“ӨНДӨР ДЭНЖ”-ИЙГ ӨӨРЧИЛЬЕ
"Азийн цагаан дагина”, азгүй монголчуудын нийслэл, алтан дээр сандайлсан гуйлгачингуудын хот гэхчлэн Улаанбаатар минь гадныхнаас олон цол гуншин авчээ. Өнөөгийн жуулчид харин "Өмхий хот” гэцгээх болсоор удав. Салхин дээр нь байгаа хамгийн өндөрлөг хэсэг Гандангийн дэнж, тэр хавийн гэр хороолол агаар, хөрс, усны бохирдлоор улсдаа тэргүүлж байхад түүгээр нь амьсгалж байгаа их хот өмхий байхаас өөр яах билээ. Сүсэгтэн олны зорьж очдог Монголын Бурханы шашны төв Гандантэгчинлэн хийд тэнд оршдог атал ойр орчмын айлууд нь угаадсаа гудамж руугаа цацчихдаг. Хогоо гудамжиндаа гаргаад хаячихна. Олон жил хашаагаа тойруулж жорлон, муу усны нүх гаргасаар газар нь идэгдсэн учраас гэртээ хувинд бие засаад булан, тохойд асгачихдагаас "Бөмбөгөр” худалдааны төвийн арын үерийн шугам бохироор урсч, заримдаа хог, хаягдлаар дүүрчихдэг. Буяны газар ийнхүү бузрын талбар л болж хувирсан. Гандантэгчинлэн хийд өөрөө түүхийн ховор дурсгалд тооцогддог учраас сүсэгтнүүдээс гадна жуулчид ихээхэн зорьж очдог ч сэжиг, цээр хүрэм байдлаас болж одоо жийрхэх нь л илүү болжээ.
Гандан орчмыг цэгцэлье, түүхийн дурсгал бүхий цогцолбор байдлаар хөгжүүлье, аялал жуулчлалын төв болгоё, эсвэл түүхийн дурсгал-орчин үеийн барилга хосолсон байдлаар бүтээн байгуулалт хийе гэхчлэн олон санал, санаачилга гарч байв. "Гудамж” төсөл эхлүүлж, гэр хорооллын дахин төлөвлөлтийг олон удаа ярьсан ч ажил хэрэг болоогүй. Сүүлийн үед нэг загварын амины орон сууц бүхий хороолол болгоё гэх болсон. Ингэхдээ шашин соёлын төв гэх уламжлалыг хадгалж, гурван давхар бүхий есөн метрээс дээш барилга барихгүй гэх шийдвэрт хүрлээ гэлцэж байсан ч удалгүй чимээгүй болсон.
Ер нь бол Гандан орчмыг өөрчлөх цаг болсон гэж оршин суугчдаас өгсүүлээд нийслэлийн үе үеийн удирдлага, Баянгол дүүргээс Их хуралд нэр дэвшсэн, сонгогдсон бүх түшээд ярьдаг. Одоо ч ярьж байгаа. Хэвлэлүүд бол Ганданг тойрсон ил, далд бүх асуудлыг дэлгэж тавьсан. Хөрс, ус,агаарын бохирдол, орчны аюулгүй байдал хэрээс хэтэрлээ. Эрүүл аюулгүй амьдрах баталгаа алга боллоо. Нийт 55 га талбайг хамардаг Гандангийн дэнжийн гэр хорооллын 31 гудамжны 857 хашаанд 1857 өрх оршин сууж, 65 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг атал иргэдийн нийгмийн асуудлыг шийдсэн өрхийн эмнэлэг, цэцэрлэг, сургууль барьсангүй. Эсрэгээрээ нийтийн түрээсийн байр, дэн буудал олширч, түүнийг дагасан гэмт хэрэг, хулгай, биеэ үнэлэлт газар авлаа гэсэн мэдээллүүд өнөөдөр ч он дарааллаараа цагаан дээр хараар бичээстэй баримт болоод байж байна. Гэсэн ч сэдэв хуучирсангүй, орчин нь ч өөрчлөгдсөнгүй. Өнгөрсөн жил АСЕМ-ын далбаан дор, өмхий хотоо өөрчилье, Гандангийн гэр хорооллын асуудлыг нэг тийш болгооч