ТӨРИЙН БОСГО Х.БАТТУЛГАД ДЭНДҮҮ ӨНДӨРДӨХ ЮМ БАЙНА
-Төрийн босгыг намсгах гэж АН Х.Баттулгыг нэр дэвшүүлж байхад МАН өндөрсгөх гэж Ж.Батсуурийг сайдыг огцруулж хариуцлага тооцлоо-
Төрийн босго Х.Баттулгад дэндүү өндөрдөх юм байна гэсэн бодол "Улаан тарианы хүүхдүүд” нэртэй уран сайхны нэвтрүүлгийг үзсэн олон хүнд төрсөн байх аа. Х.Баттулгын хөрөнгө оруулалттай "С1” телевизийн эфирээр цацагдсан "200 монгол хүний толгойг тасдаад тойрон бүжих ёстой” гэсэн цуст мөргөлдөөнд уриалсан агуулгатай энэ нэвтрүүлэг хөдөлмөрийн баатар Р.Раш гуайн хэдэн жилийн өмнө хэлж байсан үгийг ч давхар санагдуулав. Тэгэхэд тэрбээр "Монгол төрийн босго намхан, хаалга савлууртай болжээ” хэмээн анхааруулж байсан юмдаг. Түүнээс хойш Монгол төрийн босгыг АН улам л намхан болгох гэж хичээж байна даа. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэрийг нь дэвшүүлсэн хүнээс харахад, тэрнийх нь үйлдлийг ажихад АН Монгол төрийн өндөр босгыг огцом намсгах гэж оролджээ.
Х.Баттулгыг бөх болохоор нь буруутгаж байна гэж битгий бодоорой. Үг, үйлдэл нь үргэлж зөрж байгаа учраас л Төрийн өндөр босго түүнд дэндүү өндөрдөх юм байна гэж шуудхан дүгнэсэн хэрэг. Тэр 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн тухай "Бөх хүн Ерөнхийлөгч болно гэж юу байсан юм бэ. Над шиг л бөх хүн шүү дээ...” гэж хэлж байсан удаатай. Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог гэж үг бий дээ. Гэвч түүнд өмнө нь хэлсэн үгнээсээ ичих сэтгэл, эргэн санах ой санамж гэж алга. Харин ч "Улаан тарианы хүүхдүүд” зэрэг уран сайхны ээлжит нэвтрүүлгээ хийлгээд, улсаа бодохгүй өөрөө богино зайны улс төр хийгээд сууж байна. Ерөнхийлөгч болох гэж зүтгэж байгаа хүн улсаа хуваах, хөршөө муулсан нэвтрүүлэг хийлгэх нь яавч зохистой зүйл биш байх.
1. Уг нь Ерөнхийлөгч хэмээх албан тушаал өндөр босготой, өргөн хүрээний асуудал шийдэх хариуцлагатай алба. Төрийн албаны шатлалаар нь бодсон ч Төрийн тэргүүн хамгийн дээр нь байдаг. Тусгай дунд боловсролын хэмжээнд Төрийн тэргүүний босго намсах учир угаасаа байхгүй. Улсын Ерөнхийлөгч байтугай, төрийн жинхэнэ албанд ажилд ороход ч өндөр шалгуур давах шаардлага гардаг гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Хамгийн эхний шалгуур бол дээд боловсрол эзэмшсэнийг батлах диплом л байдаг шүү дээ. Мэдлэг, чадвар, туршлагыг нь тэр диплом нь баталдаг гэсэн үг. Дипломгүйгээсээ болоод төрийн албанд орж, хүссэн ажлаа хийж чадаагүй хүн бишгүй л бий байх. Гэтэл төрийн албыг бүхэлд нь дорд үзэж байгаа юм шиг АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд боловсролгүй хүн нэр дэвшүүлж байгаа нь Монгол төрийн босго тэдэнд дэндүү намхан юм шиг санагдсан хэрэг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгч хэмээх албан тушаалын өмнөх босгыг төрийн албаны хамгийн доод шатны албан тушаалаас ч намхан босготой болгох гэж оролдож байна. Өмнөх зургаан удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд эзэмшсэн боловсрол, эрдэм мэдлэг, нэр хүнд гээд аль ч талаараа олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс нэр дэвшиж байсан. Энэ удаад л харин АН-ынхан "Боловсрол хамаагүй ээ. Хамгийн гол нь хүн байх нь чухал” гэж ярьсаар Х.Баттулгыг нэр дэвшүүлэв. Тэгвэл "Хүн байна” гэдэг нь юу гэсэн үг юм бэ? АН-ынхны яриад байгаа "Хүн шиг байх ёстой” гэсэн шалгуурт нь Х.Баттулга яав цав нийцэж байгаа гэж үү?
Лав л Монгол түмний эв нэгдлийг сахин хамгаалах Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга шиг хаглан бутаргах, дарангуйлал тогтоох, цус урсгах тухай сурталчилгаа хийлгэж байгаа хүнийг "Энэ ёстой хүн байна” гэж хэлэхгүй л байх. Тэр өөрөө дэлгэцээр гараад "Монголын нийгмийг цэвэрлэхийн тулд 200 хүний толгойг тасдаж, монголчууд түүнийгээ тойрон бүжиг хийх хэрэгтэй” гэж амаараа хэлээгүй ч ард нь сууж байсан гэдгийг нийгмээрээ таамаглаж байгаа шүү дээ. Дээр өгүүлсэнчлэн түүний хөрөнгө оруулсан телевизээр цацагдаж, түүнийг тойрон хүрээлдэг хүмүүс "Улаан тарианы хүүхдүүд”-ийн гол дүрийг бүтээсэн нь үүний нотолгоо ч болж болох юм.
2. Монголын улс төрийн голлох хоёр хүчин болох МАН, АН хоёрын асуудалд хандаж байгаа хэлбэр нь ялгаатай ажээ. МАН нь төрийн босгыг өндрөөр нь авч үлдэх гэж хичээдэг, АН нь улам л намхан болгох гэж зүтгэдэг нам юм байна. Х.Баттулгыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн, Ж.Батсуурийг Боловсролын сайдаас огцруулсан хоёроос л энэ бүхнийг харж болж байна. Х.Баттулга бол төмөр замын хэрэгт бууртгагдаж, түүндээ шалгагдаж байгаа эрүүгийн гэмт хэргийн сэжигтэн. Гэвч АН-ынхан ийм хүний толгойг нь илж Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж байхад, Х.Баттулга нь монголчуудын толгой тасдах тухай уран сайхны нэвтрүүлэг хийж л байх юм. Харин МАН-аас нэр дэвшиж сонгогдсон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат салбартаа хариуцлага алдсан сайдынхаа толгойг нь илэхийн оронд хариуцлага тооцох саналыг өөрийн биеэр УИХ-д оруулж шийдүүлж байна. Ажлаа хийж чаддаггүй, албан тушаалдаа хайнга хандсан хүнд МАН хариуцлага тооцож чаддаг гэдгээ ч харууллаа. Нэг ёсондоо төрийн албанд нүүрлэчихээд байсан хариуцлагын зудыг МАН хайлуулж чаддаг гэдгийг Ж.Эрдэнэбат дахин батлав. Дахин гэсэн нь Монголын шинэ үеийн улс төрийн түүхэнд Ж.Эрдэнэбатаас гадна МАН-ын дарга М.Энхболд л Ерөнхий сайд байхдаа кабенитийн гишүүндээ хариуцлага тооцох саналыг УИХ-д оруулж, огцруулж байсан удаатай юм. Харин албан тушаалтай байхдаа улсын мөнгөөр туйлсан хүнийг аргадаж Ерөнхийлөгчид нэр дэвшүүлдэг гэдгээ АН-ынхан харууллаа. Өөрөөр хэлбэл, Монгол төрийн босгыг намсгах гэж АН Х.Баттулгыг нэр дэвшүүлж байхад, МАН өндөрсгөх гэж Ж.Батсуурь сайдыг огцруулж хариуцлага тооцлоо. Энэ хоёрт их хол зөрүү бий шүү.
Х.ТЭРГЭЛ