ДАРХАН-УУЛ АЙМГИЙН СҮМ ХИЙДҮҮДИЙН ТҮҮХ /цуврал-04/
Би энэхүү нийтлэлдээ Дархан-Уул аймгийн сүм хийдүүдийн тоог тодорхой болгож, ангилал хийж нэгтгэхийг зорьсон болно. Судалгаанаас харахад одоогийн Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт нийт 9 сүм хийд байснаас 7 сүм буюу дуган, 2 нь хийд байсан байна. Үүнийгээ одоо дэлгэрэнгүй тайлбарлая.
ХИЙД
Буддын сүм хийд гэдгийг ерөнхийлөн нэгтгэж ойлговол хувраг шавь нарын оршин суух барилгыг зааж тайлбарладаг. Харин хийд гэсэн тусгай ойлголтыг судлаачид тайлбарлахдаа томоохон хүрээнд байх хэд хэдэн сүм дуган бүхий тусгай хэсгийг хэлнэ гэж тайлбарладаг билээ. Тэгвэл Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт Гэцогдаржаалан хийд, Шарийн хийд гэсэн түүхт 2 хийд байна.
1. Гэцогдаржаалан хийд
1778 онд Хараа голын Дүрс нарсны хойд Суварган толгойн өвөрт байгуулагдсан юм. Харин 1898 онд Дара эх ламийн III /II/ дүр Өндөр Найдаг уулруу нүүлгэн шилжүүлсэн /Сэлэнгэ аймгийн Сайхан сум/ байна. Гэцогдаржаалан хийд Цогчин, Дүйнхэрийн дугануудтай, Мамба, Жүд, Цанид дацантай, Цэцэглэн, Сангай, Зоогоо, Дондивлон гэсэн дөрвөн аймагтай байлаа.Гэвч 1930-аад оны сүүлээр сүйдсэн байна. Одоо энэ хийдийн туурь Найдаг уулын өвөрт байсаар байна.Харин 1990 оны 06 сарын 30 буюу цагаан морин жилийн зуны дунд сарын шинийн 8-ны дүйчин өдөр З.Хашхүүгийн санаачилгаар, 11 ламтайгаар "Цогчин" хурж, Гэцогдаржаалан хийдийг сэргээсэн байдаг.Гэцогдаржаалан хийдийн гол шүтээн нь Дара Эх бурхан юм.Газар зүйн байршил нь Хойд: N 49˚29. 202, Зүүн: E 105˚ 56. 279 оршдог билээ.
2. Шарын хийд
Шарын голын хийд нь 1704 онд Санжитын /Хургадын/ голын зүүн хойд эрэг, Шарын голын бэлчирт Их шавийн харьяанд байгуулагдсан. Хийд нь 5 сүмтэй, 4 суврагтай, Жүд хэмээх ганц дацантай, 48 ламтай байсан байна. Мөн 1930-аад оны сүүлээр сүйдэж устсан байдаг ба хийдийн туурь одоогийн Дархан-уул аймгийн төвөөс 90 км, Шарын гол сумын төвөөс 30 км-т байдаг. Энэ хийдийг сэргээх санаачилгыг ловон лам Ё.Дашдорж гаргаж,2008 он намрын дунд сарын шинийн 17 нд шаваа тавьж, 2009 оны 09 сарын 7-ноос эхэлж үйл ажиллагаагаа эхэлсэн байдаг.Газар зүйн байршил нь Хойд: N 49˚ 11. 829, Зүүн: E 106˚ 36. 508 оршдог билээ.
СҮМ ДУГАН БУЮУ ХУРАЛ
Сүм бол бурхны шашны лам хуврагуудын ном хурах бясалгал хийх газар бөгөөд олны хүрээлэн, бурхны гэр гэсэн утгатай санскрит үг юм.Гэвч монгол хэлэнд сүм дуган хэмээн хоршин нэрлэдэг. Сүм дуган бол гол төлөв хурал ном хурах газар боловч бурханы сүм дуган, тахилын сүм, шарилын сүм, маанийн дуган, ярнайн дуган, "догшдын дуган", шарилын дуган гэх мэт олон янзын зориулалттай дуган байжээ. Ярнай гэдэг нь зуны суудал гэсэн утгатай үг бөгөөд Энэтхэгийн бурханы шашны лам нар аагим халуунд хаашаа ч явахгүйгээр тусгай сүмд сууж гурван сар ном бясалгахыг хэлдэг. Шагимунийн үеэс үүссэн энэ ёсыг шарын шашны лам нар дагаж жил бүр зуны адаг сарын 15-наас намрын дунд сарын шинийн нэгэн хүртэл 45 хоног ярнайд сууж хурал хурдаг байжээ. Ярнайн гол уншлага нь арван зургаан ахуйн шүтээн ба Намсрай байв. Ярнайд сууж буй лам нар улаан цав мах, тос зооглож болдог байжээ.
