ЭНЭТХЭГИЙН НЭГ ТЭРБУМ МОНГОЛ МӨРӨӨДЛИЙГ БИЕЛҮҮЛЭХ ҮҮ
Улсын хэмжээнд жилд 1,2 тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэдэг. Гэхдээ энэ хэрэглээг гаднынхан хангадаг. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр манай улс газрын тосны бүтээгдэхүүний 332 сая тонн баталгаат нөөцтэй гэж гарсан. Иймээс монголчууд бид нефть боловсруулах үйлдвэртэй болох мөрөөдөлтэй. Монгол мөрөөдөл. Мөрөөдлөө биелүүлэх тухай олон жил ярьсан. Олон ч удаа боловсруулах үйлдвэрийн "шав тавьсан”. Рашаант өртөө, Налайх, Сайншандад нефть боловсруулах үйлдвэрийн шав тавьсан. Дараа нь 2012 онд Япон улсын Засгийн газрын санхүүжилтээр Дархан-Уул аймагт барихаар төлөвлөөд байсан нефть боловсруулах үйлдвэрийг барьж байгуулахад бэлэн болоод байгааг тухайн үеийн эрх баригчид дуулгаж байв.
Бүр тодруулбал хоногт 44 мянган баррель газрын тос боловсруулах хүчин чадалтай байхаар төлөвлөсөн уг үйлдвэрийг энэ онд барьж, гурван жилийн дотор багтаан ашиглалтад оруулахаар хоёр тал тохиролцсон. Үүнд Япон улсын Засгийн газраас 600 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон тухай албан эх сурвалжууд мэдээлж байв. Иймээс АН-ынхны Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор жилд хоёр сая тн газрын тос боловсруулах хүчин чадалтай, төрийн өмчийн оролцоотой үйлдвэрийг 2015 онд багтаан барьж дуусгах төлөвлөгөө биелэх нь хэмээн итгэж байв. Гэвч үлгэрт төгсгөл байсангүй. Өнөөдрийг хүртэл хойт хөршөөс хараат хэвээр. Хэрэв Орос ах нар маань ашиг сонирхлынхоо шахаанд нэг өглөө цоргоо хаачихад Монголд амьдрал тэр чигтээ зогсоно. Манай импортлогч нар үнэн ярьдаг бол Орос ах нар байсхийгээд л нийлүүлэх үнээ нэмчихдэг гэж байгаа. Эцэст өмнөх Засгийн газар үнэ тогтворжуулах нэрийн дор нефть импортлогч нарт "мөнгө тарааж”, газрын тосны татварын үнийг хэд хэчнээн ч удаа хөнгөлж чөлөөлсөн тогтоол гаргасан.
Одоогоор 20 жилийн тэртээ Дорнодын Тамсагт нефть олгойдож, анхны Ерөнхийлөгч торгон дээлийнхээ энгэрийг тосоор мялаахад монголчууд Ардчилсан хувьсгал ялснаас илүүтэй баярлаж байсан байх. Урд хөршийн хэрэгцээнд зориулагддаг. Бензин шатахуун яаж ч бодсон стратегийн маш чухал бүтээгдэхүүн. Тэгэхээр улс орны аюулгүй байдлын нэг баталгаа болно гэсэн үг.
Тэгвэл оны өмнөөс эхлэн Энэтхэгийн Экспорт-Импорт банк хоорондын 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд "Газрын тос боловсруулах үйлдвэр барих”-аар ярьж эхлээд байгаа. Үүнийг өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат баталгаажуулаад иржээ. Тэрбээр энэ сарын 2-нд Бүгд найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модитой уулзаж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон юм. Энэ үеэр Монгол Улсад олгож буй 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг Монгол Улсын Засгийн газар зарцуулалтыг өөрчилж дэд бүтцийн олон салбарт зарцуулах төлөвлөгөөтэй байгаагаа Нарендра Модид дуулгаж, дэмжлэг хүлээсэн байна.
Ингэснээр Энэтхэг Улсын зээлээр жилд 1.5 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтай бөгөөд үйлдвэрийн түүхий эдийг дотоодоос бүрэн хангах бололцоотой бүхий үйлдвэрийн хар зураг гараад байна.
П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн