Эх хүний ээжүүдэд хэлсэн захиас
Та нарын заримын мэдэж байгаачлан би ээж хүн бүрийн хамгийн их айж байдаг зүйлийг туулсан. 6-р сарын 2нд би бага хүүгээ аймшигт ослын улмаас алдсан юм. Би дөнгөж шатахуун түгээх газраас гарч байлаа, тэгэхдээ би бүх суудлын бүс бүслэгдсэн байгаа эсэхийг шалгаад гэр лүүгээ уулын замаар явж байв. Манай хүү бүсээ тайлахын тулд бүхнээ хүчилдэг байснаараа алдартай байсан юм. Өөрийгөө Flash байна, Flash бүс зүүдэггүй юм ээжээ гэж хэлнэ. Бид 5 талтай бүс, өндөрсгөгч суудал, тэр байтугай zip tie-аар ч хүртэл үзэж байсан. Гэвч тэр үүнийг тайлах нь үргэлж супер баатарын ажил мэт санадаг байлаа. Тэр зорилгодоо ч ихэнхдээ хүрнэ. Машинтай явах болгондоо би дунджаар 3, 4 удаа машинаа зогсоож түүнийг бүсээ бүслэхийг шаарддаг байсан юм. Бид гэрээсээ дөнгөж 5 минутын тэртээ л байхад нэг том чулуу зам дээр өнхөрч гарч ирсэн юм. Надад гурван сонголт байв: чулууны дээгүүр өнгөрч гарах, өөдөөс ирж буй урсгал руу орох эсвэл гол руу машинаа чиглүүлэх.. Би чулууг сонгосон юм. Тэр маш буруу сонголт болж таарлаа. Мэдээж, миний хүү бүсээ тайлчихсан байв. Ахтайгаа суудлаа солих гээд бүсээ тайлсныг би мэдээгүй байж. Чулуу машины минь тэнхлэгийг цохиж хавцал руу чиглүүлж орхисон юм. Манай 13 хүний суудалтай машин хажуугаараа өнхөрч миний хүү ч тэр дороо алга болчихсон байв. Бидний амьдрал хормын зуур тасдагдсан юм. Миний бахархал болсон бяцхан хүү маань хэдхэн секундын дотор надаас авагдсан. Би 3 тонн жинтэй машиныхаа дотор нааш цааш сэгсрэгдэж байснаа санадаг. Хаа сайгүй цус. Би сэрэх гэж тэмцсэн боловч ухаан алдаж унасан юм. Нэг сэрэхдээ би доошоо харж бүснээсээ дүүжлэгдсэн охиныхоо бүсийг тайлж байв. Тэгээд тэнд байсан 5 хүүхдээ нэг нэгээр гаргах гэж оролдож байсан. Тайтус дээр ирэхэд түүний жижигхэн бие дээр таг суусан машиныг өргөх гэж би байдаг хүчээрээ оролдсон. Миний 8 настай хүү надад туслах гэж оролдож байв. Би хүүгийнхээ зөвхөн доод хагасыг л олж харж чадаж байлаа. Би түүний хэвлийг олоод зөөлнөөр дарж амьсгалуулах гэсэн боловч тэр минь яваад өгсөн байв. Энэ маш хурдан болж өнгөрсөн нь надад нэг бодлын тайтгарал өгдөгийн шалтгаан нь түүнийг зовлонгүйгээр үхсэн гэж итгэх байсан. Тэрний дараа юу болсныг би хагас хугас л санадаг. Би түргэн тусламжийнхныг намайг үрэгдсэн хүүгээ тэврэх хүртэл надад туслахыг хүлээн зөвшөөрөөгүй. Хүүхдүүд минь бүгд түргэнээр аваад эмнэлэгт хүргэгдсэн байв. Би цус их алдсан учир шоконд орж эмнэлэг рүү нисгэгдээд өвчин намдаах хүчтэй эмний нөлөөнд байлаа. 2 хоногийн дараа л би энэ бүгдийг Facebook дээрээс олж харсан. Тэд миний хүүгийн үхлийг цаг агаарын байдал эсвэл шинэ гариг олж нээгдсэнийг мэдээлж байгаа юм шиг л мэдээллэв. Ямар ч архи эсвэл мансууруулах эм хэрэглээгүй гэдэг минь тодорхойлогдсон байсан нь сайн гэж бодож байлаа. Гэвч тэр намайг шархлуулсан гол зүйл байгаагүй. Уншиж байсан хүмүүс миний тухай ямар муу ээж вэ гэж их өвдмөөр зүйлүүдийг бичсэн байсан. Тэд энэ надад тохиолдсон нь болж гэж ярьж байсан. Мөн миний хүүхдүүдийг надаас хүчээр авах хэрэгтэй гэж. Би тэднийг цохиод авахыг, сэгсрэхийг хүсч байлаа. Тэдэнд бид ямар дотно харилцаатай байсан, би түүнийг аюулгүй байлгах гэж ямар их хичээснийг, орой болгон унтахаас өмнө бид өвөрмөц үнсэлттэй, долоо хоног бүрийн McDonalds-ийн цагтай байсан гэдгээ хэлмээр байсан. Би тэдэнд миний хүү үргэлж надтай гэрлэнэ гэж, намайг энэ дэлхийн хамгийн сайн ээж гэж хэлдэг байсныг нүүрэн дээр нь орилмоор санагдсан. Тэр надад легогоор завь хийж өгдөг, миний оронд надтай хамт булбарай гараараа миний гараас атгаад унтдаг байсныг...