гэсэн хүсэлт, шаардлагыг олон нийтээс, тэнд амьдардаг иргэдийн зүгээс тавьсан ч ажил хэрэг болоогүй. Бас нэг бэрхшээл нь тулгамдсан асуудлыг нь ярихаар Гандан орчмын гэр хорооллын үндсэн иргэдийн олонх нь олдоггүй. Хашаа, байшингаа түрээслэчихээд яваад өгчихсөн, орлого олж байгаа атлаа дүүрэгтээ татвар төлдөггүй, эргэх холбоо байдаггүй. Тэгсэн хэрнээ дахин төлөвлөлтийн асуудал ярихаар гэнэт гарч ирээд хашааны газраа дааж давшгүй их мөнгөөр зарна гээд тулгачихдаг гэдгийг холбогдох албаныхан хэлдэг. Төрийн зүгээс ч бас амлачихаад шийддэггүй, хэрэгжүүлдэггүй зүйл байна. Тухайлбал, өнгөрсөн өвөл гэр хорооллын шөнийн цахилгааны тарифыг тэглэж, утааг бууруулах Засгийн газрын амлалт нийслэлийн захын хороололд ч, "А” зэрэглэлийн бүс болох Гандангийн орчим огт хэрэгжээгүй. Ядаж цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээнд холбоод дэд бүтцийг сайжруулбал аж ахуйн нэгжүүдэд газраа зарах юм уу, ашиглах боломжтойг иргэд ярьж байна. Нийслэлийг өмхийрүүлсэн "Өндөр дэнж” өөрчлөгдөх болов уу? Энэ талаар сурвалжиллаа.
ГАНДАНГИЙН НЭГ ГУДАМЖИНД 12, НИЙТДЭЭ 60-70 НИЙТИЙН БАЙР БАЙНА
Урин дулааны улирал эхэлснийг хэлэх үү, Гандангийн дэнж өмхий ханхалж, амьсгалахад тун хэцүү болжээ. Хоёр жилийн өмнө сурвалжлахдаа "Жорлон ухах газаргүй болсон Ганданд 60-70 нийтийн түрээсийн байр байна. Зөвхөн нэг гудамжинд 12 нийтийн байр барьжээ. Цаашид битгий нэмж бариулаач” гэсэн сэдвийг хөндөн бичиж байсан бол эсрэгээрээ хэрэгжжээ. Гудамж, булан тохой бүрт нийтийн байр барьсан харагдана. Нааштай юм нь хүүхдийн цэцэрлэг шинээр барихаар ажил эхэлсэн харагдана. 740 м/кв газарт 120 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барьж байгаа, 1-2 давхрыг бариад хөрөнгө оруулалт зогсоод байгаа гэж уулзсан хүмүүс ярьж байна. Олон хүн "Орчноо өөрчлөхгүй бол болохоо байлаа. Төр байна уу, хараач, бурхан байдаг бол авраач” гэмээр байна. Хэлье, хандая гэвч "Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэгч боллоо. Яг Гандан орчмыг хариуцсан Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Засаг дарга дөрвөн удаа солигдсон. Засаг, төр тогтворгүй. Дүүргийн Засаг даргын албыг АН залгуулж, Их хуралд МАН-ынхан суусан. Хоёр тийшээ харсан намуудыг дагаж иргэд ч бас талцах юм. Эцэст нь өөрсдөө санаачилга гаргаж, хөдлөхгүй бол болохгүй гээд хөдөлгөөнд орж байна. Иргэд хоорондоо ярилцаж, айл өрхүүд зөвшилцөж "Амьдрах орчноо сайжруулъя” хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн гэлцэж байна. Хөдөлгөөнд хүмүүс идэвхтэй нэгдэж гарын үсэг цуглуулж хотын удирдлагууд, Гэр хорооллын дэд бүтцийн газар, Баянгол дүүргээс УИХ-д сонгогдсон Д.Лүндээжанцан, Ж.Ганбаатар, А.Ундраа нарын гишүүдэд албан бичиг өгөх гэж байгаа гэцгээв.