Сүм буюу хуралд гол төлөв зуны цагаар Эрдэнэ вангийн хошууныГэцогдаржаалан хийд, Шарын хийд, Амарбаясгалант хийдийн лам нар болон зэргэлдээх хошууны лам хуврагууд ирж хуйтан /ярнай/ үйлддэг байв.
1.Өрмөгтэйн өртөөний хурал
Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу, одоогийн Дархан-Уул аймгийн нутаг Шарын голын эрэг Аргалын голын зүүн захад Өрмөгтэйн Хайрхан уулын өвөрт оршиж байв.Газар зүйн байршил нь Хойд: N 49˚ 20. 639, Зүүн: E 106˚ 18. 258 оршдог билээ.
2.Тогоотын хурал
Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу, одоогийн Дархан-Уул аймгийн Орхон сумаас 8 км-т оршихБат-Өлзийт, Мөнгөт уулсын зүүн талд Хөшөөт Адуун чулуут хэмээх газрын ойролцоо 20 гаруй ламтай хурлын дуган байсан.Газар зүйн байршил нь Хойд: N 49˚ 45. 282, Зүүн: E 096˚ 30. 089 оршдог билээ.
3.Тайн өртөөний хурал
Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу, одоогийн Дархан-Уул аймгаас 27 км-т Хонгор сумын нутаг Зулзагын гол хэмээх газар байжээ. Түүхэн газрын хойд талд Хуврагийн овоо, урд болон зүүнтэй нь Хар чулуут. баруунтай нь Орвон хад хэмээх газрууд бий.Газар зүйн байршил нь Хойд: N 49˚ 31. 972, Зүүн: E 106˚ 16. 149 оршдог билээ.
4.Мухарын хурал
Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу, одоогийн Дархан-Уул аймгийн төвөөс 60 км-т Хонгор сумын төвөөс зүүн хойш 40-өөд км-т энэхүү цагийн хурлын дуган оршиж байжээ. Туурийн урд талд Мухарын хөндий, хойно нь Хустын ам хэмээх газрууд байдаг. Цагийн хурал 15-16 ламтай байжээ. Энд том Жамсран гэлэн, Гунгаа зэрэг хуврагууд суудаг байжээ.Газар зүйн байршил нь Хойд: N 49˚ 27. 753, Зүүн: E 106˚ 27. 749 оршдог билээ.
5.Хүйтний Зодын хурал
Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу, одоогийн Дархан-Уул аймгийн төвөөс 70 км-т Хонгор сумын Хавцалын хөндий хэмээх гаэарт Зодын хурал оршиж байжээ. Түүхэн газрын ойролцоо Мөөл уул, Хүүхдийн Овоо зэрэг тахилгат уулс байна. Энэхүү дуганыг гэлэнгийн дуган гэж нэрлэх нь бий. Энэ хуралд Дамарт лам, Ногоон лам тэргүүтэй 10 гаруй шавилан суугч ламтай байжээ.Газар зүйн байршил нь Хойд: N 49˚ 27. 276, Зүүн: E 106˚ 28. 770 оршдог билээ.
6.Цайдам багийн хурал
Түшээт хан аймгийнЭрдэнэ вангийн хошуу, одоогийн Дархан-Уул аймгийн төвөөс 32 км, Хонгор сумын төвөөс 8 км-т энэ хурал оршиж байжээ. 1938 он хүртэл 6 ламтай цагийн хурал шашин номынхоо зан үйлийг үргэлжлүүлж байв.Газар зүйн байршил нь Хойд: N 49˚ 17. 701, Зүүн: E 105˚ 18. 604 оршдог билээ.
7.Хүйтэний хурал
Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу одоогийн Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт Хүйтэний дуганыг Хүйтэний голын хойд эрэгт Ар Мөнхтойн амыгчиглүүлэн Баяны хурлыг тосож барьсан гэдэг. Дуганы урд гурван км-т орших Мөөл уулыг тахидаг байжээ. 1930-аад оны сүүлчээр Хүйтэний дуганы хамба лам Халзан хэмээх Жамсранжав байв. Энэ хурал нь нэг дүнзэн дугантай байжээ.Газар зүйн байршил нь Хойд: N 49˚ 28. 600, Зүүн: E 106˚ 39. 671 оршдог билээ.
Ашигласан номнууд:
-Д.Зүмбэрэллхам нар. Монголын сүм хийдүүдийн түүхэн товчоон. УБ. 2009 он
-Г.Диваасамбуу. Хүрээ хийд байгуулагдсан он дарааллын бичиг. УБ. 2007 он
Г.Эрхэмбаяр /Түүхийн докторант/
ИДЭР дээд сургууль