Гэвч тэдний хэн нь ч сонсохгүй байсан юм. Би энийг уншиж байгаа бүх ээжүүддээ зориулж бичиж байна. Хүүхдээ чанга тэвэр. Би дэлхий даяар тэгэж л хэлмээр байна.
Би урьд нь байсан тэр хүн биш болсон. Үхэл хагацал хүнийг дотроос нь өөрчилдөг юм байна. Би үгүй болсон хүүгээ замын голд суугаад хашгирч байхдаа Бурханаас надад түүнийг минь буцааж өгөөч гэж гуйж байсан.
Би хүүгийнхээ оршуулгын газрын цаанахан байдаг хавцлаас түүнтэй хамт байхын төлөө үсрэхийг хүсч байлаа.
Би хүүгээ газар доор уусан өнгөрөх ч гэсэн оршуулганд нь зориулж 200 доллараар супер баатрын өмсгөл авч өгсөн.
Би түүний мөс шиг хүйтэн болсон царайных нь бүх хэсгийг харж түүний цогцсыг дахин дахин үнсэж зогсохдоо булбарай ч гэсэн амьгүй гарыг нь атгаж байлаа.
Би түүнтэй дахин ганц ч удаа хамт унтахыг хүссэндээ оршуулган дээр нь хүртэл унтаж байлаа. Би газар шороотой ярьдаг. Түүний Avengers-ийн өмсгөлтэй, хайртай хөнжилөө нөмрөөд хэвтэж байгаа тэр газартай.
Би яг юу хэлэхийг хүсээд байна гэвэл:
-Оройн хоолоо дуусгах нь бидний бодож байгаа шиг тийм ч чухал зүйл биш байж магад. Тэднийг идэж байгааг ажигла. Дургүй зүйлийг нь мэдэж ав. Тэд зайрмаг ч идэж болох юм. Ногоогоо тавган дээрээ үлдээсэн ч яалаа.
-Тэдэнтэй гэр бүл болж тоглож сур, тэдний ертөнцөд ор. Хамтдаа компьютэр тогло. Тэдний үүргэлж ажиллаж байдаг гайхамшигтай сэтгэхүйг нь энхрийл. Тэднийг өөрсдийгөө Captain America эсвэл Elsa байна гэж жинхнээс нь итгүүл. Тэдний оюун бодолд орж үз. Угаах аяга тавагнууд чинь хаашаа ч явахгүй байж л байна.
-Таныг үнсэх үнсэлт бүрийг, тэврэлт бүрийг нь хүлээж ав, хэдийгээр тэд орноос босох шалтаг хайж ч байсан хамаагүй. Тэднийгээ чанга тэвэр.
-Зогсоод хорхой шавьжнуудыг, чулуунуудыг, модны мөчрүүдийг, жаргаж буй нарыг тэдэнтэй хар, ажигла. Яарахаа боль ээжүүдээ.
-Тэдэнд хайртайгаа хэл. Тэгэхдээ тэдний нүд рүү харж байгаад чин сэтгэлээсээ хэл. Тэдэнд өөрсдийн санаа бодлын дагуу төсөөлсөн юунд ч хүрч болно гэдгийг хэлж өг.
Тиймээ, бид тэднийг хүмүүжүүлэх хэрэгтэй, гэвч хайр бол үргэлж хариулт нь юм. Хэрвээ та зарим зүйлүүдийг зүгээр өнгөрөөвөл тэд муу хүн болж өсөхгүй ч байж мэднэ.
Хэзээ ч өөр нэг ээжийг битгий шүү. Бид тэдний түүхийг мэдэхгүй шүү дээ.
Яг одоо очиж хүүхдээ тэвэр. Тэдний үнэрийг өөртөө шингээ, хүүхэд нас томчуудын дунд төөрсөн тэр гэмгүй харцыг хар. Тэднийг таныг тэврэхэд бүх зүйлийг нь мэдэр. Утсаа тавиад тэднийг өөрсдийн нүдээр хар, зөвхөн камерын линзээр биш. Тэдний толгой мөрөн дээр чинь налах тэр мэдрэмжийг үргэлж санаж яв. Гарт чинь атгагдах тэдний гарыг,шүлстэй ч гэсэн хацар дээр чинь үнсэхийг. Тэднийг дахиад нэг удаа бүүвэйл. Нойр бол юу ч биш. Тэднийг Star wars, minecraft, Disney-гийн гүнжнүүдийн талаар ярихыг дахиад тавхан минут ч гэсэн сонс. Хүүхдээ чанга тэвэр ээжүүдээ. Тэр гайхамшигтай, өвөрмөц, үзэсгэлэнтэй бяцхан хүмүүсийг хайрлах эрх олгогдсон та үнэхээр ивээгдсэн нэгэн юм.
Миний зүрхнээс таны зүрхэнд,
Ашли
(Пост болон зургийг Ashley Grimm-ийн Facebook хуудаснаас авсан болно.)