдлын газраас 50, Зэвсэгт хүчний 186 дугаар ангиас 63 алба хаагч, орон нутгаас 29 иргэн, нийт 142 хүн 11 автомашин, 21 морьтойгоор ажиллаж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн мэдээлэлд дурдагджээ. Эдгээр түймрийн хэд нь хүний санамсар болгоомжгүй үйлдлээс болж гарсан бол.
 
Дархан цаазат Богд ууланд байсхийгээд л их бага хэмжээгээр түймрийн гал улалзаж, хар модны гашуун хар утаа хоолой ам хорсгодог байдал энэ жил ч давтагдав. Гэм буруутай этгээд нь мэдээж самар хийгээд халиар түүгчид. Булган, Сэлэнгэ, Хөвсгөлийн уулархаг нутагт гарсан түймэр ч тэднээс үүдэлтэй. Самарчид эдүгээ ч уулнаас буугаагүй, самраа түүсэн хэвээр. Аягүй бол шинэ самартай залгах биз. Тэднийг байсхийгээд уулнаас албан хучээр буулгах авч маргааш өглөө нь хөнжил, гудсаа үүрсэн самарчид хүний хөл хүрэхгүй, цагдаагийн машин явж чадахгүй аглаг тайгыг зорьж оддог. Амьдрал ядуугийн гай хэмээн тэднийг өршөөж болох ч эх орноо түймэрдсэн самарчдыг өршөөж үл болно.
 
Хэдхэн өдрийн дараа сонгууль өндөрлөн, ялагдсан, ялсан улс төрийн хүчнүүд баярлах нь баярлаж, ялагдсан нь гунигаа тайлж байна гээд хаа нэг тийш архидахаар одох нь мэдээж. Үүнтэй зэрэгцээд аймаг, сумын наадам эхэлнэ. Улсын их баяр наадам ч залгана. Монголчууд намрын эхэн сарыг найрлаж өнгөрөөдөг заншлаараа нутаг ус, ижий аав гээд байгалийн үзэсгэлэнт газрыг зорих нь бий. Бас нэг хэсэг нь аялж таарна. Шулуухан хэлэхэд, та бид бүтэн сарын турш наргиж цэнгэнэ. Тийн аялахдаа нэг л зүйлийг анхаарна уу гэх байна. Тодруулж хэлбэл, та амарч зугаалахдаа байгаль орчинд эхийн сэтгэлээр хандаач гэх гэсэн юм. Авдар авдраар ачиж явсан хоол хүнснийхээ сав суулгыг буцаагаад машиндаа яагаад ачиж болохгүй гэж. Уугаад хаясан шар айраг, ундаа, сокны шил хуурайшилттай үед түймэр болдгийг мэдэх үү. Ингэж хэлэхээр гайхах нэгэн таарч мэдэх л юм. Та бид хүүхэд байхдаа физикийн хичээлд үзсэнээ туршин нарны туяа ашиглан шилний хагархайгаар хуурай өвс ноцоодог байснаа санаж байна уу. Томруулдаг шилээр л гал гаргадаг бус уу гэж бүү эгдүүцээрэй. Шил бол шил шүү дээ. Гуу жалга, ойн цоорхой, голын эрэг дагуу хэдэн арваар нь хаяж орхисон архи, шар айраг, компот, сокны шил их үдийн наранд халахдаа дээр дурдсанчлан ойн түймэр гарах нөхцөл болдог байна. Ядаж байх нь ээ, энэ зун хур бороо ховор, хуурайшилт ихтэй байдаг. Ийм нөхцөлд ой хээрийн түймэр гарах магадлал хамгийн өндөр.
 
Байгаль дэлхий ангаж цанган хуурайшиж хатаж буй энэ цагт амралт зугаалгаар явахдаа уусан ундаа, амссан сархдынхаа шилийг аваад явах сэтгэлтэй байгаарай. Мөн дүрсгүй бяцхан үрсдээ энд тэнд, модны дор хаяж орхисон архины шилийг хагалж зугаацахгүй байхыг сануулах ч илүүдэхгүй биз.
 
Нийслэлийн иргэдийн явган аялал хийдэг хамгийн ойрын маршрут нь Богд Дүнжингарав. Даанч "алтыг нь аваад авдрыг нь хаях” атгаг хорон санаа хүний үрээс л гарах юм даа. Амьдарч буй орчноо аятай таатай байлгаж чадаагүйгээсээ болоод "боож үхэх”-дээ тулсан Улаанбаатарчууд хүчилтөрөгч хайж, хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөх нь холгүй уул өөд мацаж байгаагаа маргаж мэлзэж чадахгүй биз. Ингэхдээ зүгээр явж чадахгүй уулын зам, ойн жим дагуулаад уусан ундааны сав, амссан сархдын шилээ хээв нэг шидэж байгаа харагддаг. Уг нь хэдхэн алхмын цаана байх хогийн сав руу түүнийгээ хийчихэд л болох юм. Сүүлийн үед "Би байгальд хог хаядаггүй” ч гэх балай балай чэйлэнж хийх болсон байна лээ. Хамгийн гол нь үг, үйлдэл хоёр чинь яв цав таардаг, зөв хүн байгаасай, залуус аа.
 
Үүнээс гадна уул ус тахих нэрээр лус савдаг хилэгнүүлдэг лам, бөө гэх мэт нөхдүүдэд зориудаар сануулах хэрэгтэй юм байна. Сан тавьж, арц уугиулахдаа анхаарал болгоомжтой байгаарай. Өнгөрсөн хавар, зуны заагаар гарсан түймрийн нэг нь иймэрхүү явдлаас улбаатай байсан шүү.

Монголын мэдээ
Г.Ганчимэг

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen