Хүүхдийг сонсох өдөртэй боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүлдэг Нийслэлийн хүүхдийн төлөө төвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хүүхдийн төлөө зөвлөлийн эхний хуралдаан өнгөрсөн гуравдугаар сард зохион байгуулагдахдаа бүрэлдэхүүнээ шинэчлэн батлан, дүрмээ тогтоож, 2017 оны төлөвлөгөөг боловсруулан гаргаж, нийслэлийн харьяа байгууллагууд, дүүргүүдэд хүүхдийн асуудалд анхаарч ажиллахыг үүрэг болгосон.
Энэ удаагийн хуралдаанаар зөвлөмж үүргийн дагуу хэрхэн ажилласан талаарх мэдээллийг сонсохоос гадна хүүхдийн амралт, чөлөөт цагийн асуудлаар хэлэлцэж тодорхой шийдвэр заавруудыг гаргахаар төлөвлөжээ. Мөн хүүхдийн өмнө ямар асуудлууд тулгарч байгаа талаар Хүүхдийг ивээх сангаас зохион байгуулсан "Өсвөр үеийнхний дуу хоолой” судалгааны дүнг танилцуулав. Уг судалгааг хүүхдүүд гэртээ, сургуульдаа, амьдарч буй нутаг орондоо өөрт нь өдөр тутам нөлөөлж байдаг асуудлаар ямар бодол, сэтгэгдэлтэй байдгийг мэдэх зорилгоор Улаанбаатар хотын 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 6, 8, 10 дугаар ангийн 11-16 насны 1236 сурагчийн дунд явуулсан байна.
Хүүхдийг ивээх сангийн Хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрийн зохицуулагч Э.Цолмон "Хүүхдийн үзэл бодолтой байх, санал бодлоо илэрхийлэх эрх нь бүх орчинд хэрэгжиж байх ёстой. Хүүхдэд нөлөөлөх бүхий л асуудлаар хүүхдийн дуу хоолой, санал бодлыг сонсох, тэрхүү санал бодолд зохих ач холбогдол өгч үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх нь насанд хүрэгчдийн үүрэг, хариуцлага бөгөөд хүүхдүүд эрхээ мэдэж, эрхийн зөрчлийг таньж, мэдэгдэх, цаашилбал хэрхэн шийдвэрлэх талаарх саналаа илэрхийлэх нь ардчилсан нийгэмд байх ёстой энгийн хэвийн соёл юм” гэлээ.
Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий "Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хуралдаанаа өргөтгөсөн хэлбэрээр хийлээ. Хуралд маань Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь захирал Мицуаки Тоёода болон ТББ, судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн төлөөлөл оролцож байгаагаараа онцлог юм. Хүүхдээсээ санал бодлыг нь сонсдог өдөртэй болсноор ганцхан өдөр хүүхдүүдийн дуу хоолойг сонсоод зогсохгүй бөгөөд ер нь тэднийг чиглэсэн хөрөнгө оруулалт хэр үр дүнтэй хүрч байна. Цаашлаад дүүрэг, хороонд хүүхдүүдэд зориулсан халамж, тусламжийн хөрөнгө, санхүү хэр үр ашигтай явагдаж байгааг тодорхойлох боломж бүрдэнэ. Монгол Улсын хүн амын тал хувь нь нийслэлд амьдардаг. Үүний 30 хувь нь буюу 450 мянга гаруй нь хүүхэд. Ингээд харахад бид хүүхдүүддээ илүү анхаарч ажиллах нь хамгийн чухал юм. Хүүхдийн эрх нийгмийн аль ч хэсэгт зөрчигддөг. Эрх нь зөрчигдсөн хүүхдүүдэд эрх, үүргийг нь таниулах, багш сурган хүмүүжүүлэгчдийн дунд сургалт зохион байгуулах зэрэг ажлыг манай байгууллагын зүгээс төлөвлөгөө гарган хийж байна. Мөн 152 хороонд эрсдэлийн программыг ажиллуулж байгаа” хэмээв.
Түүнчлэн бүх орчинд насанд хүрэгчид, шийдвэр гаргагчид хүүхдийг сонсон зөвлөлддөг байвал тэдний төлөө хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа илүү үр дүнтэй болно гэж хүүхдүүд үзэж байна. Судалгааны дүнд үндэслэн хүүхэд бүрийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилгоор Нийслэл, дүүргийн түвшинд хүүхдээ сонсдог өдөртэй болгох тогтоол гаргахаар тогтоолын төслийг танилцууллаа
Уг хуралдааны төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн С.Батболд "Хүүхдээ сонсох өдөр”-ийг бий болгох тухай тогтоолыг батлав. Тогтоолын дагуу жил бүрийн тавдугаар сарын сүүлийн 7 хоногийн лхагва гаригийг "Хүүхдээ сонсох өдөр” болгон тэмдэглэхээр боллоо. Энэ үеэр хотын дарга "Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн 2 дугаар хуралдаанаар жил бүрийн тавдугаар сарын сүүлийн 7 хоногийн лхагва гаригийг "Хүүхдээ сонсох өдөр” болгосныг албаг ёсоор зарлаж байна. Энэ тогтоолын дагуу дүүрэг бүрийн Хүүхдийн зөвлөлийн дарга нарт "Хүүхдээ сонсох өдөр”-тэй болохыг үүрэг болгож байгаа юм. Харин уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын зохион байгуулалтыг нийслэлийн Гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзийд даалгаж байна. Хүүхдээ сонсч, тэдний дуу хоолойг хүндэтгэн гэдэг бидний ажлын үр дүнтэй шууд холбоотой. Хүүхэд рүү чиглэсэн хөрөнгө оруулалт, бодлогын зөв бурууг хүүхдүүд өөрсдөө дүгнэж хэлбэл бид ажлынхаа үр дүнг бодитоор харах болно” хэмээн тогтоолын төслийг танилцуулахдаа онцлов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.