АМЬДРАХ ОРЧНОО САЙЖРУУЛЪЯ” ХӨДӨЛГӨӨНД 50 ӨРХ НЭГДЖЭЭ
Баянгол дүүргийн иргэн, Амьдрах орчноо сайжруулъя хөдөлгөөний идэвхтэй гишүүдийн нэг А.Алтантуяатай уулзав. Тэрээр"Би амьдрах орчноо сайжруулъя, Гандангийн уугуул иргэд, оршин суугчдын эрхийг хамгаалъя гэж сүүлийн хэдэн жил тасралтгүй хөөцөлдөж явна. Дунд нь эрүүл мэндийн шалтгаанаар жаахан завсарласан байх. Энэ хавар 16 дугаар хороо, Гандангийн зүүн тал буюу Туулын-12 гудамжныхаа нийт иргэд, айл өрхүүдтэй уулзаж зөндөө явлаа. Ихэнх нь өндөр настай, ийш тийш гарч явж ажил хөөцөлдөх чадваргүй бие муутай хүмүүс байна. Тэд намайг энэ асуудлыг тууштай хөөцөлдөөд өгөөрэй гэж захиад сууцгааж байна. Хогондоо дарагдаж, бохиртойгоо холилдсон энэ орчинд иргэдийн эрүүл, мэнд, аюулгүй амьдрах эрх зөрчигдөж байна. Би үндэсний хувцас үйлдвэрлэлийн чиглэлээр компани ажиллуулдаг. Орчноо өөрийн чадлаар хөгжүүлж ирсэн. Өөрөө сайхан байвал бусад сайхан болно гэж мөн ч их зүтгэж байна. Нэг айл 60 мянгаар хашаагаа түрээслээд алга болдог. Түрээсээ дөнгөж төлдөг атлаа архи ууж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид бас байна. Ямар байх нь хамаагүй, түрээсээ л төлж байвал боллоо гэж чих амар байж боломгүй санагдах юм. Иргэдийн саналыг нэгтгээд хотын удирдлагууд, Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газарт өгсөн. Удирдлагууд нь нааштай зүйл ярьж, хэлж хүлээж авч байгаа. Юм хийх байх гэж итгэж харж байна” гэв.
Гэр хорооллын дэд бүтцийн газар: ГАНДАНГИЙН ДЭНЖИЙГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС БОЛГОЖ ХӨГЖҮҮЛНЭ
Иргэдийн санал, санаачилга, дээр нь хот төлөвлөлт, дэд бүтцийн уялдаа, холбоо ямар байгааг сонирхож, Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газраас ямар бодлого барьж байгааг тодруулав. Тэд "Гандангийн дэнжийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхийг зорьж байна. Жуулчид автобустайгаа Гандангийн төв хаалган дээр буугаад, буцахдаа баруун талаас нь буюу "Модны-2” талын хаалганаас унаандаа суудаг байхаар төлөвлөж байх гэхчлэн зохицуулалт хийнэ. Гандан орчмын дахин төлөвлөлтөд зориулж гурван гудамжийг чөлөөлнө. Сонгогдсон талбайд 68 айл амьдарч байгаагаас 20 шахмыг нь 100 айл дахь түр сууцанд шилжүүлсэн. Бусад айлтай тохиролцож байгаа. Газраа чөлөөлж дуусвал шугам сүлжээний ажилдаа орж, 2018 оны эцсээр эхний барилгуудыг ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн. Шугам сүлжээ, өргөн гудамж, худалдааны барилгын суурийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийх бол иргэдийн орох орон сууцыг олон талын хөрөнгө оруулалтаар хийнэ. Газраа чөлөөлсөн иргэд тохиролцсон талбайтай байрандаа ямар нэгэн нэмэлт төлбөр төлөхгүйгээр орно” гэсэн мэдээллийг өглөө.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Ч.Зотол