Соёлын өв, аялал, жуулчлал, орон нутгийг бэхжүүлэх төслийг эцэслэн хэлэлцлээ

Соёлын өв, аялал, жуулчлал, орон нутгийг бэхжүүлэх төслийг эцэслэн хэлэлцлээ

 

Улаанбаатар хотын гэр хорооллын соёлын өв, аялал, жуулчлал, орон нутгийг бэхжүүлэх төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийн судалгаа” семинарыг өнөөдөр эцэслэн хэлэлцлээ. Эцсийн тайлангийн төслийн семинарт нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр болон нийслэлийн харьяа агентлагуудын удирдлага, холбогдох яам, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо. Семинарыг нээж нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Азийн хотуудын хөгжлийн санаачлага байгууллагыг төлөөлж ноён Брайн Капати нар үг хэллээ. Нийслэлийн Засаг даргын орлогч нээж хэлсэн үгэндээ "Азийн хотуудын хөгжлийн санаачлага (АХХС) байгууллагын техник туслалцаагаар хэрэгжүүлсэн "Улаанбаатар хотын гэр хорооллын соёлын өв, аялал жуулчлал, орон нутгийг бэхжүүлэх төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэлийн судалгаа”-ны эцсийн тайлангийн семинарт хүрэлцэн ирсэнд баярлалаа.

Тус судалгааг 2016 оны зургаадугаар сараас эхлэн олон улсын болон дотоодын мэргэжилтнүүдээс бүрдсэн баг гүйцэтгэж, өнгөрсөн хугацаанд явцын тайлангийн семинарыг хоёр удаа зохион байгуулан, та бүгдийн саналыг тусгаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ. Техник туслалцаа нь Улаанбаатар хотын гэр хорооллууд дахь хамгаалан сэргээж болохуйц соёлын өвүүдийг тодорхойлох, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх нөхцөл боломжийг судлах зорилготой юм. Санал болгож буй төслийн хүрээнд Улаанбаатар хотын хувьд ач холбогдол бүхий хэд хэдэн соёлын өв, дурсгалыг хамгаалах ажлын зэрэгцээ тэдгээрийн ойр орчмын гэр хорооллыг хөгжүүлэх ажлыг хамтад нь авч үзэж байгаагаараа онцлогтой. Энэ аргачлалын хувьд хотынхоо түүхийг иргэдэд хүргэхийн зэрэгцээ хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар гэр хорооллын бүсэд аялал жуулчлал болон эдийн засгийн боломжийг бий болгоно гэдгээрээ чухал юм. Энэхүү ТЭЗҮ-ийн урьдчилсан судалгааг гүйцэтгэсэн "Ай Пи Ий Глобал” компанийн ажилтнууд, төслийн зөвлөхүүдэд талархал илэрхийлье. Азийн Хотуудын Хөгжлийн Санаачлага байгууллагын гол үүсгэн байгуулагч болох Азийн хөгжлийн банкинд талархал илэрхийлье. Төслийн ТЭЗҮ-ийн судалгаа гүйцэтгэх, төслийг хэрэгжүүлэх санхүүжилт босгоход Азийн хөгжлийн банк болон бусад хөгжлийн санхүүжилтийн түнш байгууллагууд цаашид хамтран ажиллана гэдэгт итгэж байна” хэмээв. 

Төслийн оролцогч талуудтай хийсэн уулзалт болон техникийн дүн шинжилгээний үр дүнд дараах 5 багц дэд төслийг тодорхойлон хэрэгжүүлэхээр болжээ. Үүнд,

-Ботаникийн цэцэрлэгээс Дарь эхийн сүм хүртэлх корридор

-Гандантэгчинлэн хийд, гэр хорооллыг шинэчлэн зохион байгуулах, Гэсэр сүм, Тасганы овоо

-Дамбадаржаалин хийдийн цогцолбор ба орон нутгийг хөгжүүлэх

-Хамбын овоо, Гүнжийн нүдэн нуур, тоосгоны үйлдвэр

-Баянхошуу хийд, түүний орчмын газар хамрагдсан байна.

Эдгээр 5 байршлын 3-т нь хуучны түүхт сүм хийд болон эргэн тойрны орчинг хотжилтын цогц хүрээнд сайжруулалт хийх бөгөөд төслүүдийн орчмын гэр хороололд суурь дэд бүтцийн хангамжийг сайжруулахын зэрэгцээ Улаанбаатар хотын аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах чиглэлээр Засгийн газар болон олон нийтийн зүгээс тавьж буй зорилт хүчин чармайлттай бүрэн уялдааг бий болгоно гэж холбогдох албаныхан хэлсэн юм.


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen